Э.Мөнхтуяа: Нөхөр маань гэр шиг дулаахан, нөмөр түшигтэй хүн

-101599321234924951_900_x_674

  • Би л нурчих юм бол босох тэнхээгүй, түших ханагүй болох байсан
  • Би нислэгийн үед амьсгал хураавал гомдолгүй гэж гарын үсэг зураад нөхрийнхөө дэргэд анх удаа зогсоогоор зорчсон. Онгоц хөөрөх үеийн даралтыг тэсэх эсэх нь эргэлзээтэй байхад би тэнд бүсээ зүүгээд сууж яаж чадах билээ
  • Бид бага багаар гайхамшиг бүтээж байгаа ч гэсэн хэн хэн нь үүндээ айхтар их сэтгэл ханадаггүй юм байна.
  • Дэлхийн анагаах ухаан хурдтай хөгжиж байгаа энэ үед эмчлэх арга гарч ирэх л болно. Нөгөөтэйгүүр гайхамшиг гэдэг зүйл байдаг учраас л ийм үг бий. Тэр тохиох л болно
  • Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байна гэдэг аз жаргал. Эрүүл мэнд бүтэн биш ч оюун ухаан нь саруул байна, бидний хайр, үр хүүхэд байна

Гэмтлийн улмаас насан туршдаа тэргэнцэрт сууна гэсэн эмчийн үгтэй эвлэрэлгүй босохын төлөө цаг тутам тэмцэж буй жүжигчин Ж.Баясгалан, “Би монгол хүн. Хөл дээрээ босоод, гэр бүлээ дагуулж тан дээр ирнэ” гээд харийн улсаас буцсан тухай илтгэл нь олон хүний сэтгэлд хүрсэн. Илтгэлийн төгсгөлд эхнэрийнхээ тусламжтай хөл дээрээ зогсож хүндэтгэл үзүүлсэн түүний тэсвэр тэвчээр бахархал төрүүлж байв. Тэгвэл энэ бахархал хүндэтгэлийг зүй ёсоор хуваалцах түүний хань Э.Мөнхтуяатай ярилцлаа. Удахгүй хөл дээрээ зогсож, улам ихийг бүтээхийг хүсэн хүлээж буй уншигчдадаа тэдний талархсан сэтгэлийг уламжилъя. 

-Жүжигчин Ж.Баясгалангийн ослын талаар, түүнээс илүүтэй босох шалтгаанаа ярьсан илтгэлээс хойш таны тухай мэдэх хүсэлтэй хүн их боллоо. Танилцсан түүхээс яриагаа эхэлье?

-2004 онд “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцье” жүжгүүд тайзнаа тавигдаж, жүжигчид нь миний хөтөлдөг нэвтрүүлгийн зочноор оролцох үед би нөхөртэйгөө танилцаж байлаа. Тэр үед би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан, сонирхлоороо студид ажилладаг байсан юм. Албаны шугамаар ярилцаж, мэдээлэл солилцдог харилцаатай байснаа зургаан сарын дараа надаас үерхэхийг гуйж байлаа.

-Анх хараад төрсөн сэтгэгдэл яаж өөрчлөгдсөн бэ, эсвэл өөрчлөгдөөгүй юу?

-Хүнийг таньж мэдэх тусам улам хүндэтгэх сэтгэл төрдөг байхад эсрэгээрээ анхны сэтгэгдэл удах тусам буурах тохиолдол бий. Би түүнтэй уулзах бүртээ хүндэтгэмээр, суралцмаар чанаруудыг нь олж хардаг байсан. Манай нөхөр уулзсан хүн бүртээ хүндэтгэл төрүүлдэг увидастай хүн л дээ. Би арав гаруй жил ханиасаа суралцсаар л явна.

-Танилцаад зургаан сарын дараа эхэлсэн үерхэл албан ёсоор гэр бүл болтлоо хэр хугацааг туулсан бэ?

