Тууз бэлгийг илэрхийлдэг. Өмнө нь ч хэн задалж үзээгүй, цоо шинэ эсвэл маш гоё зүйл дотор нь байгаа бэлэг. Харсан даруйдаа хүн баярлан тайлдаг бол амьдралын туузыг хүн өөртөө нуучихаад яваад л яваад л байдаг. Яагаад түүнийг “хайчлаад” цаана нь гардаггүй гээч? Эд зүйлс шиг юу байх нь шууд харагддаггүй болохоор тэр. Өөрөө ч мэдэлгүй хэн нэгний өмнө, ямар нэг зүйлийн урд, сэтгэл дотроо татчихаад байгаа туузыг зориглон “хайчлах” яагаад чухал талаар энд бичлээ.
1. Хайрын тууз: “Эрэгтэйчүүд бүгд адилхан”, “Жинхэнэ хайр гэж байдаггүй юм”, “Эр хүн заавал эхнэрээ хуурдаг” гэх мэт улиг болсон ойлголт чамд чухам л үнэн санагддаг бол туузаа “хайчлах” зайлшгүй шаардлагатай болжээ! Яагаад гэвэл:
• Жинхэнэ хайр гэж байдаг. Бидний аав ээжийн, эмээ өвөөгийн түүх үүнийг эн бэлхнээ гэрчилнэ. Тэгээд ч хүн бүрийн итгэл үнэмшил өөр учир эхлээд юуг жинхэнэ хайр гэж тодорхойлохоо баттай болгох хэрэгтэй. Нэгд нэгэнгүй тоочоод дэвтэртээ бичсэн ч болно. Хэрвээ гол зарчмууд чинь л алдагдахгүй бол найз залуу, нөхрөө жижигхэн алдаа гаргах бүрт “Жинхэнэ хайр гэж үнэхээр л байдаггүй юм байна” гэж толгойгоо бүү шаналгаарай.
• Эрэгтэйчүүд бүгд адилхан. Гэхдээ тус бүртээ өөр өөр. Тэдэнд зүгээр л адилхан шинж чанар байдаг юм. Яг л бүх эмэгтэйд байдаг шиг.
• Эр хүн болгон эхнэрээ хуурдаг гэсэн “хууль” байдаггүй. Гэхдээ тэгж итгэсээр байвал үнэхээр тийм зүйл болох л болно.
Нас биед хүрсэн бүсгүй хүн бүрт байдаг бяцхан заль, гэхдээ хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээр хайрыг тосож авагтун. Угширсан бодол, хашир төлөвлөгөөний тухай ор тас мартаад дунд чинь татсан байгаа туузыг “хайчлаарай”. Ингэж л чиний амьдралд хайр хүч түрэн орж ирэх болно.
2. Мөрөөдлийн тууз: “Надад ч үүнээс өөр сонголт алга даа” гэж хэлдэг хүнтэй таарч байсан уу? Тэгвэл тэр яахын аргагүй мөрөөдөлд хүрэх туузаа хайчлаагүй нэгэн аж. Зарим хүн мөрөөдлийг зөвхөн өндөрлөг гэж ойлгодогоос болоод хэт холын, хүршгүй зүйл мэтээр төсөөлдөг. Гэвч бид мөрөөдөлдөө хүрэхийн тулд бүхэл амьдралаа зориулах биш харин өдөр бүр мөрөөдөл дотроо амьдарч байгаа гэдэгтээ итгэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл дуртай ажлаа хийж, хайртай хүмүүстэйгээ хамт байж, хормын төдийд идэхийг, үзэхийг, уншихыг, явахыг гээд хүссэнээ гүйцэлдүүлэх боломжтой бол чи мөрөөдөл дундаа амьдарч байгаагаас өөрцгүй. Одоогоороо ч аз жаргалтай амьдарч байгаа хүн л зорилгоо илүү итгэл үнэмшилтэйгээр биелүүлж чадна. Тиймээс “Би мөрөөдөлгүй, азгүй хүн”, “Надад ямар ч боломж байхгүй” гэж хэзээ ч бүү бодож бай. Хэчнээн удаа алдсан ч, эргээд босох нас чамд байна. Зүгээр л мөрөөдлийнхөө туузыг “хайчлаад” үз.
