“Ааштай” ажлын байрнаас сурах дадлууд

kgn-img-466911

Дарга чинь ааштай, хамт ажиллагсад чинь ааштай, манаач нь ааштай, ажлын байр чинь хүртэл “ааштай”. Эцсийн дүндээ чи ч гэсэн ааштай болж эхэлж байгаа биз? “Хурдхан гаръя” гэж бодохоос нь өмнө чамайг энэ хугацаанд юу юу сурсныг нэхэн сануулъя гэж бодлоо.

1. Бүрэн гүйцэтгэл
Дутуу байна гэж үзвэл хийсэн зүйлийг чинь дахин хэд ч буцаах чадалтай даргатай байхад бид юу сурдаг гээч? Ажлын бүрэн гүйцэтгэл. Эхэндээ “Ямар ядаргаатай юм бэ?” гэж бодогдох ч явцын дунд, өөрийн эрхгүй чи илүү сайн гүйцэтгэгч болон өөрчлөгдөж байдаг. Сүүлдээ хамт олон чинь тухайн ажлыг хэн дааж авсныг дуулангуутаа “Тэгвэл санаа зовох хэрэггүй юм байна” гэсэн хүндэтгэлээр чамд хандаад эхэлнэ шүү дээ. Яагаад гэвэл чиний гараар орсон л бол том төслөөс авахуулаад жижигхэн даалгавар байсан ч төгс гүйцэтгэлтэй гарна гэдгийг тэд мэдэж байгаа. Тиймээс ааштай, бас залхуугүй даргатай байсандаа баярлах хэрэгтэй шүү. Насан туршид хэрэглэгдэх энэ чанарыг ийм хурдан хугацаанд олж авна гэдэг чинь маш азтай хэрэг!

2. Бие даасан байдал
Ажилд орохоос өмнөх үеэ эргэн нэг сана даа? Жилийн өмнө, 3 жилийн өмнө ямар байснаа одоо өөрөө ч мартсан байх. Гэхдээ би санаж байна аа! Чи амьдралаас юу хүсч байгаагаа, юу хэрэгтэй гэдгээ тийм ч сайн тодорхойлоогүй, ирээдүйгээ тэгтлээ төлөвлөж амжаагүй, мөрөөдөлтэй л нэгэн охин байсан. Харин одоо өөрийнхөө чадваруудыг мэддэг, санхүүгээ аль хэдийнэ зохицуулаад сурчихсан, ганцаараа компани байгуулахад ч хүрэлцэхээр мэдлэгтэй, хэнээс хараат бус бүсгүй болон өөрчлөгдсөн шүү дээ. Бас дээр нь нэмээд эндээс гарсан ч өөрийгөө алзахгүй аваад явж чадахаар биеэ даасан. “Ааштай” ажлын байрнаас сурах ёстой юмаа чи үнэхээр сурчээ!

3. Хов живнээс хол байх
Урьд нь багахан хов чиний хувьд тухайн өдрийг сонирхолтой болгодог нэгэн хэрэгсэл байсан байж магадгүй л юм. Гэхдээ элдэв төрлийн хов ярих дуртай, түүнээс болж олон асуудал үүсдэг ажлын байранд амьдарсаар байгаад үнэн сэтгэлээсээ үүнийг жигших сэтгэл чамд төрсөн. Ажлын садааны дээр хэнд ч хэрэггүй хов живнээс холуур тойрч өөрийгөө аварч чаддаг болсонд чинь баяр хүргэе!

4. Өөртөө итгэлтэй байдал
Хулчгар байсан гэдгээ хүлээн зөвшөөрөх сайхан бас амар л даа. Гэхдээ “Ааштай” ажлын байранд очсоноосоо хойш чамд өөрийгөө илэрхийлэх, санаагаа бусдад зөвөөр ойлгуулах, тэднээр зөвшөөрүүлэх чадварууд шинээр нэмэгдсэн гэдгийг мэдэх бүр сайхан байгаа биз? Энд ирээгүй бол чи одоог хүртэл багахан зүйлээс ч айдаг, “Буруу хийчих вий” гэж санаа зовдог, хийсэн алдаагаа яаж засахаа ч мэддэггүй, бусдаас өөр санаа бодолтой байхаас хулчийдаг, хүчтэй байр суурь баримтлахаас шууд зайлсхийдэг нэгэн хэвээр үлдэх байсан ч байж магадгүй. Тэгж бодсон чинь харин аймшигтай санагдаж байна шүү.

5. Стресс цаашаа!
Эхэндээ ч яахав, хүссэн хүсээгүй тэр чамтай “сайн найзууд” болчихоод байсан л даа. Гэхдээ тэр найздаа зоригтойгоор “Одоо яв” гэж, бүр “үүрд баяртай” –г ч санаа зоволгүйгээр хэлж чаддаг хүчтэй нэгэн болжээ. Ямар ч хүмүүсийн арга эвийг олж, түм түжигнэж, бум бужигнасан нөхцөл байдлыг ч эвтэйхнээр даван туулж, өөрт ашигтайгаар эргүүлж сурсны үр дүнд стресс чамайг тойрдог болсон гэсэн үг. Тэгж өөрийнхөө ирээдүйг бодохгүй бол бөөн стресстэй хүмүүсийн дунд яаж “амьд үлдэх” вэ дээ.

6. Олон юмыг зэрэг амжуулах чадвар
“Ааштай” ажлын байран дээр хийх ёстой ажлаас гадна мөрөөдлөө, гэр бүлээ, хувийн амьдралаа, зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд яах аргагүй олон юмыг зэрэг амжуулж сурсандаа мөн л талархах хэрэгтэй. Хэрвээ “24 цаг арай л багадаад байна” гэж бодогдоогүй, хуваарилж сураагүй бол яаж энэ бүхнийг нэг өдөрт багтаах арга ухаанаа олох билээ дээ? Чамд бусад хүн бүрээс илүү давуу тал байна.

Одоог хүртэл ийм өгөөжтэй, үр дүнтэй зүйл бүтээж байгаагаа анзаараагүй биз дээ? Харах өнцгөө ялимгүй өөрчлөхөд л энэ бүхэн болчихож байгаа юм даа!


“Ааштай” ажлын байрнаас сурах дадлууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.