-Үерхэж эхлэх үед би 19 настай байлаа шүү дээ. 2007 онд төгсөөд бид нэг гэрт амьдарч эхэлсэн юм. Хамт амьдрах мэдрэмж үерхлээс мэдээж өөр. Бүхий л зүйлээ хамт туулна гэдэг жинхэнэ шалгуур үе. Насны хань минь мөн үү, ганц олдох амьдралаа энэ хүнтэй туулах нь зөв үү гэдгийг энэ үед бодитоор ойлгож авдаг. Ингээд жилийн дараа буюу 2008 оны зургадугаар сарын 6-нд бид хуримаа хийсэн. Хүн дэлхийн хаана ч аялж, юу ч эрхэлсэн эргээд гэртээ ирдэг, хүний байх ёстой газар гэж байдаг. Түүн шиг энэ хүний л дэргэд би аз жаргалтай, бүрэн дүүрэн мэдрэмж авч амьдрах юм байна гэдгээ ойлгосон. Манай нөхөр гэр шиг дулаахан, нөмөр түшиг болсон хүн. Найзууд маань гэрлэж, үр хүүхдээ тэвэрч байхад бид үерхсээр л явсан дөрвөн жилийн хугацаа өөрийн гэсэн өнгөтэй, шалгууртай, хөг аялгуутай дурсамж юм даа. Бидэнд ирсэн бүхэн дэс дараалалтай, үзэж туулсан мэдрэмж бүр үнэ цэнтэй.

-Аав, ээж болох амьдралд тохиох хамгийн сайхан мөч. Харин тэр аз жаргалыг авах хүртлээ чамгүй бэрхшээл туулдаг даа. Та хэр “ааштай жирэмслэгч” вэ?

-Хүүхэд ирэх гэж байна гэдэг хүлээлт ямар ч бэрхшээлээс илүү аз жаргал өгдөг. Анхны хүүгээ 2009 онд төрүүлсэн. Эмэгтэй хүний биед ямар өөрчлөлт орж, юу мэдрээд байгааг эрчүүд мэдэхгүй тул сайн хэлж өгөх нь зөв байх. Нөхөр маань завгүй байсан ч намайг ганцааранг нь нэг ч удаа эмнэлгээр явуулаагүй. Хэрэгтэй үед үргэлж дэргэд байсан. Хүүгээ хоёр нас хүрэхэд би ихэр хүүхдээ тээж байсан. Нөхөр маань жирэмслээгүй л болохоос бүх зүйлийг биеэрээ мэдэрдэг байсан байх. Төрсний дараа ч мөөмгүй л болохоос яг ээж шиг… Ихрээ ээлжилж хооллоод, том хүүдээ бас цаг гаргаад, хажуугаар нь ажлаа амжуулдаг байсан.

-Ихэр хүүхдийн арчилгаа үнэхээр “чанга” шүү…

-Хүн боломжоо мэддэггүй юм билээ. Би бага хоёроо төрүүлчихээд өмнө нь ганц хүүгээ асарч байхдаа ямар их зав, боломжтой байснаа ухаарсан. Ачаалал их байх тусам ихийг амжуулж болох тул фитнесээр хичээллэж, өөртөө цаг гаргаж сурсан. Чанга шүү гээд халшраад суувал хүнд л дээ. Баярт уригдаад гурван хүүхдээ бэлдэх гэсээр бараг л буржийлгасан үсээ шулуун болтол “ноцолдсон” үе байсаан, байсан.

-Танд гэр бүлийн санхүүгийн хэрэгцээгээ шийдэхээр “толгой гашилгаж” байсан үе бий юу?

-Хадам аав маань аж үйлдвэрийн гавьяат ажилтан, хөдөлмөрийн үнэ цэнийг хүүхдүүддээ багаас нь мэдрүүлж өсгөж хүмүүжүүлсэн хүн. Нөхөр маань зогсолтгүй дайчин, хөдөлмөрч чанартай. Яаж ч оройтсон, өглөө зургаан цагт босоод фитнесдээ явж, ажлаа амжуулдаг байсан. Өөрөөсөө шалтгаалах бүх зүйлээ хийдэг. Магадгүй гамшиг болж, галав юүлсэн ч юу ч хамаагүй хийгээд гэр бүлээ авч явах хүн. Мэдээж залуу гэр бүл гачигдах дутагдах үе гарна. Тэр болгонд надад ачаалал өгөхгүй давж гарч байсан. Жүжигчний хөдөлмөрөөр амьдралаа болгож ирсэн гэвэл худлаа. Аавынхаа мэргэжлийг өвлөн, бидний эхлүүлж босгосон бизнес одоо амьдралын минь баталгаа болж байна.

