Энэ жилийн Чөлөөт бөхийн дэлхийн аваргын медалийн буухиаг эхлүүлж, араасаа хоёр хүрэл медаль, хоёр олимпын эрх дагуулсан 22 настай залуу тамирчныг “Амжилт” булангийнхаа зочноор урьж ярилцлаа. Энэ хүндтэй зочин бол дэлхийн аваргын хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа юм.
-Залуу тамирчин дэлхийн аваргаас медаль хүртэхэд, битүү морь наадамд түрүүлсэн шиг хүмүүс их баярласан. Олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн залуу тамирчин спорт сонирхогчдод өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Ховд аймгийн Булган суманд төрсөн. Намайг гурван настай байхад, 2001 онд манайх Улаанбаатар хотын Ногоон толгойд гэр бүлээрээ шилжиж ирсэн. Тэнд хоёр жил болоод Нисэх рүү нүүж, буурь сэлгэсэн. Одоо хүртэл Нисэхдээ амьдарч байна. Аав, ээжийн хамт, ам бүл зургуулаа. Би айлын гурав дахь охин, дээрээ хоёр эгч, доороо нэг охин дүүтэй. Нэг эгч минь нягтлан бодогч, нөгөөх нь эмч мэргэжилтэй. Тэр хоёр спортоор хичээллэж байгаагүй, их даруухан, эмэгтэйлэг. Харин дүү спортод их дуртай. Өмнө нь чөлөөт бөхөөр барилдаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар болоод хөндийрсөн. Миний бага нас Туул голын эрэг дээр л өнгөрсөн. Зун, намар Туул голд сэлж, голын зүлгэн дээр үеийн охид, хөвгүүдтэй тоглож, хөвгүүд ноцолдож өссөн. Би их эршүүд өссөн болохоор хөвгүүд их барилддаг байлаа. Мэх мэдэхгүй болохоор хөвгүүдийг гуд татаж унагадаг ганцхан мэхтэй байв. Нисэхийн VII сургуульд I ангид ороод, III ангид ордог жилээ 114 дүгээр сургууль руу шилжиж XI ангиа төгстөл суралцсан. Одоо МУБИС-ийн багш, дасгалжуулагчийн ангид бүртгэлтэй ч бэлтгэл, сургуулилалт, тэмцээн гэж яваад сургуульдаа сурч чадахгүй, чөлөө аваад байгаа.
-Багадаа спортоор хичээллэж байсан уу?
-Манайх дөрвөн охинтой айл болохоор гэрийн хар бор ажил, ус, нүүрс зөөх, мод хагалах, хашаа, хороо цэвэрлэх ажлыг би аавтайгаа хийдэг байлаа. Харин хоёр эгч гэр орны ажил хийнэ. Би ер нь гүйж, харайж, дэгдсэн их хөдөлгөөнтэй охин байсан л даа. Энэ бүхэн миний спортоор хичээллэх үндсэн суурь болж өгсөн болов уу. Манай сургуулийн биеийн тамирын багш 2010 онд намайг Хан-Уул дүүргийн жүдо, самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оруулсан. Самбо бөхөөр дүүргийн аваргад 43 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртсэн минь бөх болох хүсэл, мөрөөдлийг өдөөж өгсөн. Тэр тэмцээний дараа жүдо бөхөд татагдаж, хэсэг хугацаанд Спортын төв ордны секцэнд явж үзэв. Нисэхээс хотын төв рүү секцэнд явах их хүндрэлтэй байсан л даа. Бэлтгэл хийчихээд автобусанд чихэлдэн, замын түгжрэлд олон цаг явахаар их ядардаг байлаа. Тэгээд Нисэхэд ойр бөхийн секц, дугуйлан хайж эхэлсэн. “Буян-Ухаа” ордон баригдаж ашиглалтад орсны дараа чөлөөт бөхийн секц нээгдсэн. Ангийнхаа зургаан охины хамт секцэнд бүртгүүлсэн юм. Одоо харин 59 кг-д барилддаг манай ангийн охин П.Отгонбаяр бид хоёр л үлдсэн. Нөгөө дөрвөн охин сургууль соёлд ороод, амьдралын өөр замыг сонгоод явсан.
