- Нийгмийн сүлжээ нь өрсөлдөөний талбар болж хувирсан. Хүмүүс бусдын дор орохгүй гэж, бусдаас илүү гарах гэж хичээх нь өөрөө өөрийгөө бага багаар алж буй хэрэг
- Headspace сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс Австралийн их сургуульд хийсэн судалгаагаар тус улсын оюутнуудын 35 хувь нь өөрсдийгөө гэмтээх юм уу амиа хорлох оролдлого хийж байсан нь тогтоогдсон байна. Залуусын бодол санаа ийм тогтворгүй болсон нь сошиал орчны нөлөө гэж судалгааны багийнхан дүгнэжээ
- Төгс төгөлдрийн төлөөх утга учиргүй өрсөлдөөн өсвөр насныхан болон залуу үеийнхэнд сүүдрээ илүүтэй тусгадаг
- Нийгмийн сүлжээгээр бол хэн бүхэн өөгүй харагдаж байна. Гэтэл зарим нэг нь бусдын гял цал амьдралыг өөрийнхтэйгөө харьцуулж бодон сэтгэлээр унана. Энэ нь яван явсаар хүмүүсийг сэтгэл гутралд оруулдаг нь төгс харагдах хүсэл буюу перфек-ционизмийн хамгийн гол аюул болоод байна” хэмээн Австралийн Флиндерсийн их сургуулийн профессор, сэтгэл судлаач Трэйси Уэйд бичжээ
Ганган гацуур, гял цал орчин, дэгжин охид, залуус, баярын тансаг ширээ, шагнал авсан шилдгүүд, сугалаанд ёндоорсон азтанууд. Ойрын хэд хоногт нийгмийн сүлжээнээс эдгээрийг залхтлаа харж байна уу. Сүүлдээ хүн бүр гоё сайхан зургаа оруулаад байхаар ганцаархнаа үлдчих гээд байгаа мэт санагдаж байгаа биз. Угаас фэйсбүүкт царай муутай хүн байхгүй гэж ярьдаг. Байнга л гоё сайхан зургаа постолж, амьдралын аз жаргалтай мөчөө хуваалцаж, сайн сайхныг магтан дуулна. Харин ойрын өдрүүдэд шинэ жилийн баяр ээлж дараалан тохиогоод сошиал орчин бүр ч “буцалж” байх шиг. Гэвч сошиал орчин бодит байдлаас алсарч, төгс төгөлдөр рүү тэмүүлэх тусам хор хөнөөл нь төдий чинээ их байдгийг судлаачид сануулдаг. Энэ талаар зөвхөн Монголд биш, дэлхий дахинд ярьж, сануулж буй. “Өөрийн сошиал аккаунт руугаа ороод үзээрэй. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх зураг, бичлэгүүдийг гүйлгээд үзвэл аз жаргал, хайр, зорилго, хүсэл тэмүүлэл гэсэн утгатай хаштаг дүүрэн байх вий. Нийгмийн сүлжээгээр бол хэн бүхэн өөгүй харагдаж байна. Гэтэл зарим нэг нь бусдын гял цял амьдралыг өөрийнхтэйгөө харьцуулж бодон сэтгэлээр унана. Энэ нь яван явсаар хүмүүсийг сэтгэл гутралд оруулдаг нь төгс харагдах хүсэл буюу перфекционизмийн хамгийн гол аюул болоод байна” хэмээн Австралийн Флиндерсийн их сургуулийн профессор, сэтгэл судлаач Трэйси Уэйд бичжээ.“Одоогийн хүмүүс 30, 40 жилийн өмнөхтэй харьцуулбал илүү их дарамт дор амьдарч байгаа. Хүн бүр төгс байхыг хичээхийн хэрээр амьдрал нь улам хэцүү болсоор байна. Харамсалтай нь төгс зүйл гээч энэ хорвоод үгүй гэдгийг ойлгодоггүй хүн дэндүү олон. Миний бодлоор нийгмийн сүлжээ нь өрсөлдөөний талбар болж хувирсан. Хүмүүс бусдын дор орохгүй гэж, бусдаас илүү гарах гэж хичээх нь өөрөө өөрийгөө бага багаар алж буй хэрэг” хэмээн Уэйд профессор ярьсан байна. Сүүлдээ гоё сайхан постууд гэр бүлийн хосын дунд хэрүүл үүсэх шалтгаан болсон тохиолдол гарав. “Хүмүүс шилдгээр тодорч, азтан болоод л байх юм. Гэтэл чи гэж арчаагүй юм” гэж ирээд нөхрөө загнадаг бүсгүй ч байна. Үнэхээр л хүн бүр азтан болоод, ганц нөхөр нь л хоосон хоцорсон мэт санагдсан байх л даа, тэр бүсгүйд. Headspace сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс