Хэрхэн урам хугарахгүй байх вэ?

4b4ead3fc62efe8b7d9270be52b9af86

Урам хугаралтыг төрлөөр нь гурав хувааж болно. 1. Хийх талаар огт бодож байгаагүй зүйлийг хийсэн үед илрэх урам хугаралт, 2. Хийсэн гэж бодоогүй зүйлээ хийчихсэн байх үед илрэх урам хугаралт, 3. Хэзээ ч хийхгүй гэж бодсон зүйлээ хийсэн үед илрэх урам хугаралт. Ингээд харахаар бүгдэнд нь “бодох” гэдэг нийтлэг нэг ойлголт байгаа биз? Дэргэдэх хүмүүсээсээ байгаагаас нь илүү ихийг хүсэхгүй, бодохгүй байх нь л бүх талаараа урам хугарахгүй байх гол нөхцөл болж мэдэх нь! Хэцүү ч гэлээ ингэх зайлшгүй хэрэгтэй гэдгийг нотолсон 5 шалтгааныг одоо дурдья л даа.

1. Хүлээлтээ багасга
Их хүлээлт хүссэн үр дүнд хүрэхгүй нь ч бий. “Маргааш миний төрсөн өдөр учраас ажлынхан маань лав том сюрприз бэлдсэн байж таараа”, “Хуримын маань 3 жилийн ойгоор нөхөр юу өгөх бол?” зэрэг зөвхөн хүмүүсийн хариу үйлдлээс л шалтгаалах зүйлийг тэгтлээ бүү хүлээ. Оронд нь өөрийгөө завгүй байлгаж “Хэрвээ надад тийм бэлэг ирвэл маш сайхан байх болно доо” л гэж бод. Энэ нь чамайг хүссэн үр дүндээ хүрэхгүй байсан ч аз жаргалтай хэвээр үлдээдэг цорын ганц арга зам юм. Тиймээс яаж ч болох зүйлийг яахын аргагүй гэж өөртөө бүү хүлээлт үүсгээрэй.

2. Алдаа болгон жижигхэн
Итгэнэ үү байна уу, өөрөө л мэд. Гэхдээ юутай харьцуулагдаж байгаагаасаа шалтгаалж л алдааны хэр хохиролтой нь тогтоогддог. Хэрвээ бүхэл бүтэн амьдралтай, насан туршийн хайртай харьцуулвал нөхрийнхөө оймсоо энд тэндгүй шидэлдгийг, найз чинь төрсөн өдрийг чинь таг мартсаныг нь уучилж болно. Яагаад гэвэл эцсийн эцэст юу үлдэх вэ гэдэг л хамгийн чухал. Хэрэв урам хугаралт нь ямар нэгэн үр дүн авчрахад чиглэгдээгүй бол урам хугарахаа л больчих. Тэгээд л болоо.

3. Урам хугарч байгаа бол чи завтай байна гэсэн үг
Ойр ойрхон урам хугарах нь сэтгэл зүрхэнд хэчнээн халтай гээч? Олон дахин давтагдсан урам хугаралтын дараа хоосорсон сэтгэлийнхээ орон зайг хожим нь хэд дахин илүү аз жаргалаар давуулан нөхөх байсан ч хамаагүй бие чинь дахин энэ төрлийн асуудал тулгарахад халширдаг зуршилтай болчихдог юм. Хэрвээ чамд яг одоо гутрах, урам хугарах цаг байгаа бол чи зүгээр л завтай байгаагийн шинж. Хайран энергиэ өөр чухал зүйлд зар.

4. Байгаагаар нь л хүлээж ав
Дотны найз бүсгүйн маань нөхөр маш зөрүүд хүн байдаг юм л даа. Найзыг маань ямар нэг зүйл хэлж, шаардаж, зөвлөх бүрт зөрүүдэлж заавал эсэргээр нь хийж байж санаа нь амардаг. Үүнд нь найз бүсгүй маань маш их бухимдана. Харин миний найздаа хэлэх ганц зөвлөгөө бол “Чиний өөрчилж чадахгүй зүйлийг байгаагаар нь хүлээж ав даа” л байсан юм. Урам хугарахгүйн тулд хийх ёстой бас нэг зүйл бол чиний яаж хичээгээд өөрчилж чадахгүй зүйлс энэ дэлхий дээр байдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Хэрвээ асуудал чиний хэрээс хэтэрсэн бол байдлыг энэ чигээр нь л хүлээж ав. Бүү урам хугар.

5. Энэ чиний хийх зүйл биш
Аз жаргалтай байх уу, гунигийн далайд живж амьдрах уу гэдгээ чи өөрөө л шийднэ. Өөрийн мэдлийн зүйлээ өөр бусдаас хамааралгүйгээр шийдэж сур. Сэтгэл хөдлөлөө алхам бүрт бүү доргиогоод бай. Сонголт чиний гарт бий. Тэгээд ч хэн нэгний хийсэн, хэлсэн эсвэл хийгээгүй, хэлээгүй зүйлийн төлөө сэтгэлээ зовоож суухаар эмэгтэй чи биш шүү дээ. Аль болох хурдан уучлаад, мартаад урагшаа яв! Хөдлө, хөдлө!

Чи тэртээ тэргүй хайрлагдсан, хайраар дүүрэн эмэгтэй. Урам хугарах гэдэг чинь хэн нэг, өөр хүнд л зориулагдсан эд байхгүй юу даа! Инээмсэглэ, хонгор минь!


Хэрхэн урам хугарахгүй байх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.