Сонгуулийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж, энэ хуулинд эмэгтэйчүүдийн квотыг яаж түлхүү оруулах, эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжийг хэрхэн олгох тухай асуудал олны анхаарлын төвд байна. Сонгууль бүрийн өмнө улс төрийн нам эвслүүд гэнэтхэн эмэгтэйчүүдэд “хайр зарлаж”, тэднийг шийдвэр гаргах түвшинд түлхүү ажиллуулна, “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо чухал” хэмээн лоозогнодог. Гэвч өнөөдрийг хүртэл тэдний энэ үг амьдрал дээр бодиттоор хэрэгжиж чадахгүй байгаа. Тиймээс бид энэ талаар “Гал голомт” Үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөөтэй ярилцсан юм.
-Та гэр бүлийн асуудлыг төрийн бодлогын төвд тавиач гэж их ярьдаг. Яаж төвд тавих юм бэ?
-. Монголын гэр бүлийн асуудал хамгийн төвөгтэй асуудал байгаа гэдгийг нийгэмд хэлэх ёстой. Аз жаргалтай сайхан гэр бүлтэй хүмүүс юун балай юм яриад байгаа юм гэж бодох байх л даа. Тэр их аз жаргалтай гэр бүл чинь хүн амын үнэмлэхүй дийлэнх нь байж чадаж байна уу үгүй юу. Үндэсний аюулгүй байдлын гол гогцоо нь гэр бүлийн бэхжилт, хөгжлийн асуудал. Дэлхийн ямар ч хөгжилтэй оронд гэр бүлийн яам, залуучууд, хүүхдийн яам зэрэг төрийн тогтолцоотой байгаа байхгүй юу. Гэр бүлийн асуудлыг хувийн гэж хаях бололцоогүй. Хичнээн өрх ядуу амьдарч, хүүхдүүд тэнэмэл болж байна. Хүн худалддагдаж, өчнөөн эмэгтэйчүүд гадаадад бэр болж, гэр бүл салж байна. Энэ нийгмийн тогтвортой байдал хөгжлийг чөдөрлөж байгаа маш том хүчин зүйл юм. Тиймээс гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх бодлого явуулахгүйгээр бид ямар ч асуудал шийдэхгүй ээ. Зам барьж байна гээд гадны баахан хүмүүс оруулж ирдэг. Хичнээн монгол эмэгтэй эцэггүй хүүхэд тэврээд үлдэж байна. Энэ чинь өөрөө асуудал болоод байна шүү дээ. Эргээд тэр хүмүүсийн амьдрах итгэл үнэмшил, нэр төр, ирээдүйд асар их сөрөг нөлөөлж байна. Монгол хүний амьдралын үндсэн гол орчин болсон гэр бүлийн асуудлаар төрийн бодлого ярьдаг хүн ховор байна. .
-Гэр бүлийн хамтын амьдарлыг дэмжих үүднээс төрийн бодлого ямар чиг үүрэгтэй ажиллах ёстой юм бол?
-Би төрийн хүн биш болохоор үндэсний хэмжээний хариулт өгч чадахгүй нь. Надад мэдээлэл ч бага байна. Манай “Гал голомт” үндэсний хөдөлгөөний салбар хүрээ арваад аймагт үйл ажиллагаагаа явуулдаг. Бидэнд хандсан асуудлаас харахад гэр бүлд зөвлөгөө өгөх, туслах төрийн мэрэгшсэн сүлжээ Монгол улсад үндсэндээ байдаггүй. Тийм учраас манай иргэд гэр бүлийнхэнтэйгээ муудалцлаа гэхэд хаанаас, хэнээс очиж зөвлөгөө авахаа мэддэггүй. Энэ асуудлыг л бид бий болгож өгөөч, монголын төр гэр бүл, иргэддээ анхаарал хандуулаач гэж олон жил ярьж хэлж ирлээ. Нийгмийн хэрэгцээ шаардлагаас болоод гэр бүлийн асуудлаар ажилладаг төрийн бус байгуулагууд их болсон байна. Энэ бүх байгууллагыг нэгтгээд, удирдаад энэ хүмүүсийг нийгмийн асуудалд татан оролцуулах амьд ажил хэрэгтэй байна л даа. Бид төрөөс ямар нэг дэмжлэг авдаггүй. Тиймээс ямар хэмжээний санхүү, бололцоо олдож байна тэр хэмжээндээ л ажиллаж байгаа. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар Олон улсын янз бүрийн байгууллага орж ирж байгаа ч гэр бүлийн асуудалд анхаарал хандуулж, хөрөнгө мөнгө зарцуулах газар ховор байдаг. Өнөөдөр монгол гэр бүл, тэр гэр бүлд амьдарч байгаа хүний амьдрах орчин нөхцлийг таатай болгох зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-Залуучууд хамтран амьдрагч маягаар амьдрахыг чухалчилж, хэн хэнийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээхээс зайлсхийх болсон?
