Гэр аргаар хийсэн соустай Пицца Маргарита

11661

Гэр бүлээрээ гэртээ өнжиж, ажлынхаа алжаалаас бүрэн салах тийм нэг сайхан амралтын өдрийг бий болгоход бидэнд юу юу хэрэгтэй гээч? Хангалттай их зав чөлөө, цэвэрхэн гэр, бөөнөөрөө тоглох тоглоомууд, бас гэр бүлийн бүх гишүүнд (хүүхдүүдэд ч бас) таалагдах гоё хоол. Тэр хоол нь Пицца Маргарита байвал ямар уу?

Улаан лоолийн бэлдэц ийм төрлүүдтэй:
1. Улаан лоолийн соус-Tomato sauce
2. Улаан лоолийн нухаш-tomato paste
3. Улаан лоолийн шүүс-tomato juice
4. Лаазтай хальсалсан улаан лооль-Pilled tomatoes (Германд үйлдвэрлэсэн нь ч-Geschaeltetomaten)

Эдгээр дундаас бидний өнөөдөр хийж сурах нь улаан лоолийн соус. Дэлгүүрт зарагддаг бэлэн соусны амт нь хүн хүний сонирхлоос шатгаалаад зарим хүнд хэт чихэрлэг, эсвэл гашуун санагддаг учраас өөрийн гараар шинэхэн соус бэлтгэж ашиглах нь илүү эрүүл, амттай сонголт юм.

Итали хоолны үндсэн орцын нэг бол яах аргагүй улаан лооль билээ. Улаан лоолийн соусыг паста, пицца болон бусад махан төрлийн болон цагаан хоолонд маш өргөнөөр хэрэглэдэг. Улаан лоолийн соус нь гэрийн нөхцөлд бэлтгэхэд хялбар бөгөөд бүтээгдэхүүний олдоц өвөл зуны аль ч улиралд элбэг юм. Мөн бэлэн болсон соусыг цэвэрхэн саванд хийгээд хөргөгчинд 7-10 хоног хадгалах боломжтой. Улаан лоолийн соусыг өөрийн амталгаанд тохируулан олон янзаар хийж болох бөгөөд энд хамгийн энгийн, зөөлхөн амттайг нь санал болгож байна. Би энэ жорыг хүүхдүүддээ зориулж хийдэг юм.

Орц:
Лаазтай хальсалсан улаан лооль-1 лааз (800 гр)
Улаан лоолийн нухаш-1 хоолны халбага
Лууван-1 ширхэг
Амтат чинжүү-1 ширхэг
Цуккини (хурган гуа)-1 ширхэг
Оливийн тос-3 халбага
Сонгино-2 ширхэг
Сармис-3 хумс
Яншуй-1 атга
Давс, перец
Бусад: өөрийн амтлагаанд тохируулан халуун чинжүү, базилик, орегано, тмин, майоран зэрэг амтлагчуудыг нэмж болно

Хийх аргачлал:
1. Хальсалсан улаан лоолийг дэлгүүрүүдэд зардаг боловч авч амжаагүй тохиолдолд 5-6 ширхэг улаан лоолийг ёроолд нь нимгэн нэмэх тэмдэг хэлбэртэй зүсэлт хийн буцалсан халуун усанд 1 минут байлгана. Ингэсний дараа хальс нь амархан хуулардаг.
2. Сонгино, сармисаа жижиглэн хэрчээд дунд зэргийн гал дээр оливийн тосонд хуурна. Амт нь тосондоо шингээхээр нь нэмээд жижиглэн хэрчсэн хурган гуа, лууван, амтат чинжүүгээ хийнэ. 5 минут орчим хуураад хальсалсан улаан лоолийг (гараар хальсалсан улаан лооль хийх тохиолдолд жижиглээд тал аяга усны хамт) нэмж хийнэ. Үүний дараа давс, перец, болон бусад амтлагчуудаа нэмж хийгээд зөөлөн гал дээр 20 минут орчим луувангаа зөөлөртөл буцалгана.
3. Бэлэн болсон соусанд яншуйгаа нэмж хийгээд халуунаар нь миксерээр эсвэл гар холигчийн хутгаар холино. Цэвэрлэж ариутгасан саванд улаан лоолийн соусыг хийж шууд хэрэглэх юм уу, 7-10 хоног хөргөгчинд хадгална.

