Ажил хэрэгч эмэгтэйд заавал байх 10 танил

518b96f1fafebcfe8538007a65a5966d

Дараах 10 хүн нь бүгд өөр өөр салбарт ажилладаг бөгөөд тулгамдсан, хаашаа хандахаа мэдэхгүй болсон үед чамд гарцаагүй тусалж чадах танилууд байгаа. Ашиглахтай бүү андуураарай. Тэд зүгээр л чамд олсны үзүүрээс атгахад дэмнэж өгч байгаа хүч юм шүү. Гарсан хойноо чи ч гэсэн тусалсан хүмүүсээ эргүүлээд татна биз дээ?

1. Мэдээллийн сүлжээг “атгадаг” нэгэн
Тэр телевиз, сонин, вебсайт гээд хаана ч ажилладаг байж болно. Гол нь чамд үнэн зөв мэдээлэл хэрэг болох цагт, байгууллагынхаа тухай мэдээг ХМХ-үүдэээр зарлуулах шаардлагатай үедээ хамгийн түрүүнд хандах нэгэн л байх хэрэгтэй. Үүнээс гадна мэдээллийн сүлжээг “атгадаг” танил чинь эрж сурсан хэнийг ч чамд олж өгөх мэргэжлийн онцлог чадвартай. Бяцхан хэмжээний танилцуулга хэвлүүлэхэд хүртэл түүний тус хэрэг болдог юм шүү.

2. Банкны мэргэжилтэн
Зээл авах, банк, санхүүгийн талаар жаахан мэдлэг дутах яг тэр мөчид банкинд ажилладаг танилтай байхын давуу талыг чи ойлгох болно. Долларын ханш хэзээнээс өсч эхлэхийг, хаана хамгийн бага хүүтэй байрны зээл өгч байгааг, шилжүүлэг яаж хийвэл зохистойг гээд чимх зүйлс дээр ч мэргэжилтэн, тухайн салбарт ажиллаж буй хүний үг хичнээн хэрэгтэй байдаг гээч?

3. Урлагийн салбарын “зохион байгуулагч”
Байгууллагынхаа ойн баярыг зохион байгуулах томоохон үүрэгт томилогдсонд баяр хүргэе! Маш гоё тэмдэглэн өнгөрүүлнэ гэдгээс санаанд орж байгаа өөр зүйл байна уу? Хаанаас нь эхлэхээ ч мэдэхгүй байгаа биз? Урлагийн салбарт ажилладаг танил руугаа утас цохиорой. Түүнээс хамтлаг, дуучдын ханш, хамтардаг ресторан, хүлээн авалтын танхим, техник хэрэгсэл хаанаас түрээсэлдгийг дорхноо мэдэж авч болно. Аягүй бол түүний сайхан зан нь хөдлөөд “Найз нь аятайхан үнээр тохироод өгье” гэж ч магадгүй.

4. Эмч
Хөнгөн өвдсөн тохиолдол бүртээ чи эмнэлэг явж чадахгүй. Шүд зууж байгаад ч хамаагүй дааж, хариуцаж авсан ажлаа дуусгахыг эрмэлздэг чи үнэхээр ажил хэрэгч бүсгүй шүү. Гэхдээ эмч танилтай бол тэр чамд ядаж л шүдэндээ эм зуух хэрэгтэйг сануулна. Мөн жилдээ заавал нэг удаа биеэ бүтэн шинжлүүлж байхыг ч гэсэн.

5. Техникийн мэргэжилтэн
Яарч явж байхад машин таг зогсох ямар онцгүй мэдрэмж билээ? Техникийг “гаргаадаггүй” мэргэжилтэн танилтай болоорой. Машины талаар л бол хэдэн цагаар ч хамаагүй ярих дуртай найз чинь зарим авто засварын газруудын бараагаа илүү үнээр өгөх гээд байдаг “булхай”-д ч чамайг хэзээ ч хууртуулахгүй.

6. Засгийн газарт ажилладаг эрх мэдэлтэн
Зөвхөн ширээн дээрх овоолоостой ажлаа л харж амьдардаг бүсгүй чи биш ээ. Улс орон хаашаа явж, хөгжил хаана хүрч байгаа талаарх ээдрээтэй тооцоо баримтыг ч гэсэн чи туйлаас сонирхдог шүү дээ. Мэдээллийн сүлжээг “атгадаг” танилаас гадна Засгийн газарт ажилладаг нэгнийг сайн мэддэг байхад үнэнтэй тун ойртсон зөв мэдээллийг үргэлж мэдэж чадна гэсэн үг. Бинго!

7. Хуулийн зөвлөх, өмгөөлөгч
Хэн нэгэн эрхийг чинь зөрчиж байгаа юм шиг санагдаад байна уу? Эсвэл ажил дээрх эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгаа ч юм уу? Хуулийн талаас юу зөв, юу бурууг ялгаж салгахад өмгөөлөгч танил чинь гарцаагүй туслана.

8. УБЕГ-т ажилладаг нэгэн
Нийгмийн даатгалын шимтгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, цахим лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, гадаад паспорт авахад бүрдүүлэх материалын мэдээллүүд гээд хүн бүхэнд ил байдаг ч тэр бүр санаад байдаггүй чухал зүйлсийг түүнээс асууж болно. Мэргэжлийн хүн хариулж байгаа болохоор дараа нь ямар нэгэн зүйлийг ямар нэгэн газраас авахаар яаран гүйх, мартах тохиолдол барагтай л гарахгүй болов уу.

9. IT “жаал”
Зөвхөн компьютерийн талаар ч биш бичлэг, дууны микс, реклам хийлгэх гээд олон зүйл дээр тэр тус болох болно. Мэдээллийн технологийн талаарх бүлэг сэдвийг нэг л итгэмжлэгдсэн хүнд өгнө гэдэг хичнээн сайхан хэрэг гээч. Тэр чадахгүй бол чадвартай нэгнийг чамд заавал зааж өгнө.

10. Үсчин, гоо сайханч
Яг үнэндээ чамд хамгийн хэрэгтэй нь одоо хэлэх танил ч байж магадгүй. Чи ажил хэрэгч эмэгтэй болохоор шинэ жилийн өмнөх орой азаа туршин салон хайж цагаа алдана гэж хэрхэвч байж болохгүй. Чамайг сэтгэл хангалуун болгож чадсан үсчин эсвэл гоо сайханчид нэрийн хуудсаа өгөөд танилцаж аваарай. Байнга ирж байна гэдгээ ч хэлэх хэрэгтэй. Захиалга өгөх ч завгүйгээр яаран ирсэн үе болгонд хаалгаа дэлгэн угтах үсчинг олно гэдэг маш чухал зүйл юм шүү.


Ажил хэрэгч эмэгтэйд заавал байх 10 танил
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.