Гоо сайхны цүнх бол НЯНГИЙН “ЦУГЛУУЛГА”

makeup_bag_1aЭмэгтэйчүүдийн гоо сайхны цүнхэн дэх арван бүтээгдэхүүн тутмын есөд нь стафилококк болон гэдэсний савханцар зэрэг үхлийн аюултай олон төрлийн өвчин үүсгэгч нян үржсэн байдаг ажээ. Тэдгээрийг эмэгтэйчүүд өдөр тутамдаа нүүрэндээ түрхдэг байна.

Дээрх дүгнэлтийгАнглийн Бирминхэм хот дахь Астоны Их сургуулийн эрдэмтэд зуу зуун гоо сайхны цүнхэнд хийсэн судалгааны үр дүнд хийжээ.

Нүүрээ буддаг эмэгтэйчүүдийн ихэнх нь багс болон крем түрхдэг спонж (бьюти блендер) буюу поролоноо угаадаггүй, будагны хугацаа дууссаныг үл тоодог болохыг судлаачид тогтоосон байна. Улмаар төрөл бүрийн өвчин үүсгэгч олон сая нян гоо сайхны цүнхэнд үрждэг бөгөөд нүд, уруул болон гэмтэлтэй арьсаар дамжиж цусанд халдварлах эрсдэлтэй ажээ. Ялангуяа дархлаа султай хүмүүс илүү өртөх магадлалтай гэнэ.

Эрдэмтэд эмэгтэйчүүдийн өдөр тутамдаа хэрэглэдэг уруулын будаг /96 ширхэг/, уруул өнгөлөгч /107 ширхэг/, нүдний харандаа /92  ширхэг/, сормуусны будаг /93 ширхэг/, крем түрхдэг поролон /79 ширхэг/ зэрэг таван төрлийн бүтээгдэхүүнийг микроскопоор харсан байна.

Тэдгээрээс поролон нь “дээд зэргийн” нян тээвэрлэгч байсан ажээ. Гоо сайхны цүнхний эздийн дунд санал асуулга явуулахад 93 хувь нь поролоноо хэзээ ч угааж байгаагүй бөгөөд хэрэглэх явцдаа хэд хэдэн удаа газар унагааж байжээ.

Поролоныг хэрэглэсний дараа чийгтэж, крем наалдан үлддэг тул нян үржих таатай нөхцөл бүрддэг байна. Ингээд нүүрээ будсан ч халдвар авах эрсдэл үүсэж буйг огтхон ч анзаардаггүй аж.

Судалгаанд хамруулсан гоо сайхны бүтээгдэхүүний 70-90 хувьд стафилококк, E.Coli болон мөөгөнцрүүд их хэмжээгээр агуулагдаж байсныг тогтоожээ. Судлаачид гоо сайхны бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүн шиг муудахгүй, харагдах шинж чанараа алддаггүй ч хэт удаан хэрэглэх нь өвчин авах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг анхааруулжээ.

Эцэст нь эрдэмтэд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийг нь зөв хэрэглэх нарийн зааварчилгаа өгч, дуусах хугацааг илүү ойлгомжтой тэмдэглэж байх хэрэгтэйг сануулсан байна.

Эх сурвалж: BBC


Гоо сайхны цүнх бол НЯНГИЙН “ЦУГЛУУЛГА”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.