Бүтээлдээ өөрийн хөргийг нуусан алдарт зураачид

mona01Бидний ихэнх нь Микеланжело, Рафаэль, Гоген нарын суут зураачдын талаар сонссон ч тэдний дүр төрхийг тэр бүр төсөөлдөггүй. Зарим зураачид бусдаар өөрийгөө зуруулах дургүй байсан бол өөрийн хөргийг бүтээх нь ч ховор байжээ. Гэлээ ч алдартай зураачид өөрийн хөргийг бүтээлдээ далд байдлаар оруулсан тохиолдол цөөнгүй. Энэ талаар Адме.ру цахим хуудсын бэлтгэсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Леонардо да Винчи — “Мона Лиза”

“Мона Лиза”-г өнөө хэр нь дэлхийн хамгийн нууцлаг зургуудын нэг гэх бөгөөд зурагт дүрслэгдсэн бүсгүйн инээмсэглэлийн нууцыг тайлах гэж эрдэмтэд янз бүрийн л арга хэрэглэж байв.  Жокондагийн уруул үл мэдэг дээш өргөгдсөн нь бие давхар эмэгтэйн инээмсэглэл гэж үзэх урлаг судлаачид байхад зураг дээр да Винчигийн шавь Салаи дүрслэгдсэн гэж үзэх нэгэн ч бий.

Мона Лиза шүдгүй байсан гэж шүдний эмч нар батлах бол сэтгэл судлаачид Жокондаг сэтгэцийн өвчинтэй гэж ч тайлбарлана.

Энэ зургийг тайлбарласан олон таамаглал дундаас хамгийн сонирхолтой нь Леонардо өөрийн хөргийг бүтээсэн гэх таамаглал ч байж мэднэ. Олон судлаачид Леонардо эмэгтэй хүний дүрээр өөрийгөө зурсан гэж үзэх бөгөөд Мона Лиза болон да Винчигийн өөрийн хөргийг харьцуулан үзвэл нүүр царайны хэлбэр яв цав таарах нь гайхширмаар.

Микеланжело Буонаротти — “Аймшигт шүүх”

Суут Микеланжелогийн хамгийн алдартай бүтээлүүд болох Ватиканы Сикстиний сүмийн ханан дээрх зургийг бүтээхэд хялбар байгаагүй гэдэг. Тэрбээр хэдэн цагийн турш дээвэр дор, нуруугаараа харан хэвтэж, гарыг нь даган урсах будгаа арчин, бийрээрээ зургаа давхарлан зурж байсан гэх.

Энэ бүтээл дээр Микеланжело өөрийн хөргийг дүрсэлсэн гэх таамаглал бий. Зургийн бараг төв хэсэгт, Мария болон Христийн хөл хавьцаа гэгээн Варфоломей нэгэн хүний арьсыг барина. Чухамхүү энэ арьс нь Микеланжело өөрөө гэсэн таамаглал бий.

Иероним Босх — “Диваажингийн цэцэрлэг”

 

Иеронимийн Босхын “Диваажингийн цэцэрлэг ” бүтээлийг хичнээн удаан харлаа ч юу ч ойлгомгүй мэт. Зөвхөн таамаглаж л болох хийсвэрлэлээр энэ зураг дүүрэн. Ийм таамаглалуудын нэг нь зураачтай өөртэй ч хамааралтай.

Зургийн баруун хэсэгт хөл нь мод болон хувирч, бие нь хатан, өндөг шиг хагарсан хүн төст амьтан бий. Энэхүү мангас огтоос харамссан шинжгүй там руу харах агаад тамд амьдрагсад руу үл мэдэг инээмсэглэж ч байх шиг. Чухамхүү энэ амьтнаар Босх өөрийгөө дүрсэлсэн гэж таамагладаг.

Караважо — “Голиафын толгойг барьсан Давид”

Өөрийн хөргийг зурах дургүй олон зураачдаас ялгаатай нь Караважо бүтээлдээ өөрийгөө дүрслэх нь олонтаа байв. Тэрбээр өөрийгөө дарсны бурхны дүрээр ихэвчлэн дүрсэлдэг байсан бол “Голиафын толгойг барьсан Давид” зураг дээрээ өөрийгөө шаналлыг туулсан дүрээр, гагцхүү толгой хэсгээр дүрсэлжээ.

Рафаэль Санти — “Афины сургууль”


Рафаэлийн “Афины сургууль” зураг дээр олон танил царайг харж болно. Энд Пифагор, Алкивиад, Эпикур, Сократ, Диоген, Леонардо да Винчи гээд нийтдээ 50 хүн бий. Алдарт сэтгэгчид болон уран зураачдын дунд Рафаэль өөрийгөө ч багтаажээ. Түүнийг зургийн баруун хэсгээс харж болох бөгөөд түүнээс өмнө “Афины сургууль”-ийг зурж буй Содомой зураачийн хажууд зогсож байгаагаар өөрийгөө дүрсэлсэн байна.

Ян ван Эйк — “Арнольфинигийн хөрөг”

Ян Ван Эйкийн хамгийн алдартай бүтээл “Арнольфинигийн хөрөг” зураг нарийн ширийн зүйлсээр дүүрэн бөгөөд зурагт дүрслэгдсэн хүмүүсийн тухай маргаан өнөөг хүртэл тасраагүй.

Зураг дээр зураач өөрийгөө эхнэрийнхээ хамт дүрсэлсэн гэх таамаглал байдаг бол тэрбээр өөрийгөө толинд “нуусан” гэж таамаглах нь ч бий. Хоёр дахь таамаглалыг батлаж мэдэх “Ян ван Эйк энд байсан” гэсэн бичиг толин дээр бий. Өрөөний хаалган дээр байгаа дүрснүүдийн дунд зураач өөрөө ч байж мэдэх.

Г.Бямбасүрэн


Бүтээлдээ өөрийн хөргийг нуусан алдарт зураачид
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.