Тийм ээ, уг нь тэр бүхнийг дуусгасан. Асуудлын гол нь, чи өмнөх хөгжилтэй, сэргэлэн, инээмсэглэл дүүрэн найзыгаа санаж байна. Салалтаас шалтгаалж хямралд орсон найзыгаа сэтгэл санаагаар дэмжих туршлагагүй бол энэхүү зөвлөгөөг уншаарай.
Хамгийн ихээр итгэж явсан, насны хайраа гэж бодсон хүнээсээ салсан хүнийг шууд юу ч болоогүй юм шиг тайвшруулах шидэт арга мэдээж үгүй. Гэхдээ чиний бага зэргийн оролцоо байхад найзад чинь хангалттай тусална.
Сонсох
Тэр залуугүйгээр түүний амьдрал нь хичнээн сайхан болох, тэр залууд анхнаасаа дургүй байсан тухай хэлэхээ түр азна. Зүгээр л хэлсэн бүх үг, бүх гомдол, асуудлыг нь сонс. Ийм байдалд хүрнэ гэж бодоогүй, ингэж дуусна гэж төсөөлөөгүй, цорын ганц хайраа гэж бодож байсан тухайгаа ярих төгсөшгүй ч байж магадгүй яриаг нь таслахгүйгээр сонс. Учир нь тэр дотроо тээж байгаа бүх гомдлоо гаргаж, цээжиндээ цугларсан хүнд ачаагаа хөнгөлөх нэн шаардлагатай байгаа. Яриаг нь дэмжих, буруутгах өнгө аяс оруулаад хэрэггүй. Бүхнээ ярьж тайвширсны дараа дараагийн арга хэмжээг аваарай.
Тайван уйлуулах
Хүссэнээрээ уйлаг. Тэр нь тайвшрах нэг арга. Харин “Битгий уйл” гэж хэлэхгүй байсан нь дээр. Ядартлаа, уур нь гартлаа уйлах нь багагүй тустай. Яг ийм үед бидний найздаа үзүүлж чадах хамгийн зөв зүйл бол зүгээр л тэврээд, уйлахад нь чимээгүйхэн “туслах”.
Сатааруул
Үнэнийг хүлээн зөвшөөрье. Хэдий салсан ч гэсэн найз чинь гэртээ хэвтээд эксийнхээ фэйсбүүк, инстаграмыг болон түүн дээрх сэтгэгдлүүдийг хянаж суугаа байх. Чи үүнийг зүгээр орхих хэрэггүй. Энэ бүхнээс холдуулахын тулд “саатуулах” арга бодож ол. Хамт саунд орох, кино үзэх, шинэ нээгдсэн кофе шоп, япон хоолны ресторанд орох, паркаар аялах, эсвэл ойрхон аялалд явсан ч болно. Мөн анх танилцсан өдөр, үерхсэн өдөр, валентин гэх мэт баяр ойрхон болж таарч байгаа бол ганцааранг нь үлдээх хэрэггүй.
Урам өг
Амжилттай саатуулж чадсан бол шинэ хайраа олоход нь тусал. Нэгэнт гаргасан шийдвэртээ үнэнч байх тухай нь сануулж, эргэлзэх боломжийг олгохоос зайлсхий. Хамтдаа явж болох фитнесс, иог, шаазан ваарны, оёдлын гэх мэтийн сургалтуудад бүртгүүл. Аль эсвэл найзтайгаа эртнээс хийх гэж төлөвлөсөн ч биелүүлж амжаагүй ажил, төсөл, зугаалга байгаа бол эхлүүлсэн ч болно. Нэг найз минь намайг бараг л сүй тавих гэж байсан залуугаасаа салсны дараа “Чи минь үнэхээр зоригтой шүү. Ийм хүнийг улам ч илүү агуу хайр хүлээж байгаа” гэж хэлэхэд маш их урам орж байсан юм.
Шинэ хүмүүстэй танилцуул
Зуучлагч болохыг хэлээгүй юм шүү. Өөрийнхөө аятайхан гэж боддог эрчүүдтэй хүчээр ятгаж танилцуулах нь харин ч түүний эдгэж амжаагүй байгаа шархыг хөндөж магадгүй. Янз бүрийн клубүүд, сургалтуудад хамтдаа сууж шинэ хүмүүстэй танилцахад нь туслаарай. Тэр хүмүүс нь заавал эрэгтэй байх албагүй. Сонирхол нэгтэй, холбогдох зүйлтэй байвал сайн.
Найзыгаа хамгаал
Түүнийг салалтаасаа болж бусад хүмүүсийн өмнө өөрийгөө ичмээр байдалд оруулахаас хамгаал. Хэцүү үед нь согтууруулах ундаа хэрэглүүлэх хэрэггүй. Үүнээс болж экс рүүгээ ярих, шинэ найз охин руу нь орилох, тэдний өмнө уйлах гэх мэт дараа нь санахыг ч хүсэхгүй хар дурсамж үлдээх вий. Юу ч хийж мэдэх сэтгэл санааны хамгийн эгзэгтэй үе дээрээ явааг бүү мартаарай.
Магт
Түүний өндөр бие, эгдүүтэй царай, давхраагүй ч гэсэн том нүд, уян зөөлөн гар, хацрын хонхорхой, тэгш сайхан мөр гээд магтах зүйлүүдийг нь чин сэтгэлээсээ магт. “Миний найзын үс ч гоё шүү. Би бас үсээ ийм болгох юмсан” гээд л хэлэхэд болно. Үр дүнд нь тэр сүүлийн хэд хоног мартах шахаад байсан өөрийнхөө гоо сайхан талуудыг эргэн санана.