-Анх секцэнд ороод Т.Сүхбаатар багшийн шавь болсон юм уу?
-П.Отгонбаяр бид хоёрын анхны чөлөөт бөхийн суурийг “Женко” клубийн С.Мөнхсүх, Б.Мөнхтуяа багш нар тавьж өгсөн. Түүний дараа дэлхийн аваргын мөнгөн медаль ОУХМ Б.Оюунсүрэн багш, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар багш “Женко” клубт ирсэн юм. Одоо Т.Сүхбаатар, Б.Оюунсүрэн багшийн удирдлага доор бэлтгэл, сургуулилалтаа хийдэг.
-Мартагдашгүй дурсамж үлдээсэн анхны тэмцээнээ дурсвал?
-Чөлөөтийн анхны тэмцээн төдийлөн дурсамжтай санагдаггүй. Харин 2013 онд залуучуудын олимпын аварга Б.Батцэцэг эгчийн нэрэмжит тэмцээн Налайхад болсон юм. Тэр тэмцээн хамгийн дурсамжтай, мартагдашгүй санагддаг. Зооны аваргын төлөөх барилдаан их өрсөлдөөнтэй болж, ялагдал хүлээгээд, хүрэл медаль хүртсэн. Тэр барилдааны үеэр Мөнхсүх багш дэвжээний буланд ирчихсэн “Мост сайн хий, ахиад сайн мостол” гээд бараг миний урдаас барилдах нь холгүй байж билээ.
-Тэр тэмцээний хүрэл медалиас хойш амжилт чинь тогтмол өссөн үү?
-Би 2011 оноос чөлөөт бөхөөр хичээллээд 2013 оноос нэрэмжит тэмцээнүүдээс медаль хүртэж эхэлсэн юм. Улмаар 2013 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Дараа жил нь 2014 онд улсын аваргад түрүүлсэн боловч замын зардал олоогүйн улмаас Азийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж чадаагүй. 2016 оны залуучуудын улсын аваргад түрүүлээд дэлхийн аваргад Т.Сүхбаатар багштайгаа явсан. Миний анхны гадаадад оролцсон тэмцээн тэр байлаа. Эхний тойргийн барилдаанд Норвегийн бөхөд ялагдаад сэтгэлээр жаахан унасан. Харин Т.Сүхбаатар багш “Зүгээр дээ, охин минь, сэтгэлээр унах хэрэггүй. Чиний анхны гадаадын тэмцээн шүү дээ. Дэлхийн аваргын тэмцээн гэж ийм байдаг юм. Ялагдалдаа сайн дүгнэлт хий. Яагаад хожигдов гэдгээ бод. Муу ялалтаас илүү сайн ялагдал чамд туршлага болно шүү” гэж билээ. Багшийн тэр үг сэтгэл сэргээж, урам зориг, эрч хүч өгөх шиг болсон. Хамт явсан тамирчид медаль хүртэхэд их баярласан. Би бэлтгэлээ сайн хийвэл эд нар шиг медаль хүртэж чадна шүү дээ гэж сэтгэлээ тайтгаруулсан ч хор шар их хөдөлсөн. Тэр дэлхийн аваргаас хойш ер нь сэтгэлд багтаад явчихсан л даа. Сэтгэл зүйн хувьд тогтвортой, бага зэрэг туршлагатай болж эхэлсэн гэж хэлж болох байх.
