“Хангалттай! Түүнийг одоо бодохоо болимоор байна. Гэхдээ үүрд биш л дээ. Хэсэг хугацаанд л завсарлахгүй бол түүнийг явж буй зам, идэж буй хоол, сонсож буй хөгжим, уншиж буй номтойгоо хүртэл давхар бодоод байх юм. Хэн ч харсан дурлачихсан гэдэг минь мэдэгдээд, ажлынхан, ээж аав хүртэл шоолоод байна. Бодох тусам л тэр улам “төгс” санагдаад, бүхий л зүйлд нь гүн уусан шингэх шиг л болох юм. Түүнийг зогсоо зайгүй бодохоо яаж болих вэ?” гэсэн захидал нэгэн уншигчаас манайд иржээ. Тийм шүү одоо хангалттай! Түүнийг бодохоо больцгооё!
Анхаарлаа өөр зүйлд хандуул
Өөрийгөө хянах хэрэгтэй. Түүнийг үнэхээр явж буй замтайгаа “цуг” бодоод л байгаа бол зогсоход илүү амархан. Зам дээр түүнийг санагдуулахааргүй маш олон зүйл байгаа шүү дээ. Жишээ нь: Өөдөөс чинь алхаж яваа залуу хосыг харж санаа алдаж байхаар цаана алхаж яваа загварлаг охины хувцаслалтыг хараад “Энэ намар юу өмсөх билээ?” гэсэн асуултыг өөртөө тавьж болох юм.
Хоббитой бол
Шинэ хоббитой бол. Юм оёх, зураг зурах гээд л бүхий л оюун санааг чинь нэг зүйлд төвлөрүүлж чадах зүйлсийг сураарай. Мөн спортоор хичээллэх юм бол чи “Юун залуу бодох манатай” л болно шүү. Амьдралыг чинь сонирхолтой болгоод зогсохгүй түүнийг тухай бодлыг чинь сарниулж чадах хамгийн сайхан зүйл. Ялангуяа заримдаа бүсгүйчүүд бид зүгээр л хийх зүйлгүй, хэтэрхий их завтай байгаа болохоороо л нэг хүн дээр хамаг анхаарлаа төвлөрүүлчихдэг. Завгүй болчихвол оюун санаагаа зарцуулах илүү олон зүйл байгааг чи анзаарна.
Түүнийг үлгэр мэт битгий төсөөл
Амттай мөрөөдлөө түр ч гэсэн зогсоо. Хийсэн “өчүүхэн” үйлдэл нь чамд цагаан морьтой ханхүүгээ олсон юм шиг сэтгэгдэл төрүүлсэн бол чи түүнийг зогсоо зайгүй бодох нь гарцаагүй. Үнэндээ, тийм зүйлийг чиний төлөө зориулах эрчүүд ганцхан түүгээр дуусаагүй. Түүнийг чамд сэтгэгдэл төрүүлэхийг хичээж байгаа олон залуусын ердөө нэг нь гэдгийг эргэн санах гээд үз дээ? Мөрөөдөлдөө умбаад л сууж байхаар уруулаа будаад гарсан нь арай илүү “өрнөлтэй”. Тэр чиний хувьд төгс санагдаж байгаа ч, өө сэвтэй эрэгтэй л хүн гэдгийг нь санаарай. Тэгвэл чамд дараа нь хэт урам хугармаар санагдахгүй.
Байнга хариу үйлдэл үзүүлэхээ зогсоо
Мессэж, дуудлагыг нь үргэлж тосч, чамтай нэг үг дуугарав уу үгүй юу догдолсон сэтгэлээр хариу үйлдэл үзүүлэхээ зогсоо. Хааяадаа ч гэсэн түүнд хүлээлт үүсгээд үзэхэд гэмгүй. Тэр чиний инээмсэглэх шалтгаан болж байгаа шиг, чи ч бас түүний инээмсэглэх шалтгаан болохыг хүсч л байгаа биз дээ?
Гэр бүлдээ их цаг гарга
Дүүгээ асарч, ээждээ массаж хийж өгөөд, эмээтэйгээ залуу насных нь тухай хуучлах ямар амар амгалан гэдгийг бид заримдаа мартсан байдаг. Түүнийг бодохоо хэдэн минут ч гэсэн болимоор байгаа бол, түүнээс ч илүү чухал хүмүүс болох гэр бүлийнхэндээ цаг зарцуулж эхэл. Тэд чамайг, чи тэднийг хэнээс ч илүү хайрладаг болохоор…
Өөрийгөө өрөвдөхөө боль
Хөндүүр зүрхтэй хөөрхий жаалхан бүсгүй, эвий эвий… Өмнө нь хэзээ ч хэн нэг залуу чиний зүрхийг ингэж булиглуулж чадна гэж төсөөлөөгүй байсан болохоор хэцүү л байгаа байх тийм үү? Гэхдээ өөрийгөө битгий өрөвдөөрэй. Хорвоо дээр бүтэлгүй дурлалаас илүү зовлонтой учирсан хэдэн сая хүн байгаа. Өдөрт нэг талхаар амь зогоодог хүний дэргэд чи бол орох орон идэх, хоолтой, талархал дүүрэн амьдралтай бүсгүй. Ийм жишээ авсны учир нь, чамайгаа яг одоо аз жаргалтайгаар амьд явах шалтгаанаа ганцхан түүнийг л болгочихоод яваа юм биш биз дээ гэж санаа зовсных юм шүү.
Битгий хүчил
“Ингэж гүн уусч болохгүй шүү чи” гэж өөрийгөө загнаад байвал, зүрх сэтгэл чинь зөрүүд хүүхэд шиг аашилж, харин ч “болохгүй” рүү улам тэмүүлээд байж мэднэ. Болохгүй гэж бодох тоолондоо чи дотроо өөрийн мэдэлгүй энэ дурлал чамд ямар их аз жаргал авчирч байгааг нэхэн санаж, санаа алдах болно. Тиймээс зөнд нь орхичих. Бодогдох ёсгүй хүмүүс бол нэг хэсэгтээ дотор чинь шуурга дэгдээж байгаад л яваад өгчихнө. Өөрөө өөртөө сануулах гэж байгаа юм шиг, фэйсбүүкийг нь манаж, дуртай дууг нь үргэлж сонсохоо больчих. Бодмооргүй байна гэж хүмүүст ярихаа ч зогсоо. Дотроо чөлөөлөөд, өмнөх өөртэйгөө эргээд уулз.
Эсвэл зүгээр л бодохоо болихыг хичээхээ больчих
Яагаад гэвэл чи бол хорвоо ертөнцөд дурласан сэтгэлээ өөрөөсөө түлхээгүй цөөн хэдэн зоригтой бүсгүйн нэг. Мэдрэмжээсээ урваж яаж болох билээ? Ойрын хэдэн жил мэдрээгүй зүйлийг амссан зүрх чинь одоо шаналж, хурдан хурдан цохилж, цээжинд хүндэрч хөндүүрлээд хэцүүхэн байгаа ч, ямар цатгалан, дүүрэн байгааг нь мэдэж байна уу?
Гэхдээ энэ дурлал чиний ажил, хичээл, гэр бүлийхэн, найз нөхөд болон өөртөө зарцуулах цаг, зүтгэлээс хороож, гал цогийг чинь унтрааж, гиеүрэхээс өөрийг чадахгүй болгосон тохиолдолд өмнө зөвлөсөн аргуудаас ашиглан, манан дундаасаа бушуухан гараарай. Дэлхий тэр залуугаас илүү сонирхолтой хэвээрээ л байгаа.