Яах уу: Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй залууг…

7f4114253374940ab8ed415b3455b99a

Оюутан байхдаа би нэг залуутай уулздаг байлаа. Уулздаг ч гэж дээ, нүүр нүүрээ харалцан зогссон нь гарын хуруунд багтахаар цөөхөн ч намайг ямартай ч хагас жилийн туршид өөртөө барьж тогтоосон нэг тийм залуу байсан юм даг. Хувиараа бизнес эрхэлдэг, биеэ даасан, царайлаг, тас хар өнгийн ширүүн үстэй, арьс нь яг л хүүхдийнх шиг булбарай, бас надаас хамаагүй өндөр. Нэг үгээр тодорхойлбол тун дажгүй сонголт байхаар эр хүн атал яагаад ч юм “ямар ч зүйл болохгүй” байв.

Ийм тохиолдлууд зөндөө байдаг шүү дээ. Хамтдаа кино үзнэ, долоо хоногт ганц хоёр удаа уулзаж болзоно, оройн хоол хамт иднэ. Энэ байдлаараа хэдэн сар үргэлжилсэн ч дорвитой зүйл болохгүй л байна. Энэ үед тэр яг яах гээд байгаа юм бол оо? Надтай үерхмээр байгаа юм болов уу, үгүй юу?, Намайг ашиглах гээд хүлээгээд байгаа юм уу? эсвэл зүгээр л цаг нөгцөөгөөд байгаа юм байх даа гэх мэт хардлагууд толгойд эргэлдэнэ.Тийм ээ, бид өнөөдөр яах гээд байгаа нь мэдэгдэхгүй залуугийн талаар ярилцах гэж байна.

Сөрөг шийдэл: Бусад залуус бараг эхний болзооноосоо л чамд ямар нь мэдэгдэж, дурласан нүдээр өлийн харж, боломж эрдэг байтал тэр яаж чадаж байна аа? Бардам зангаа бодсон ч тэр. “Ерөөсөө ч ийм зүйл байж болохгүй, хангалттай удаан түүнийг харлаа, хүлээлээ!” гэж шийдээд түүнд огцом өөр хандлага гаргаж эхэлнэ. Болзоогоо цуцалж, очсон ч сэтгэл дундуур харагдаж, дотроо ямар нэгэн зүйл нууж байгаагаа мэдэгдэхийг хүсээгүй юм шиг царайлна. /Аминдаа түүнийг түрүүлээд энэ тухай ам нээж яриасай л гэж хүсээд байгаа юм шүү дээ/ Утсыг нь авахаа больж, мессежийг нь албаар уншихгүй удаж, хариуг хааяа л нэг “шиднэ”. Эсвэл бүр чамайг алдаж магадгүй гэсэн дохио өгөхийн тулд уулзахаа больё гэж хэлэх эсвэл өөр залуутай хоол идсэн пост фэйсбүүктээ тавина. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй залууг яаж буулгаж авах тухай уншсан зүйлсээсээ санаа авч зүгээр л тоохгүй байвал эргээд ирнэ эсвэл бүр шийднэ хэмээн байдлыг ажина.

Эерэг шийдэл: Ямартай ч дээр дурьдсан зйүлсийг хийхгүй байх нь өөрөө эерэг шийдэл юм. Дээрхүүд нь яагаад сөрөг шийдэл юм бэ гэж үү? Учир нь чи түүнийг хүчлээд байна шүү дээ.“Хангалттай удаан хүлээлээ” гэж бодогдсон ч түүнтэй харьцах хандлагаа битгий өөрчил. Яагаад гэвэл та хоёр болзсон/болздог/ гэдэг нь заавал хайр дурлалын харилцаа руу чиглэх ганцхан зорилготой биш шүү дээ. Тэр ч, чи ч бие биенээ таних шатан дээрээ л явж байгаа. Тиймээс юуг ч бүү шахаж шаард. Ялангуяа хандах хандлагаа өөрчилж “Чи ингэх ёстой” гэвэл тэр нэг бол зугтана эсвэл хүчээр зөвшөөрнө. Зөвшөөрсөн ч чи үйл явдал байгалийн хуулиар биш, албадлагаар бүтсэн юм шиг мэдрэмжтой хоцорно. Үүний оронд өөрийгөө түүнтэй нэгэн төрлийн тоглоом тоглож байна л гээд бодчих. Дурлалцахгүйгээр ч гэсэн та хоёр хамтдаа цагийг хөгжилтэй, сонирхолтой өнгөрөөж байна уу гэдгийг мэдэх тоглоом. Хэрэв чадахгүй байвал чи түүнийг найз залуугаа болгох гэж зүтгэх хэрэг юу байна?

Яагаад ингэх ёстой вэ? Яагаад гэвэл бүх зүйл байгалийн жам ёсоороо л болох ёстой. Яг “Цаг хугацаа бүхнийг харуулна” гэдэг шиг. Тиймээс л бид чамд авах, өгөх тухай бодохоо болихыг санал болгож байгаа юм.“Тэр намайг хүлээлгэж байна”, “Би түүнийг хоёр сар л хараад олигтой юм хэлэхгүй бол хаяна”, “Би түүнийг хүлээж ханалаа” гэх мэт хандлага яагаад ч байх ёсгүй. Хорвоо дээр хэн ч хэнийгээ хайрлахыг шахдаггүй юм. Зүгээр л хайрлах ёстой. Хэрвээ чи өөрийгөө хайрлуулахыг хүсч байгаа бол эхлээд түүнийг нөхцөлгүй хайраар хайрлах гээд үзээрэй. Тэр ч гэсэн өөрийгөө чамд ямар вэ гэдгээ бодсоор яваа ч юм билүү? Бүтэх ёстой бол бүтнэ. Бүтэхгүй байвал л тэр биз. Аль ч тохиолдолд нь чи өөрийгөө хүчлээгүй, түүнийг хүчлээгүй учир дотоод амар амгалангаа хадгалсан хэвээр байна. Бас бид амьдарсаар, урагшилсаар л байна шүү дээ. Тийм болохоор бүтэх болов уу, яах бол гэсэн олон бодлуудаасаа өөрийгөө чөлөөлөөд зүгээр л байгаагаараа бай.

Харин эрчүүд үүнийг ингэж шийддэг:
• Хэрвээ бид хоёрын хооронд юу ч болохгүй, яах нь мэдэгдэхгүй байвал хамгийн түрүүнд өөрийгөө түүнд тэгтлээ татагдаж, дурлаагүй байгаа гэдгээ ойлгоно. Гүнзгий харилцаа бидний дунд байх ёстой бол шал өөр л дөө. /26 настай, Н/
• Жирийн найзууд шиг энгийн сайхан харилцаад л явж байна. Хэрвээ түүнд миний бүх зүйл таалагдаад тохирч байгаа бол өөрөө шийдээд хэлэх байлгүй дээ. /24 настай, Ж/
Ямар ч гэсэн тэд бидэн шиг юу юуны духанд хүрэлгүй хаяж явахгүй л юм шиг байна.


Яах уу: Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй залууг…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.