-Тамирчин бүхэн ялна, хожно гэсэн бодолтой тэмцээн, уралдаанд оролцдог. Дэлхийн аваргаас медаль хүртэнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Дэлхийн аваргын медалийн төлөө барилдах зорилготой ч яг тийм, ийм медаль хүртэж чадна гэсэн бодол байгаагүй. Сэтгэл зүйгээ сайн бэлдэж, том зорилгоо тавьж зүтгэхэд болохгүй, чадахгүй зүйл байдаггүй юм байна. Ер нь анх бөхийн секцэнд орохдоо дэлхийн аварга болох мөрөөдөл тээж хичээллэсэн. Үргэлж л “Би дэлхийн аварга болж чадна. Зорилгоосоо ухарч няцаж болохгүй. Дэлхийн аварга болно” гэж сэтгэлдээ шивнэж, өөрийгөө хурцалдаг байлаа. Хэзээ ч бүтэхгүй, алс хол мэт байсан тэр мөрөөдөлдөө ойртсон. Дэлхийн аваргын өмнө Б.Оюунсүрэн багштай Польшийн тэмцээнд явсан юм. Тэр тэмцээнд хожиж яваад хожигдлоо. Багш намайг зэмлэж, зөвлөгөө өгсөн. “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход сарын хугацаа бий. Чи аварга болно гэж бодож байгаа бол өөртөө итгэ. Чамд боломж, чадвар байгаа. Ганцхан сэтгэл зүй дутагдаж байна. Би чадна, ялна гэж өөрийгөө зоригжуулан, сэтгэлээ өргөж, биеэ дайчил, хамаг чадах бүхнээ гаргаж сур” гэсэн. Түүнээс хойш дэлхийн аварга хүртэлх 30 хоногт дотоод сэтгэлтэйгээ их тэмцэлдсэн. Толгойд дэлхийн аваргын тэмцээн бодогдоод, дэлхийн аварга болчихлоо гэж хүртэл зүүдэлсэн.
-Хүрэл медалийн барилдаанд гараад л хоёр оноо алдчихсан. Туркийн бөх Бедиха Гуэнаас өмсөх мэх ирнэ гэдгийг тооцоолоогүй юу?
-Тэр Бедихагийн надад зориулж бэлдсэн мэх байх. Өмсөх мэх ирнэ гэж огт бодоогүй. Гэнэтийн зүйл байсан. Ер нь миний гаргасан том алдаа л даа. Өрсөлдөгч бөхөөс ямар ч гэнэтийн мэх ирж болно. Тэр бүгдийг хянаж, барилдаандаа төвлөрч чадаагүйгээс болсон. Польшийн тэмцээний дараа манай эмэгтэйчүүд Туркэд очиж хамтарсан бэлтгэл хийсэн юм. Бэлтгэл дээр Бедиха надтай техник давтаж, барилдахгүй дөлөөд яваад байлаа. Бэлтгэлийн төгсгөлийн барилдаан дээр Бедиха Гуэнтай таарсан. Тэр барилдаанаас Бедихаг хожих боломжтой юм байна гэсэн бодол төрсөн юм. Дэлхийн аваргад Бедихаг хожиж чадна гэсэн өөртөө итгэлтэй бодол сэтгэл зүйд эерэгээр нөлөөлсөн байх.
-Нарийн шилбээр хөл аваад хэрээст мэхэнд шилждэг нь чиний гаршсан дархан мэх үү?
-Миний чөлөөт бөхийн суурийг С.Мөнхсүх багш анх тавьж өгөхдөө баруун хөл аваад цацах мэхийг зааж өгсөн. Б.Оюунсүрэн багш нарийн шилбээр авч, шагайгаар дамжуулан гаргаж ирэхийг, харин Т.Сүхбаатар багш өөрөө хөнгөн жингийн бөх байсан болохоор хурдтай хөл авахыг сургасан. Энэ гурван багшийнхаа зааж өгсөн мэхийг хийж барилддаг. Найз П. Отгонбаярынхаа хамт 2016 онд Японд очиж “Ичиши” клуб дээр Японы шигшээ багийн бөхчүүдтэй хоёр сарын хамтарсан бэлтгэл хийхэд хөл авах мэхийн арга техникийг сайн ойлгож авсан. Японы бөхчүүд золгосон барилдааныг биш хөл авах олон хувилбарт барилдааныг өдөр болгон давтдаг юм билээ. “Ичиши” клубийн Хикун буюу Хидёотоши багшийн бэлтгэлийн үр өгөөж гарлаа. Япон бөхчүүдийн барилдааны арга барил, ур чадвар, техникийг сайн харж, бага боловч тэднээс суралцахыг хичээсэн.
