Бид ээжүүддээ юу юунаас илүү хайртай! Тэднээс маш их зүйлийг сурч, өдий зэрэгтэй хүн болсон ч гэсэн дэлхий дээр төгс хүн байдаггүйтэй адилхан тэр ч гэсэн төгс биш шүү дээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд манайд ээждээ хайртай нь үнэн ч түүнээс өвлөж авч болохгүй олон чанар байгаа тухай, мөн хүүхдээ өсгөхдөө эл чанаруудыг оролцуулмааргүй байгаа талаараа бичсэн захиа цөөнгүй ирсэн юм. Гол учир нь тэдгээр эмэгтэйчүүд өөр байхыг хүссэн ч яахын аргагүй ээжийнхээ арга барилыг дуурайгаад байгаад оршиж байлаа.
Жишээлбэл: “Манайх хэдий тартагтаа тулсан айл биш ч ээж маань үргэлж хямдралтай дэлгүүр, зах орж өөртөө юм авдаг. Би ээжийнхээ гадаад төрхөөс ичсэндээ биш нэг удаа ч гэсэн өөрөө өөрөөсөө битгий юм харамлаасай, өөртөө сайхан зүйл зориулж үзээсэй л гэж боддог юм.”, “Ээж маань охин дүүг маань арай л хэтэрхий хэлэх юм аа. Арчаагүй, тэнэгн мангар, царай муутайгаар нь дуудаад л. Нэг удаа хувцсаа солиод гаръя гэсэн чинь чамайг хэн хардаг юм гээд хиртчихсэн хувцастай аваад гарчихсан. Охин хүүхдийг багаас нь ингэж хэлж, харьцаж болохгүй биз дээ? Би ээжид хэлэх гэж оролдсон ч бүтээгүй. Яаж ойлгуулахаа мэдэхгүй байна.” гэх мэт. Эдгээрийг уншаад ээжийнхээ буруу хэв маяг, дадал, занг өөрийнхөө хүүхдийг өсгөхдөө хэрэглэхгүй байх 7 зөвлөмжийг нийтэлж байна. Юун түрүүнд нөхцөл байдлыг бодитоор авч үзэх хэрэгтэй шүү.
1. Сэтгэл зүйгээ бэлтгэх
Нэн түрүүний алхам бол сэтгэл зүйгээ бэлтгэх. Амархан сонсогдож магадгүй ч ихэнх зүйлс зөвхөн үүнээс л хамаарч сайн эсвэл муу болж хувирдаг шүү дээ. Хамгийн гол нь “Ээжтэй адилхан болчих вий” гэж зүгээр л айгаад яваад байлгүй, ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй юм. Дараах өгүүлбэрүүд бол чиний байнга санаж байх хоёр үнэн юм.
• Чи ээж шигээ харагдаж, сонсогдож магадгүй ч түүн шиг биш
Яагаад гэвэл түүний туулсан амьдрал чинийхээс тэс өөр. Тиймээс ирээдүй ч гэсэн өөр байх болно.
• Хүүхэд чинь чамаас өөр
Тийм шүү, хүүхэд чинь чамаас өөр хүн болон хүмүүжих болно. Магадгүй тэр чамтай адилхан нөхцөл байдлыг төсөөлснөөс чинь шал өөрөөр бүр сайн сайхнаар ч хүлээж авч болно шүү дээ.
Энэхүү хоёр зүйлийг толгойндоо тэр чигээр нь хүлээж авсан л бол дахин айгаад хэрэггүй. Хэрвээ чи “Би хүүхдээ яг ээж шигээ хүн болгочихвол яана” гэж сэрэмжилсээр байх юм бол айдсын хүлээсэндээ өөрийгөө улам бүр хүлж, хүсээгүй авираа гаргаж, хорьж цагдаж эцэст нь бүр ойлголцоход хэцүү болно.