-Анх танилцахдаа л авто спортоор холбогдсон юм байна. Экстрим спортод дурлахыг нь та хэр дэмждэг байсан бэ?

-Нэг биеийн хоёр тал болно гэж ярьдаг даа, би нөхрийнхөө цусандаа, язгуурт байгаа тэр хүсэл сонирхлыг хорьж байсан удаагүй. Эрсдэлгүй зүйл хаа ч байхгүй. Би хань нь учраас дэмждэг байсан. Дэмжихдээ эрсдлийг бууруулж, болгоомжлуулж ирсэн. Гэхдээ ийм том осол болно гэж яаж төсөөлөх вэ дээ.

-Ослын тухай мэдээг яаж хүлээж авсан бэ?

-Би хамт байсан. Өмнөх уралдаанд нь манай нөхөр түрүүлсэн юм. Нөхөр маань юуг ч тултал нь хийж, амжилтад хүргэдэг. Тэр өглөө бид хүүхдүүдээ унтаж байхад хамтдаа гараад явсан юм. Гараанаас би үдэж өгөөд замын турш дагаж явах боломжгүй учраас барианы ойлролцоо хүлээж байлаа. Тэр нь сүлжээ унадаг газар байсан юм билээ. Ингээд эхний нэг, хоёр дахь тамирчин орж ирсэн, гурав дахь тамирчинг орж ирсний дараа би нэг юм боллоо гэдгийг мэдэрсэн. Эхний байруудад заавал орж ирэх ёстой хүн бараа сураг ч үгүй болохоор шууд машиндаа суугаад явтал сүлжээ орж ирээд осол болсныг мэдсэн. Намайг очиход гаднаа ямар ч шархгүй, газар хэвтүүлсэн байсан. Би очингуутаа хамгийн түрүүнд асуусан үг маань “Би хэн бэ” гэсэн. Манай нөхөр өөдөөс “Дулмаа юу” гэж тоглосон. Тэр үед бодох сөхөө ч үгүй асуусан асуулт маань ямар чухал байсныг одоо бодоод гайхдаг юм. Ухаан санаа нь эрүүл байгааг мэдэхийг л зөнгөөрөө хүссэн байх. Хэрэв бүрэн бүтэн байгаад намайг танихгүй байсан бол хамгийн том гарз байх.

-Гэмтлийн онош маш хүнд. Шийдвэр гаргах мөч амины үнэтэй байж дээ?

-Тэр дороо хүзүүнд нь бэхэлгээ хийгээд гэмтлийн эмнэлэгт аваачсан. Эмч нар үзээд маш яаралтай хагалгаанд орох шаардлагатай, мэдээж боломжтой бол гадаадад хийлгэвэл дээр гэсэн. Харин нислэг дааж чадах эсэх нь эргэлзээтэйг сануулсан юм. Уушги гэмтсэн, агаарын даралтыг даахгүй эрсдэлтэй байсан ч хоёр талын аав ээжтэйгээ ярилцаад БНСУ явахаар шийдсэн юм. Би нислэгийн үед амьсгал хураавал гомдолгүй гэж гарын үсэг зураад нөхрийнхөө дэргэд анх удаа зогсоогоор зорчсон. Монголын агаарын тээврийнхэн миний байдлыг ойлгоод нөхрийнхөө дэргэд босоогоор явахыг зөвшөөрсөн л дөө. Онгоц хөөрөх үеийн даралтыг тэсэх эсэх нь эргэлзээтэй байхад би тэнд бүсээ зүүгээд сууж яаж чадах билээ.

