(Албаар бичсэн Анти-зөвлөгөө)
Хаа сайгүй л нөхөртөө хууртагдсан тухай яриа гарч бүсгүйчүүдийн эрчүүдэд итгэх итгэл алдарсаар… “Угаасаа л эрчүүд араар тавих юм чинь” гэсэн үзэн ядсан үгийг ч би найзуудаасаа сонссоор байгаад дасал болжээ.
Жинхэнэ хайр, насан туршийн үнэнч дурлалын тухай ам нээхэд “өдрийн од”-ны тухай ярих гэж байгаа юм шиг хандах хүмүүс ч байдаг болж. Араар тавилт хайр дурлалын ТОП сэдэв болж байгаа энэ цаг үед “Тэгвэл би яаж хууртагдахгүй байх юм бэ?” гэсэн асуулт гарч ирж байгаа биз дээ? Хариулт нь энд байна.
1. Эртнээс хэлж сануул. Чимээгүй яваад л байвал чамайг элэг барьж мэднэ. Хууралт гэдэг зүйл болох л юм бол салалт хүлээж байгаа гэдгийг сануул. Байн байн сануул. Үгүй бол эрчүүд л болсон хойно мартчихаж магадгүй.
2. Танихгүй дугаараас танилцах зурвас илгээж нөхрөө шалгаж болно. Уран уянгалаг үгтэй зурвас бичиж, байн байн залгаад л бай. Тэр гэнэ алдчихаж юуны магад. Хаб, ингээд баригдав уу, чи?
3. Ажлаа тараад л шууд гэртээ ирдэг байсан мөртлөө саяхнаас байн байн найзууд, ажлынхантайгаа уулзаад эхэлвэл бас л сэжигтэй. Ажлын газрынх нь бүсгүйчүүд, найзынх нь шинэ найз бүсгүйг ч овоо хараандаа оруулахгүй бол болохгүй. Тийм болохоор нэг минутыг ч зүгээр битгий өнгөрөө. Залга, залга, яг одоо залга. Юу ч болж байгаа юм билээ?
4. Дэргэдээ л байлга. Болохгүй бол уурла, уйл, шалгаа, зовоо. Чи байхгүй бол араар чинь юу ч хийгээд явах юм билээ?
5. Гудамжинд явж байхдаа нүднийх нь харцыг сайн хар. Хажуугаар өнгөрсөн танихгүй бүсгүйтэй ч хард. Юуг ч урдуураа зүгээр битгий өнгөрүүл.
6. Нөхрийнхөө Facebook, Messenger рүү нэвтрээд бүх эмэгтэй найзыг нь устга. Гар утасных нь Contacts-аас устгасан ч болно. Энэ бол тэдэнтэй холбоо барих нүх сүвийг хаах хамгийн шилдэг арга.
7. Камертай үзэг гадуур зарагдаж байна лээ. Тэрнээс нэгийг аваад ажлынх нь өрөөнд тавьчих.
8. Түүний зурган дээр like дарсан эмэгтэй бүр лүү Private message-ээр холбогдож эхнэр нь гэдгээ хэл.
9. Ажлынх нь өрөөнд хамтдаа авахуулсан дор хаяж арван зургийг өлгөж, гар утасных нь дэлгэцэн дээр өөрийнхөө хамгийн хөөрхөн гарсан зургийг байрлуул.
10. “Би эхнэртээ хайртай” гэдэг бичигтэй футболк авч өгөөд, өдөр бүр цамцан дотуураа өмсөхийг шаард.
Хөөх! Араараа тавиулахгүй байж болох арвын арван арга байна. Хүмүүсийн, бас орой бүр үздэг киноныхоо нөлөөнд автаж өдөр бүр зөвхөн хэрхэн хууртагдахгүй байх талаар л тунгааж амьдардаг эхнэрүүдэд бол үүнээс ч олон нууц арга бий. Бүгдийг нь хэрэгжүүлсний үр дүнд тэр үнэхээр л насан туршдаа нэг ч өөр эмэгтэй рүү харах сөхөөгүй амьдарч мэдэх л юм. Гэхдээ та хоёрын дундах итгэл үгүй болж, түүний хувьд чи хайрт эхнэр нь биш хяналтын дарга шиг харагдаж, чамаас тусдаа өнгөрүүлэх өдрөө тэр “Эрх чөлөө!” гэж хашгирдаг болох болно. Эр нөхөр чинь найдвартай түшиг тулгуур, ноён нуруун дүрээ алдаж, эхнэр нь болох чи бүсгүй хүний энэрэнгүй зөөлөн чанараа айдас, түгшүүрээр солих болно.