Хөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ?

2_b (1)Бүсгүйчүүд өдөр тутамдаа хэрэглэж буй гоо сайхны хэрэгсэл болон нүүр будгийн 90 орчим хувьд нь   стафилококк, гэдэсний савханцар зэрэг нэн хөнөөлт микробууд агуулагддаг бөгөөд бүсгүйчүүд ийм бактеритай оо энгэсгийг байнга нүүрэндээ нааж байдаг гэнэ.

Ийм дүгнэлтийг Бирмингем дэх Астоны их сургуулийн эрдэмтэд олон зуун гоо сайхны бүтээгдэхүүнийг судласан судалгааныхаа дүнд гаргажээ.

 Судалгааны зохиогчдын өгүүлснээр, оо энгэсэг хэрэглэдэг хүмүүсийн ихэнх нь багс болон спонжоо хэзээ ч угааж байгаагүй, мөн аливаа бүтээгдэхүүний ашиглалтын хугацаа дуусах талаарх мэдээллийг огт хайхардаггүй гэнэ.

Ингэснээр нүүрэнд түрхэх үед, ялангуяа нүд, ам, эсвэл арьсны гэмтсэн хэсгүүдийн орчимд түрхэх оо энгэсэгт олон сая бактери хуримтлагдан арьсны үрэвслээс эхлээд цус бохирдох эрсдэл хүртэл үүсдэг аж. Ялангуяа дархлаа султай хүмүүс ийм бактериудаас үүдэлтэй өвчин тусах эрсдэл өндөр байдаг гэнэ.

Халдвар тараагч

 Эрдэмтэд судалгааныхаа явцад уруулын будаг, уруул өнгөлөгч, нүдний харандаа, сормуусны будаг, крем түрхэх спонж гэсэн таван төрлийн гоо сайхны хэрэгслийг бичил дуран авиагаар шинжилжээ.

Эдгээрээс хамгийн их бактери тараадаг нь спонж байсан бөгөөд энэ бүтээгдэхүүн шинэ байсан ч бактери олноор цуглуулдаг нь тогтоогдсон байна. Спонжид миллилитр хэмжээнд сая гаруй бактери агуулагдаж байгаа нь тогтоогдсон бол бусад төрлийн гоо сайхны хэрэгсэлд бактерийн тоо яльгүй бага байсан гэнэ.

Судалгааны хүрээнд оо энгэсэг хэрэглэгчдийн дунд судалгаа явуулахад тэдний 93 хувь нь спонжоо хэзээ ч угааж цэвэрлэж байгаагүй гэсэн бол гуравны хоёр нь энэ бүтээгдэхүүнийг ашиглах үед газарт унадаг гэж хариулсан байна.

Спонжийг ашигласны дараа чийг, тэжээлийн бодисууд түүнд үлддэг тул бактери үржих таатай нөхцлийг агуулж байдаг аж. Тиймдээ ч энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж буй хүмүүс халдвар авах эрсдэлтэй байнга тулгарч байдаг гэнэ.

Мөн оо энгэсэг үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүний талаарх илүү нарийвчилсан зааварчилгаа өгч, ашиглалтын хугацааны талаар тодорхой тусгаж өгөх шаардлагатай гэдгийг эрдэмтэд онцолсон байна.

 Тухайлбал, АНУ-ын хуулинд оо энгэсэг үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүний хүчинтэй хугацааг заах албагүй байдаг нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах эрсдэлтэйг онцолжээ.

Эрдэмтдийн онцолсноор нүүр будалтын бүтээгдэхүүнүүдийн хүчинтэй хугацаа маш чухал бөгөөд ашиглалтын хугацаа дууссанаар бактери үржихэд саад болдог консервантуудын тоо буурч, улмаар их хэмжээний бактери үржих эрсдэлтэй гэнэ.

 Харин энэ салбар дахь Европын эрүүл ахуйн стандартууд илүү хатуу байх бөгөөд ямар ч төрлийн бүтээгдэхүүнд гэдэсний савханцарын нян байх ёсгүй хэмээн заасан байдаг.

Гэвч тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад нянгууд орж, идэвхитэй үрждэг байна. Судалгааны явцад хийсэн шинжилгээгээр стафилококк, бусад төрлийн энтеробактери болон ашиглагдаж буй нүүр будалтын бүтээгдэхүүний 70-90 хувьд мөөгөнцөр илэрчээ.

 Нүүр будалтын бүтээгдэхүүнүүд хүнсний бүтээгдэхүүн шиг муудаж, хөгцөрдөггүй, харин өнгө хэлбэр дүрс нь хэвээр байдаг ч оо энгэсгийг хэт удаан ашиглах нь өөрийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг хэмээн судлаачид анхааруулсан байна.


Хөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.