-Танай заалны хананд Саори Ёшидагийн зурагтай хивс өлгөөтэй байсан. Чиний шүтдэг, үлгэр дууриалал авдаг тамирчин уу. Эсвэл “Ичиши” клубтэй холбоотой юм уу?
-Олимпын гурав, дэлхийн 13 удаагийн аварга алдарт Саори Ёшидаг шүтэхгүй байхын аргагүй шүү дээ. Барилдааны бичлэгийг нь үздэг. Саори Ёшида шиг мундаг бөх болно гэж мөрөөддөг. Би ч гэлтгүй манай клубийн тамирчдын шүтээн болсон бөх. Японы “Ичиши” клуб, манай “Женко” клубтэй найрсаг хамтын ажиллагаатай, хоёр талынхаа бэлтгэл сургуулилалтад тамирчдаа хамруулдаг. Тус клубийн Хидёотоши Ёшида багш Саори Ёшидагийн төрсөн ах юм билээ. Жил бүр өсвөр үеийн “Саори кап” тэмцээнийг зохион явуулдаг. Хидёотоши багшийг Монголд ирэх үед Ёшидагийн зурагтай хивсийг захиалгаар хийлгэж бэлэглэсэн. Тэр хивсний нэг нь энэ хананд байдаг юм. Харин Саори Ёшида өөрийн өмсөж байсан борцовкоо гарын үсэг зурж манай бэлтгэлийн зааланд бэлэглэсэн. Магадгүй энэ бүхэн манай клубийг ивээдэг байх. Сүхээ багш “Буян-Ухаа” спортын ордон маань буянтай ордон шүү” гэж бэлгэшээж байнга ярьдаг. Бид ч гэсэн энэ бүхнийг эерэгээр бодож, сайхан энерги, эрч хүч авахыг хичээдэг.
-П.Отгонбаяр та хоёрыг Японд байхад Саори Ёшида ахынхаа клуб дээр ирж байв уу?
-Ирсэн, бүр хамтдаа бэлтгэл хийж, барилдсан. Тэр 30 гарсан бөх гэхэд хөнгөн, уян хатан, техниктэй, их хурдтай юм билээ.
-Өөрөө “Женко” клубтээ дэлхийн аваргын анхны медалийг авчирсан уу?
-Надаас өмнө манай клубийн хүүхдүүд өсвөр үеийн дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртсэн байдаг. Насанд хүрэгчдийн дэлхийн аваргын анхны медаль, Т.Сүхбаатар багшийн шавь нарын дэлхийн аваргаас хүртэж байгаа арав дахь медаль.
-Чамайг хүрэл медалийн болзол хангаад дэвжээнээс буухад Т.Сүхбаатар багш алдарт бүжгээ хийсэн. Бүжиглэж байхыг нь харсан биз дээ?
-Сүхээ багш их баярласан. Намайг тэвэрч баяр хүргэсэн. Би багшийг ард яваа юм байх гээд эргээд харсан чинь хойно үлдчихсэн үзэгчдэд хүндэтгэл үзүүлэн баярласан сэтгэлээ илэрхийлэн бүжиглэж байсан.
-Т.Сүхбаатар багшийнхаа шавь, бөмбөрцөгийн шилдэг бөх хоёр Бурмаа эгчээсээ хэр их юм сурч байна вэ?
-О.Бурмаа, О.Насанбурмаа эгчээс олон зүйл сурч, заалгаж байгаа. Миний хувьд О.Насанбурмаа эгчтэй илүү ойр дотно байдаг. Зөвхөн бэлтгэл, сургуулилалт гэлтгүй амьдралын минь хамгийн чухал зөвлөгч, түшиг тулгуур болдог хүн. Манай клубийн миний үеийн тамирчдад дэлхийн медальтай мундаг эгч нар байгаа учраас тэднээс үлгэр дуурайлал, эрч хүч авдаг. Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, О.Бурмаа, О.Насанбурмаа, Б.Оюунсүрэн гээд эгч нарынхаа амжилтыг бид л үргэлжлүүлэх үүрэг хүлээж байгаа. Хичээж зүтгэнэ ээ.