-Солонгост очоод эмч нар хэрхэн хүлээж авсан бэ?

-Бид Солонгост эв эрүүл болно гэсэн горьдлоготой очсон ч эхний эмч үзээд л ямар ч боломжгүйг шууд хэлсэн. “Бид өнөөдөр амь насыг нь аварлаа ч урт наслах боломжгүй хүн байна. Одоогоор дэлхий дээр нугас эмчлэх ямар ч эмнэлэг байхгүй, зөвхөн яс бэхлэх хагалгаа хийнэ” гэсэн. Нугас сэргээхэд хамгийн гол нь хүний сэтгэл санаа, физик эмчилгээ, маш олон давтамжтай үйлдлийг тархинд суулгаж өгөх нь чухал гэсэн. Итгэж найдаж очоод ямар ч боломжгүйг сонсох хамгийн аймар юм билээ. Хоёр сар нөхөртөө ямар гэмтэлтэйг нь мэдэгдээгүй. Хагалгаанд ороод л эдгэчихнэ гэж бодож байсан тул “миний хөл яагаад хөдлөхгүй байгаа юм бэ” гэдэг байлаа.

-Таны нууж байсан зүйлийг нөхөр чинь мэдэхдээ яаж хүлээж авсан бэ. Хагалгааны дараах асаргаа хэрхэн өрнөж байв?

-Тэндэхийн урологийн тасагт асрах хүнд нь хичээл ордог. Хүний биеийн бүтэц, гэмтсэн биед нэмж үүсэх эрсдэл, хэвтрийн дэглэмийн асаргаа гээд бүх зүйлийг зааж өгсөн. Асаргаа маш чухал гэдгийг ойлгоод надад гуниглаж, гутраад суух цаг байгаагүй. Бас нэг сайхан зүйл нь хагалгааны дараа гурав хоноод л хөдөлгөж эхэлдэг юм билээ. Бид магадгүй тэнхрэхээр нь, шарх нь эдгэхээр нь гээд хүлээх байсан. Гэтэл эмнэлэгт шууд л физик эмчилгээ эхлүүлсэн. Монголын эмч нар ч маш их тус хүргэсэн. Гэмтсэнээс хойш яаралтай авах ёстой анхны тусламжийг улсын эмнэлэг маш зөв өгснийг хэлж байлаа.

-Насан туршдаа ингэж асаргаанд хэвтэх юм байна гэж эвлэрч байсан тохиолдол бий юу?

-Үгүй. Хүн хамгийн доод цэгт хүрсэн ч ганц л зам байдаг. Тэр нь дээшээ тэмүүлэх… Хүлээн зөвшөөрөх нь чухал юм билээ. Нэгэнт гэмтсэн, нугас эмчлэх хагалгаа алга. Тэгээд яах вэ, бие биенээ хараад хэвтээд л байх уу. Насаараа босож чадахгүй гэж хэн баталж байгаа юм. Дэлхийн анагаах ухаан хурдтай хөгжиж байгаа энэ үед эмчлэх арга гарч ирэх л болно. Нөгөөтэйгүүр гайхамшиг гэдэг зүйл байдаг учраас л ийм үг бий. Тэр тохиолдох л болно. Ийм үед л хань гэдэг үгийн утга учрыг ойлгодог. Хуримлахад өвчин зовлон, үхэл амьдралд хамт байх уу гэж асуудаг даа, хүмүүс үүнийг зүгээр л нэг үг шиг хүлээж авдаг бол ийм үед энэ ямар гүн гүнзгий утга учиртайг ойлгодог юм билээ. Гэмтлийн эмнэлэг дээр ч ирсэн хүн бүр бараг салах ёс хийх гээд, намайг л цурхираад уйлаад эхэлвэл бүх итгэл найдвар дуусах юм шиг байсан. Тэнд байгаа бүх хүн намайг дагахад бэлэн байсан. Би л нурчих юм бол босох тэнхээгүй, түших ханагүй болох байсан. Ингэж өөрийгөө чангалж байсан.