-Тиймээ. Монголчууд аж төрөх, ахуй амьдралаа өөд татах, гэр бүлээ авч явж, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх баялаг туршлага, өөрийн гэсэн уламжлалтай ард түмэн. Үндэсний дэвшилт уламжлалыг орчин үеийн хөгжлийн хандлага шаардлагатай нйицүүлэх хэрэгтэй байгаа юм. Гэр бүл гэдэг чинь бие даасан бүхэл бүтэн нэг тогтолцоо. Тэр дотор хөгшин, залуу, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй , сэхээтэн бүгд л байдаг. Тэгэхээр энэ тогтолцоог яаж нийгэмтэйгээ уялдуулж авч явах вэ гэдэг өөрөө том асуудал. Эцсийн эцэст Монгол улсын тусгаар тогтнол, монгол гэж гүрэн байна гэдэг хамгийн том баталгаа бол аз жаргалтай, сэтгэл ханамжтай, аюулгүй байдалтай монгол гэр бүл юм. Гэр бүл дотор үндэсний соёл уламжлагдаж, тэр үндэстний дараа үе мэндлэж, иргэний төлөвшил олж байдаг. Гэр бүл гэдэг хамгийн бат тогтвортой нийгмийн нэгж. Энэ утгаараа төрийн бодлого гэр бүлд хэрхэн наалдаж, хэрхэн уялдаж байна вэ гэдгээс олон зүйл шалтгаална.
-Гадаад руу мөнгө олохоор явж байгаа залуу гэр бүлүүдийн ихэнх хувь нь салж сарниж байгаа. Энэ талаар танай төрийн бус байгууллага судлагаа хийж үзсэн үү?
-Гадаад руу маш олон залуус амьдралаа дээшлүүлэхээр явж байна. Гэр бүлээ орхиод гадаад руу явсан хүмүүсийн 32 хувь нь гэр бүлээсээ салж байна гэсэн судлаачдын дүгнэлт бий. 50 гаруй хувь нь хуучин амьдарч байсан хэв шинжээ хадгалж чадахгүй байна. Энэ чинь өнөөдөр арван сая төгрөгтэй байснаас илүү тэр хүний бүхэл бүтэн амьдарлын тогтолцоог эвдэж байгаа юм. Тийм учраас гэр бүлийн асуудал гэдэг бол зүгээр нэг сонирхогчдын асуудал биш. Монгол төрийн хөгжлийн бодлогын төв байх учиртай. Хүн төрөлхтөн өнөөдөр хөгжлийн бодлогыг материаллаг үнэт зүйл гэж харахаасаа илүү харилцааны үнэт зүйл гэж хардаг болсон ийм нийгэмд бид амьдарч байна.
-Гэр бүл салалтын бас нэг шалтгаан нь архи гэдэг дээр та нададтай санал нэг байх байлгүй?
-Гэр бүлийн амьдралыг хамгийн хүнд байдалд оруулж байгаа маш том нийгмийн үзэгдэл бол архидалт. Би Их хурлын гишүүн байхдаа Архидан согтууруулахдаа тэмцэх тухай хуулийг санаачлаж, ажлын хэсгийг нь ахлаж, хэрэлдэх цагтаа хэрэлдэж, хэлэлцэх цагтаа хэлэлцэж байж тэр хууль батлагдаж байсан юм. Харамсалтайн энэ хуулийг хэрэгжүүлэх талаар доривтой алхам хийсэнгүй. Зүгээр л шоу хийцгээж байсан. Өнөөдөр монголын бизнесийн хэдэн хувийг архи, согтууруулах ундаа эзлэж байна. Нэг монгол хүнд 28 литр архи ногдож байна.. Гэр бүл салалт, гэмт хэрэг, аваар ослын хэдэн хувь нь архитай холбоотой байна вэ гэдэг маш том судлагаа бий. Үнэхээр монголын нийгмийг доройтуулж байгаа зүйл архи. Архины үйлдвэрлэл, үйлчилгээ, импорт чинь төрийн хяналтанд байдаг юм. Бүх хүн архи үйлдвэрлэж, зарж баяждаг орон монголоос өөр байхгүй шүү.
-Сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал ид яригдаж байна. Энэ удаа эмэгтэйчүүдийн квотыг яаж нэмэх, тэднийг улс төрд яаж түлхүү оруулах тухай асуудал бас л маргаантай байгаа. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Монгол Улсын Их хурал 2005 онд Монголын мянганы хөгжлийн зорилтыг баталсан юм. Энэ тогтоолд 2015 онд УИХ-ын гишүүдийн 30 хувь нь эмэгтэй хүн байна гэдэг зорилт дэвшүүлсэн байгаа. Гэтэл 2015 оны урд талын сонгуулийн босгон дээр 3,9 хувь нь л эмэгтэй хүн сууж байгаа байхгүй юу. Цаана нь бүхэл бүтэн 26 хувь дутуу байж байгаа. Энийг яаж гүйцээх юм. Тэр зорилтыг биелүүлэх юм уу, үгүй юм уу гэдэг нь өнөөдөр ч бүрхэг байна. Үүнээс үүдээд УИХ-ын тэр тогтоол өөрөө хүчинтэй эрхийн акт мөн үү, биш үү гэдэг асуудал хүртэл сөхөгдөж байна. Одоогоос зургаан жилийн өмнө 2005 онд Монголын мянганы хөгжлийн зорилтыг батласан тогтоолыг дараа үеийн эрхэм гишүүд хэрэгжүүлэх, бодит нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ ажил хийгдсэнгүй. Өнөөдөр эрэгтэйчүүд энэ асуудлыг шийдснээр өөрийнх нь нэр дэвших эрх хязгаарлагдчихна гэж айж байгаа болохоос биш УИХ-аас гаргасан хууль тогтоолоо биелүүлэх тал дээр анхаарал хандуулж чадахгүй байгаа юм. Уг нь энэ квот тогтоосноос хойш улс төрийн шийдвэр гаргах шатанд очих эмэгтэйчүүдийн хүсэл эрмэлзэл хамаагүй илүү болсон. Эмэгтэйчүүд өөөрсдийгөө таниулах, нийгмийн асуудлыг шийдэхэд оролцох эрмэлзэл нь нэмэгдсэн. Өөртөө итгэх итгэлтэй бүсгүйчүүд олширсон. Харамсалтай нь манайхан квот гэж юу яриад байгаа юм бэ гэдэг, үнэндээ ойлгодоггүй. Өнөөдөр дэлхийн 90 орчим орон эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах шатанд оруулахын тулд квот гэдэг энэ системийг хэрэглэж байгаа юм. Үүнээс гадна 40-50 орны улс төрийн намууд өөрсдөө дүрмэндээ эмэгтэйчүүдийн квотыг тогтоосон байдаг.
-Өнөөдөр 30 хувийн квотыг хангаж чадах, бэлтгэгдсэн улстөрч хүүхнүүд байхгүй гэж ярих эрчүүд олон байгаа шүү дээ?
– Байгаа, надад бүр зуун эмэгтэйн нэр байгаа шүү. Нэгдүгээрт, монголын эмэгтэйчүүд өндөр боловсролтой болсон. Хоёрдугаарт, нийгмийн ажлын туршлагатай эмэгтэйчүүд харьцангуй олон байна. Хамгийн гол нь төрийн бус байгууллагыг хэн толгойлж, хэн дуугарч, хэн иргэний нийгмийг мэдрүүлж байна. Эмэгтэйчүүд голлож байгаа биз дээ. Эмэгтэйчүүд нийгмийн ажлын асар их туршлага хуримтлуулж байгаа гэж хэлэх бүрэн үндэстэй. Гуравдугаарт, манайхан эмэгтэйчүүдийг тэгж их дорд үзээд, шахчихсан ард түмэн биш шүү дээ. Олон салбарт эмэгтэйчүүд манлайлж байгаа. Нийгмийн оюуны салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр. Үүнээс гадна эрдэмтэн, төрийн, ажилтан, нийгмийн зүтгэлтэн эмэгтэйчүүд парламентад ороод, одоо байгаа гишүүдээс муу ажиллана гэсэн баталгаа нь хаана байгаа юм. Парламентын гишүүдээс нийгмийн болоод эдийн засаг, улс төрийн салбараар үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шинжээч хэд байгаа юм гэдэг асуудлыг зүй ёсоор сөргүүлэн тавих ёстой байх л даа. Мөн эмэгтэй хүний өөрийн онцлог бий. Эмэгтэйчүүд элдэв хатуу ширүүн өрсөлдөөн дунд орохоос татгалздаг. Үүн дээр л эрчүүд тоглоод байгаа юм. Эмэгтэйчүүд Монголын улс төрд орж ирснээр Монголын парламент хүнийг хөгжлийн төвд тавьсан нийгмийн том хөтөлбөр бодлого шийдвэр гаргах боломжтой болно. Би сайндаа үүнийг хэлж байгаа юм биш. Дэлхий нийтийн туршлагаар батлагдсан зүйл. Өнөөдөр эмэгтэйчүүдийн квот тогтоосон нь амжилт бас эхлэл. Одоо бид эмэгтэйчүүдээ төлөвшүүлж, тэднийгээ улс төрч болгож, улстөрийн шийдвэр гаргах аргад сургах хэрэгтэй. Энд улс төрийн намууд өөрсдөө ажиллах ёстой.
Ярилцсанд баярлалаа
Л.Цэдэвсүрэн