-Сая дэлхийн цомын тэмцээн дээр АНУ-ын дэлхийн аварга бөхийг цэвэр дарж, хүч бяр, ур чадвараа харууллаа. Нэг ч ялагдалгүй ОХУ, Хятад, АНУ-ын шилдэг бөхчүүдийг цувруулан буулган авч жингийнхээ дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтан орсон гэдгээ нотолсон. Өөрийгөө хэр бяртай гэж боддог вэ?
-Дэлхийн аварга дээр АНУ-ын бөхтэй барилдаж ялагдсан. Их бяртай бөх шиг санагдсан. Би өөрийгөө бяртай гэж боддоггүй байсан юм. Дэлхийн цом дээр АНУ-ын бөхтэй дахин таарч цэвэр ялаад өөрийгөө боломжийн бяртай юм байна гэдгийг мэдэрсэн. Дэлхийн цомд энэ жилийн дэлхийн аварга Америк, надтай цуг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Оросын бөхийг буулган авсандаа үнэхээр баяртай байгаа. Манай “В” хэсгээс АНУ-ын баг нэгээр гарч Японы багтай алтын төлөө барилдсан. Тэр барилдаанд надад ялагдсан АНУ-ын бөх Японы бөхийг хожиж байна лээ. Би Японы бөхтэй хамтарсан бэлтгэл дээр барилдаж үзсэн. Тэмцээн дээр таарч барилдаагүй яваа.
-Америкийн бөх ер нь ямар барилдаантай бөх вэ?
-Америкийн бөх сугадсан барьцнаас тахимдаж унагадаг юм билээ. Дэлхийн аварга дээр би тэр тахимдах мэхэнд нь орж дөрвөн оноогоор уначихсан. Сая дэлхийн цомын тэмцээн дээр тэр тахимдах мэхэнд нь цээжээ хаяж үлдээд цэвэр дарсан.
-Өөрийн чинь 55 кг-ын жин олимпын бус жин. Токиогийн олимпод орвол жин өгсөж барилдах уу?
-Жин өгсөхгүй. Багш нартайгаа зөвлөж байгаа. Улсын аваргаар 2-3 кг хасаад 53 кг-д барилдах бодол бий. Шинэ он гараад олимпын эрх олгох хоёр л тэмцээн байгаа. Нэгдүгээр сарын 2-6-нд улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Улсын аваргад түрүүлж байж олимпын эрх олгох тэмцээнд орно. Олимпын эрхийн эхний тэмцээн гуравдугаар сард, хоёр дахь тэмцээн тавдугаар сард болно. Энэ хоёр тэмцээнд амжилттай барилдаж, намайг өдий хүртэл өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ, гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхөддөө бэлэг барихыг хүсч байгаа. Бөх болох суурийг минь зөв тавьж өгсөн С.Мөнхсүх, Б.Мөнхтуяа, Б.Оюунсүрэн, Т.Сүхбаатар багшдаа их баярлаж явдаг. Мөн Чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн хамт олондоо, шигшээ багийн Б. Баттулга, Ц.Баярсайхан, Ө.Ууганбаяр багш нартаа, “Женко” клубийг үүсгэн байгуулагч Х.Баттуул захиралдаа, Японы “Ичиши” клубийг манай “Женко” клубтэй холбож өгдөг Бямбаа ахдаа, ивээн тэтгэгч “Цаст тайга” компанийн хамт олон, захирал Б.Учрал ахдаа, МУБИС-ийн хамт олонд, Ховд аймгийн нутгийн зөвлөл, Булган сумын ЗДТГ-ынханд, спортод хайртай хүмүүст баярласан талархсанаа танай сониноор дамжуулан илэрхийлье.
Үндэсний шуудан