Дэлгүүр хэсэх хэзээ ч моданаас гарахгүй. Онлайн дэлгүүр бол дэлгүүр хэсэхэд дурладаггүй хүмүүсийн л “түр зуурын шохоорхол” юм. Яагаад гэж үү? Бод л доо, таалагдсан бараагаа барьж үзэж, эргүүлж тойруулж, даавууных нь чанарыг нь мэдэрч, үнэрийг нь үнэртэхийн жаргалыг өөр юутай харьцуулах юм бэ? Юутай ч биш! Ялангуяа эрүүл мэндэд ийм хэрэгтэй байхад шүү.
1. Стрессийг сүйтгэнэ
Гэхдээ хэн нэгэнтэй хамт байхад. Найзтайгаа дэлгүүр хэсч байгаа нэгнийг ганцаараа явж байгаа хүнтэй харьцуулвал стресстэй тэмцэх чадвар нь хамаагүй их байгааг АНУ-ын Сэтгэл судлалын холбооноос нотолжээ. Дэмий шахуу зүйл ярилцаж, цаг үрж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ чамайг бага багаар стресснээс салгаж байдаг байх нь шүү дээ.
2. Амьдралд чинь завсарлага өгнө
Хүн нэг л зүйлийн тухай бодож байхдаа оюун санаа нь хэчнээн амардгийг мэдэх үү? /Эрчүүд ийм учраас л хөлбөмбөгөнд тэгтлээ дурладаг байх/. Угаас хүний тархи байнгын мэдээлэл боловсруулж байдаг болохоор нэг цагт ганцхан л бодол бодох нь түүнд хангалттай амралт болдог байна. Өөрөөр хэлбэл өөрт харагдаж байгаа гоё зүйлсийн талаар л бодож, амьдралын бусад хэсгээс тү тусгаарлагдах нь чамд завсарлага болно гэсэн үг. Брюнелийн их сургуулийн судалгаагаар дэлгүүр хэсэх үед гарах өөрчлөлт нь магнайн буюу тархины урд хэсэгт илүүтэй нөлөөлөн эерэг бодлыг авчирдаг аж. Мөн нэг зүйл маш ихээр таалагдах үед хүчтэй сэтгэл хөдлөлийн допамин хэмээх гормон ялгарснаар бид улам золбоолог, зоригтой, хурдтай, сэргэлэн болдог байна. Яг л анх дурлаж байгаа юм шиг.
3. Оюун ухааныг “билүүднэ”
Хутгыг билүүддэгээс оюун ухааныг “билүүднэ” гэж сонсч байгаагүй биз дээ? Гэхдээ үнэхээр л дэлгүүр хэсэх нь оюун ухааны чадамжийг сайжруулдаг сайн талтай аж. Хөлөө эргэтэл явчихаад эцэст нь аль дэлгүүрийн бараа хамгийн хямд байгааг санаж, хасагдсан хувийг тооцоолж, дэлгүүрүүдийн үнийг хооронд нь харьцуулж, тоо бодох нь тархинд тустай биш гээд надад хэл л дээ?
4. Урт нас бэлэглэнэ
Түрийвчийг чинь хоосолсон ч хамаагүй дэлгүүр хэсээд л бай. Тайванд 65 хүртэлх насны 2000-аад хүнийг судалгаанд хамруулсан бөгөөд үр дүнд нь өдөр бүр дэлгүүр явбал дэлгүүр барагтай бол хэсдэггүй хүнээс 27%-иар урт наслах боломжтой гэдгийг тооцоолсон байна. Алхах, бусадтай харилцах, ярилцах зэрэг хөгширөхөөр алдагдчихдаг нийгмийн идэвхиэ хэвээр нь хадгална гэсэн үг л дээ.
5. “Илүү туранхай чи”-рүү!
Английн Дебенхам их дэлгүүрийн туршилтаар хүнд цүнх үүрэн дэлгүүр хэсэх нь тураадаг болохыг баталжээ. Ажлаасаа тарсан чигээрээ жийнсэн өмд авахаар дэлгүүр лүү яаран гүйхэд л 400 калори хөнгөхөн шатаачихаж байгаа юм даа!