2. “Үүний хор уршиг ямар байх вэ” гэдгийг тодорхойл
“Байдлыг бодитоор хүлээн авцгаая” гэж дээр хэлсэн. Ээжийгээ чи болон чиний хүүхэд дуурайвал эцэст нь ямар сөрөг үр дагавар дагуулах талаар тунгаан бод. Мөрөөдөлд, мөнгөнд, эрчүүдэд гээд амьдралыг үзэх үзэлд хэр өөрчлөлт гарах тухай нарийвчлан бодож үз. Хэрвээ энэ тийм ч хоргүй бол байдлыг илүү хөнгөхөн хүлээж авсан ч болно шүү дээ.
3. Адилхан зүйлсээ жагсаан бич. Дараа нь юуг өөрчилж чадахаа хар.
Би бичье л даа. Ээжтэйгээ би доорх зүйлсээрээ адилхан.
-Нүд
-Уруул
-Мэнгэ
-Үс /Ээжээс, эмээгээс, эмээгийн эмээгээс уламжилсаар ирсэн зүйл бол өтгөн, хар үс/
-Түргэн зан
-Түргэн шийддэг зан
-Амьдралын хэв маяг гэх мэт ээжтэйгээ чухам ямар зүйлсээрээ холбогдож, ижилхэн байдгаа жагсаан бичээрэй. Дутагдал, сул тал, муу араншин гээд бүгдийг нь оруулаарай. Хэдийгээр ээжтэйгээ адилхан болмооргүй байгаа ч гэсэн бичээд харахаар чиний хайрладаг зүйлс ч байж магадгүй шүү дээ. Хэрэв үүний дараа бодол чинь хэвээрээ байвал жагсаалтан дотроос өөрчилж чадахаа яг одоо шинэчилж эхэл.
4. Хүрээллээ соль
Үүнд зөвхөн хүмүүсээс гадна чиний хийдэг зүйлс, хобби, ажил гээд олон зүйл орно. Ээжээсээ дуураймааргүй байгаа зүйлс чинь түүний сөрөг талууд гэдэгтэй санал нийлж болно биз дээ? Тэгвэл шинэ найзуудтай, шинэ хоббитой, эргэн тойрон чинь эерэг зүйлсээр дүүрэн болвол тэдгээр сөрөг талуудыг хүүхэддээ гаргах нь хамаагүй бага болно. Бүр арилж, устаж ч магадгүй. Яагаад гэвэл чи өөрийгөө илүү сайн хүн болгож байна шүү дээ.
5. Нөлөөллийг нь багасга
Чи бол нэгэнт насанд хүрчихсэн юмны сайн мууг ялгаж салгадаг болчихсон шүү дээ. Харин дээрх бол хүүхэд, ээж хоёрынхоо хамт өнгөрөөх цагийг нь багасга гэсэн үг л дээ. Хэнд хэнд нь л хэцүү санагдана байх. Гэхдээ хүүхдийн ид өсөлт хөгжилт, ямар хүн болохыг шийдэгдэх үед дэргэд хэн байх нь хамгийн их нөлөөлдгийг санаарай.
6. Ээжтэйгээ ярилц
Хамгийн хүнд даалгавар боловч зайлшгүй хийх ёстой зүйл бол ээжтэйгээ энэ талаар ярилцах. Тэр ээж хүн, бас бүхэл амьдралынхаа туршид хүүхдээ “өсгөсөөр” байгаа хүн. Магадгүй энэ талаар чамд таарах “алтан” зөвлөгөөг өгч чадах ч юм билүү?
7. Хүн болгон цорын ганц гэдгийг сана
Чамд өгөх сүүлийн зөвлөгөө бол энэ. Өөрөөрөө бай. Тэр л хамгийн чухал.
Тэр төгс ээж биш учраас л чи яг одооных шиг юмыг ойлгож, огт өөр өнцгөөс харж чаддаг, сайхан эмэгтэй, ээж болон хүмүүжсэн. Тэгэхээр энэ нэг талаараа тийм ч муу зүйл биш гэсэн үг юм байна, тийм үү?