3. Өөрийгөө хүлсэн тууз: Хэзээ ч монгол хүнтэй суухгүй гэсэн хатуу үзэл баримтлалтай эмэгтэйг би мэдэх юм. Хэдэн ч удаа таарахдаа үүнийг нь ярилцсан бөгөөд ингэх тоолонд “Чи одоогийн монгол эрчүүдийг хар л даа. Бүгд архи уудаг, тамхи татдаг, бүдүүлэг. Бас дээр нь авгай хүүхэн эргүүлнэ” гэж хэлдэг байлаа. Гэвч бодоод үзвэл энэ нь ганцхан монгол эрчүүдэд л байдаг сул тал биш. Газар газрын хүмүүс бүгд ижил. Сайнтай, муутай, эрээвэр, хураавар. Гэхдээ цорын ганц үнэн нь ийм бодолтой эмэгтэй архи амсдаггүй, тамхи татдаггүй, цэвэрч, үнэнч монгол эрэгтэй хүнтэй таарах магадлал нь багасдагт байгаа юм. Яагаад гэвэл хүн харахыг хүссэн зүйлээ л олж хардаг шүү дээ. “Энэ насандаа яасан ч хүүхэд гаргахгүй” гэж зүтгэдэг тохиолдол ч мөн ижил. Хүүхэд төрүүлэхгүй гэсэн бодолдоо итгэх тусам чамд жирэмслэх, төрөх үйл явцын зөвхөн хүндрэлтэй талууд нь л улам их харагдах болно.
Анзаараад үзвэл хүн бүрт өөрийгөө хүлсэн хүлээс бий. Би л гэхэд хоёрхон жилийн өмнө зан аашийн онцлогтоо “тааруулаад” өөртөө ажлын төвшин зохиочихсон байдаг байв. Даргыгаа чухал ажлын тухай ярих бүрт “Өө, та намайг мэднэ дээ. Би чинь төрөлхийн хайнга хүн. Надад чухал, хариуцлагатай хэсгийг нь бүү даалгаарай” гэж хэлнэ. Нэг л өдөр дарга маань намайг өрөөндөө дуудаад удаан ярилцахдаа “Хэрвээ чи өөрийгөө чухал, хариуцлагатай ажил хариуцаж авах чадваргүй хүн гэж итгэсээр байвал насан туршдаа чухал биш хүн байсаар дуусах болно. Чи үнэхээр үүнийг хүсэж байна уу?” гэж асуусан юм. Дахин хэлье, бид бүгдэд өөрийгөө хүлсэн ямар нэгэн хүлээс бий. Өөрийнхийгөө чухам юу гэдгийг олох гээд үз дээ? “Би ер нь хоол хийж яагаад ч чадахгүй”, “Шугам зурагтаа муу байсан юм чинь яаж дизайнер болох вэ дээ?”, “Би ч хүнтэй хамт амьдарч тэсэхгүй хүн дээ” гэх мэтчилэн санаанд оромгүй жижигхэн ч байж болно. Насан туршдаа энэ л асуудлаас зүүгдэж, орооцолдон явахгүйн тулд яг одоо “хайчилж” орхи. Хүний хийж чаддаггүй зүйл энэ хорвоо дээр байдаггүйчлэн чи ч гэсэн бүхнийг чадна гэдэгтээ итгээрэй.
Харин тууз хайчлах эхлэлийг бэлгэддэг. Чи хайраа, мөрөөдлөө, бас өөрийгөө эрх чөлөөтэйгөөр танин мэдэх эхлэлээ тавихын тулд энэ гурваа хайчлаарай.