-Жүжиг чин Ж.Баясгалан илтгэлийнхээ дараа босож байгаа бичлэг бий. Мэдээж өмнө нь хэд хэдэн удаа боссон байх. Анх удаа зогсох тэр үе ямар байсан бэ?

-Гэнэт боссон бол сюрприз болоод их баярлах байсан байх л даа. Алхам алхамаар, хором хормоор, маш их хичээсний эцэст маш багаар урагшилсаар энд хүрсэн. Бид бага багаар гайхам шиг бүтээж байгаа ч гэсэн хэн хэн нь үүндээ айхтар их сэтгэл ханадаггүй юм байна. Зарим хүмүүс ийм зүй лийг мэдэхгүй учраас “одоо алхаж байгаа юу” гэх мэтээр асуудаг л даа. Энд хүрэхийн тулд өглөө нүд нээхээс орой унтах хүртэл маш их хөдөлмөрлөдөг. Зөвхөн босохын төлөө өдрөө зарцуулах биш, хажуугаар нь ажлаа явуулсаар, компаниа удирдсаар л байгаа. Олон хүний амьдралыг авч яваа болохоор нэг ч өдөр ажлаа зогсоогоогүй. Гэр бүл, хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр л байна.

-Өмнө нь амьдралын идэвх өндөр байсан хүн одоо ийм байдалд орохоор сэтгэл зүйн хувьд хүнд байх?

-Мэдээж амаргүй. Гэхдээ өөрөөсөө шалтгаалах бүх зүйлээ хийж байна. Идэвхтэй амьдралдаа амжуулдаг бүх зүйлээ хийдэг болохын төлөө тасралтгүй ажиллаж байна. Хэн хэн нь амьдралынхаа хэмнэлийг алдахгүйг мөн хичээж байна. Үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа өчүүхэн ч мөлийлгөхгүй, тэдний хүүхэд насны дурсамжийг нь бүтэн сайхан байлгахын төлөө явж байна. Жирийн хүний хөнгөхөөн хийх зүйлийг хэд дахин их хүч гаргаж амжуулдаг. Гэхдээ зогсолтгүй зүтгэсээр байна.

-Ханийнхаа дэргэд нойргүй хоносон шөнүүд, хэвтрийн хүний асаргаа, энэ бүхнээс хэдэн хувь илүү хэцүү сэтгэлийн шаналал тээж явах амаргүй байх?

-Айхтар хүндээр хүлээж авдаггүй. Аз жаргалтай байх гэдэг ойлголт юутай харьцуулахаас хамаардаг. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байна гэдэг аз жаргал. Эрүүл мэнд бүтэн биш ч оюун ухаан нь саруул байна, бидний хайр, үр хүүхэд байна. Өчүүхэн жижиг зүйлд санаагаар унаад, чадахгүй зүйлдээ ач холбогдол өгөөд байдаггүй. Мөн биднийг дэмжиж тусалдаг хүмүүс эргэн тойрон байна. Юмыг хүмүүсээс арай өөрөөр даван туулж байгаа болохоос энэ бол асуудал биш. Харин ч аливааг өөр өнцгөөс хардаг болж байна.

-Тухайлбал?

-Тэргэнцэртэй, эсвэл сонсгол, харааны бэрхшээлтэй хүмүүс өөрийгөө зуун хувь л гэж боддог. Үргэлж л би дутуу шүү гэж бодож амьдарвал утгагүй шүү дээ. Энэ байгаа байдал маань зуун хувь шүү гэж бодох ёстой. Жирийн хүний хэдхэн хором гүйгээд хүрчихдэг замыг эдгээр хүмүүс арай илүү хугацаа, хөдөлмөр зарцуулж туулдаг байж болно. Өөр хүний хувьд магадгүй 70 хувьтай, дутуу гэж харагддаг байх. Гэтэл тэд өөртөө бүрэн дүүрэн л байдаг. Энэ ойлголтыг ялангуяа хүүхдүүддээ суулгаж, таягтай хүнийг гайхаж, хачирхаж хардаггүй, харин ч хүндэлдэг болгож өсгөхийг хүсэж байна. Магадгүй гэмтэхээс өмнө би энэ талаар бодохгүй байсан байх. Нөгөө талаас илүү болгоомжтой болж байна. Манай нөхөр эхний уралдаанд түрүүлж байхдаа энэ спортоос болж гэмтсэн хүмүүсийн тухай нэг ч удаа бодоогүй байх. Хэрвээ тэр тэмцээнд орохоос өмнө энэ спортоос болоод ийм гэмтэл аваад, ийм амьдрал туулж байгааг мэдэрсэн байсан бол илүү болгоомжтой байх байсан.