Одоо харин хийсэн улаан лоолийн соусаа ашиглан пицца хийж сурцгаая.

Пицца Маргарита хийх арга

Пицца гэдэг үг нь Pektos гэсэн Грек үгнээс гаралтай бөгөөд эрт дээр үеэс Грекчүүд талхан дээр оливийн тос, амтлагч ногоонууд, бяслаг тавьж хийдэг байжээ. Орчин үеийн пиццаг анх 1889 онд Наполи хотод албан ёсоор зохион бүтээсэн гэж үздэг байна. Анхны пиццаны газар 1830 оны үед Наполи хотод байгуулагдаж байсан хэмээн бичигдэн үлдсэн байдаг. Харин 1889 онд Рафаелло Эспоситто тогооч өөрийн пиццаны газартаа Маргарита хатныг зочлоход зориулж 3 төрлийн пицца хийсэн ч хатанд Италийн төрийн далбааны өнгийг агуулсан улаан лооль (улаан), басилик (ногоон), моцарелла (цагаан) бяслагаар хийсэн пицца хамгийн их таалагджээ. Тиймээс уг пиццаг хатны нэрээр “Пицца Маргаритта” гэж нэрлэсэн байна.

Өнөө үед пицца нь дэлхийд хамгийн өргөн тархсан хоолны нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд тухайн улс үндэстний хоолны онцлогоос хамаарч орц нь баяжиж, хөгжсөөр иржээ. Миний хувьд пиццаны үндсэн амтыг улаан лоолийн соус, сайн чанарын бяслаг, гурил 3-аас бүрддэг гэж үздэг юм. Тиймээс Пицца Маргариттаг “Суурь пицца” гэж нэрлэх дуртай. Энэ Маргариттаны жорон дээр өөрийн амталгаанд тохируулан салями, тахиан мах, ананас, олив гээд хүссэн бүхнээ нэмэх боломжтой. Тиймээс үлдсэнийг нь сэтгэмжинд чинь даатган үлдээж байна.

Орц:
1. Зуурмаг: Гурил 500 гр
Давс 1 цайны халбага
Ус 300 мл
Исгэгч 1 цайны халбага
2. Улаан лооль
3. Улаан лоолийн соус
4. Базилик
5. Пармезан (хатуу бяслаг)
6. Моцарелла (амархан хайлдаг хатуу бяслаг)

Хийх аргачлал:
1. Гурилан дээрээ давсаа нэмээд сайн хольж өгнө. Бүлээн усанд исгэгчээ холиод жигд уустал сайн хутгана. Гурилан дээрээ исгэгчтэй уусмалаа хийж зуураад нийцтэл нь 5 минут сайн нухна. 2 минут амраасны дараа дахин 3 минут нухна. Ингэснээр исгэгч зуурмаганд жигд тарж өгөх бөгөөд исэх үйл явц ч жигд явагдана. 500 гр гурилнаас 4 пиццанд зориулсан зуурмаг гарах бөгөөд зуурмагийг 4 хуваагаад духовканы листэн дээр тавин цэвэрхэн алчуураар бүтээж, дулаан газар 2 цаг тавина.
2. 2 цагийн дараа зуурсан гурил хэвийн хэмжээнээс 2-3 дахин том болсон байна. Шарах зуухаа 220 С-т урьдчилж халаагаарай. Энэ хооронд пиццаны гурилыг элдээд дээр нь улаан лоолийн соусыг жигд түрхэж өг. Дээр нь пармезан бяслагийг амт оруулах зорилгоор нэг атга орчмыг үрж тарааж өгнө. Улаан лооль, базилик навч, моцарелла бяслагийг мөн өрж тавина. Улаан лоолийн соус, моцарелла бяслаг шингэн чанартай учир ихэдвэл пицца маань нялцгайдуу болно гэдгийг анхаана уу. Ингээд түүхий Маргариттагаа халуун зууханд хийгээд 7-10 минутын дараа гаргаарай. Ашигласан бүтээгдэхүүнүүдийн орц хэмжээнээс хамаарч 15 минутаас ихгүй хугацаанд бэлэн болно.

Сайхан пиццадаарай!


Гэр аргаар хийсэн соустай Пицца Маргарита
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.