Австралийн их сургуулиудад нэгэн судалгаа хийжээ. Судалгааны дүнд тус улсын оюутнуудын 35 хувь нь өөрсдийгөө гэмтээх юм уу, амиа хорлох оролдлого хийж байсан нь тогтоогдсон байна. Залуусын бодол санаа ийм тогтворгүй болсон нь сошиал орчны нөлөө гэж судалгааны багийнхан дүгнэжээ. Төгс төгөлдрийн төлөөх энэ утга учиргүй өрсөлдөөн өсвөр насныхан болон залуу үеийнхэнд илүүтэй сүүдрээ тусгадаг аж. Тэдний хувьд үзэл бодол бүрэн төлөвшиж гүйцээгүй байдаг нь сошиал орчин дахь солиоролд автах үндэс болдог байна. Тиймдээ ч бусдын дор орсон мэт санагдах, өөрийгөө чамлах бодол байнга төрнө. Энэ нь даамжирсаар байвал амиа хорлох ч эрсдэлд хүргэж болдгийг олон янзын судалгаа харуулдаг. Хүний амьдрал хойно жаргал, зовлон ээлжилж, хар, цагаан сүлэлдэж байдаг. Гэхдээ хүмүүс зовж зүдэрсэн, ядарч доройтсон, азгүйтэж бүтэлгүйтсэнээ барагтай л бол бусдад дэлгээд байдаггүй. Тиймээс амьдралын гашуун үнэн хөшигний цаана үлдэж, зөвхөн сайн сайхан, амар хялбар амьдрал нүдний өмнө дурайх болов. Амьдрал үзээгүй өсвөр насныханд энэ бүхэн зүүд зэрэглээ мэт гайхамшигтай санагдах нь гарцаагүй. “Амьдрал ийм амар хялбар, ийм ганган тансаг, ийм аз ёндоотой юм байна” гэх ойлголт тархинд нь гүн бат суусан залуус жинхэнэ үнэнтэй нүүр тулаад яаж барьцалдахыг төсөөлөхөд тийм ч хэцүү биш. Хоёр жилийн өмнө 18 настай австрали загвар өмсөгч Эссена О’Нил 600 мянган дагагчтай инстаграм хаягаа хааж буйгаа зарласан. Тэрбээр 2000 гаруй зургаа устгасан бөгөөд дээрх шийд вэрийнхээ талаар “Энэ бүхэн ямар ч утгагүй мэт санагдаж байна. Хуурамч инээмсэглэл, гоё ганган хувцас, худал хөөрөгдсөн сэтгэгдлүүдээс үнэндээ залхаж байна. Залуу охид бусдын анхаарлыг татахын тулд төгс төгөлдөр байх гэж хичээдэг боллоо. Гэвч үүний цаана эгэл жирийн амьдрал орхигдож буй нь харамсалтай. Төгс төгөлдөр болохыг хичээх тусам ийм зүйл байдаггүй гэдгийг ойлгох болно” хэмээн тэр ярьжээ. “Та нар шинэ жилд орох гэж байгаа зургаа тавих юм. Яагаад шинэ жилээс гарч байгаа зургаа оруулдаггүй юм бэ” гэсэн хоржоонтой пост явж байсныг хүмүүс анзаарсан байх. Үнэндээ энэ хэдхэн цагийн хооронд нөгөө гоё ганган охид, залуус танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн байдаг. Мэдээж ийм зургаа тавихыг хэн хүсэх билээ. Тиймээс баяр ёслол бүхэн гоё сайхан мэтээр бусдад төсөөлөгдөж, үүний цаадах хар бараан дүрх төрх орхигдож хоцорно. Өдгөө шинэ жилд орж, баяр тэмдэглэх нь байтугай хоногийн хоолоо ч авч чадахгүй байгаа айл дэндүү олон. “Лантуун дохио” төрийн бус байгууллагын залуус амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдэд бэлэг тарааж явахдаа бидний бодит амьдралыг нүдэнд харагдтал бичиж, ярьсаар байна. Амандаа хийчих ганц зүсэм талхгүй, зуухандаа түлэх ширхэг модгүй хүйт даасан гэрт суугаа гуравтай, тавтай хоёр хүүгийн тухай пост хэр олон хүнд хүрсэн бол. Харамсалтай нь амьдралын эгэл үнэн бус, гоё ганган, хуурамч дүр төрх л нийгмийн сүлжээг дүүргэх юм даа. Шинэ жилийн ганган зургаа оруулж буй хүмүүсийг шүүмжлэх гэсэнгүй. Гэхдээ аливаа зүйл хэмжээнээсээ хэтэрвэл ямар хөнөөлтэй байдгийг л сануулах гэсэн юм. Ингэхэд шинэ жилээ тарж буй үеийнхээ зургийг зориглоод оруулчих хүн хэр олон байгаа бол?
Г.Баярсайхан
ЗГМ