Бээжингийн олимпийн алт, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяр мянгат малчин болох гэж байна. Тэрбээр малчин айлын хүүхэд болохоор өөрийн гэсэн хэдэн малтай. Түүнийг анх олимпийн аварга болоход мал бэлэглэж байна гэх мэдээ сонсогдож л байсан. Гэхдээ түүний мал мянга хүрч, нэр нь Монгол улсын мянгат малчдын нэрсийн жагсаалтад орж амжаагүй байгаа. Харин тэрбээр булганчудын буянаар тун ударгүй тэр жагсаалтад орж, Монгол улсын хамгийн богино хугацаанд малаа мянга хүргэн “өсгөсөн” анхдагч болох нь ээ
Учир нь энэ сарын 14-нд түүний төрсөн нутаг Булган аймагт болох Олмипийн наадмын хос медальтанд хүндэтгэл үзүүлэх мялаалга наамдын үеэр түүнийг мянган малтай болгох санаачлагыг Нутгийн зөвлөл, иргэний төлөөлийн байгууллага гаргажээ.
Олимпоос хос медаль хүртсэн анхны монгол хүүгийхээ мөнгөн медалийг анхдагчдын өлгий Булганчууд мянган цагаан хониор мялаах гэж байгаа нь энэ юм. Тус аймаг 16 сумтай, сум тус бүрээс 60 гаруй хонь хандивлах хуваарь гаргажээ. Малчид ч хуваарийн дагуу дуртай, дургүй хоттой хониноосоо Н.Түвшинбаярын сүрэгт таслах хэдээ зөөж эхэлсэн байна. Медалийн мялаалга үүгээрч зогсохгүй нэлээд их мөнгө цуглах шинжтэй. Эх сурвалжийн хэлснээр аймгийн төрийн албан хаагчдын нэг өдрийн цалинг нь цуглуулж олимпийн аваргадаа бэлэглэх тухай яригдаж эхэлжээ. Үүнд дургүйцэх хүн олон байгаа ч нийтийн жишгийг дагаж цалингаа өгөх нь зүйтэй гэж ярилцаж байгаа гэнэ.
Мөн ”Булган аймгаас олимпийн аварга төрвөл 30 сая төгрөгөөр урамшуулна” гэсэн аймгийн ИТХ, Засаг даргын хамтарсан шийдвэрийг хэдэн жилийн өмнө гаргасаны дагуу мөнгөн шагнал олгох гэж байгаа ажээ. Мялаалга наадам энэ сарын 14-нд Булган аймгийн төвөөс 60 орчим км-т, Сайхан сумын нутаг Өрөмийн нуурт болох юм. Наадамд хүчит 128 бөх барилдаж, гурван насны морь уралдана. Сур харваа, шагайн тэмцээн болно. Мөн сайхан морьтон, сайхан монгол дээлтэн шалгаруулах аж. Олимпийн аварга өөрөө айргаараа алдартай Сайхан нутгийн хүүхэд. Энэ зун Булган нутагт газрын гарц сайн, айраг цагаа ч элбэг байна. Тиймээс наадамчдын дунд дэмбээ наадам, сайхан айрагтай айл, хотол, айраг уух уралдаан зохих гэнэ.

Н.Түвшинбаярыг монголчуудын 40 гаруй жил хүсэн хүлээсэн олимпийн аваргын алтан медалийг авчирахад Булганчууд аймгийнхаа Спорт сургалтын төвийг бэлэглэсэн ч уг төв улсын өмч учраас бэлэг буцаж булганыхан юу гэдэг билээ түүний үлгэр болсон гэдэг юм. Харин аварга саяхан телевизээр сургалтын төвийг түүнд ирсэн хамгийн том бэлэгнүүдийн нэг гэж ярьж харагдсан. Уг сургалтын төвд Н.Түвшинбаяр бэлтгэл сургуулилтаа хийж анхны медалиа Намхай аваргын нэрэмжит барилдаанд Сайхан сумандаа түрүүлж авч байсан гэдэг юм билээ. Ямартаа ч Н.Түвшинбаяр Лондонгийн олимпод тэвчээр, хүч заасныхаа хариуд сард 4 сая төгрөг авахаар болсон. Одоо харин булганчуудын буян, чансаагаар мянгат малчин болох нь.