-“Чин зүрх” дууны клип олон хүнд эерэг сэтгэгдэл төрүүлжээ. Та хоёр дуугаа ямар зорилготой бүтээсэн бэ?

-Бидэнд талархсан сэтгэл их байна. Тусалж, хандаж байгаа сайхан сэтгэл, эерэг сэтгэгдлүүдэд яаж талархаж хариу барих вэ гэж ярилцсан. Бидэнд урам өгсөн олон мянган хүний үг аз жаргал хайрласан шиг дуунд тийм хүч байдаг. Сайхан дуу сонсож, таашаал аваасай гэж хүссэн. Мөн би багаасаа дуулах дуртай хүүхэд байсан юм. Хань минь миний энэ хүслийг биелүүлж байгаа хэлбэр. Нугасны гэмтэлтэй, ялангуяа хүзүүний С түвшинд гэмтэлтэй хүн дуулна гэдэг боломжгүй зүйл гэдэг юм билээ. Манай нөхөр шиг гэмтэлтэй хүнд чанга ярихад ч хүнд байдаг. Ийм нөхцөлд бүтээж, талархлаа илэрхийлсэн сэтгэл гэдгийг ойлгоорой. Гэмтлээс өмнө манай нөхөр маш гоё дуулдаг, 32 цагаан лонхыг зуугаар нь тоолдог уушгины багтаамжтай байсан.

-“Хүнд даах ачааг нь өгдөг гэдэг. Магадгүй үүгээр дамжуулж юу хийж, юу өөрчлөөрэй гэсэн бол” гэж та хэлж байсан. Цаашид төлөвлөсөн зүйлээсээ хуваалцах уу?

-Өнөөдөр амлаад хэлэхгүй ч олон зүйлийн талаар бид ярилцаж байна. Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдрахад ямар хүнд нөхцөлтэй билээ. Би нөхрөө тэргэнцэрт түрээд алхаад явбал нэг ажил ч бүтээх боломжгүй орчин гадаа хүлээж байна. Мөн эрүүл мэндийн даатгалын систем ямар билээ. Бид insur аппликейшны тусламжтай хувиараа даатгалд хамрагдсан тулдаа эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг авч чадсан. Бид өөрсдөө гэмтсэн болохоор тэргэнцэртэй хүн бүрт туслаад явж чадахгүй байгаа ч гэсэн олон нийтэд тэднийг ойлгоход ямар нэмэр болж болох тухайгаа бодож байна. Магадгүй 50, 60 жилийн дараа Ж.Баясгалан гэдэг хүний нөлөөгөөр нийгэмд ийм өөрчлөлт ирсэн шүү гэх зүйл үлдээхсэн. Гэхдээ ямар аргаар, яаж гэдэг шийдлээ олох байх.

-Ярилцлагын турш таныг “бүтээсэн” аав, ээжийн тухай бодож суулаа. Ямар гэр бүлийн хүмүүжилд ингэж төлөвшсөн бол оо?

-Аав маань инженер, ээж эмч, ах маань хуульч мэргэжилтэй. Жирийн л нэг хотын унаган гэр бүл. Арван жилийн паралель ангид байхдаа үерхэж, 18 настайдаа ахыг маань төрүүлсэн. Өдий олон жил бүхий л зүйлд хамтдаа зүтгэсээр нэг хүн шиг л болчихсон хүмүүс. Аав, ээж маань намайг загнаж, хорьж байсан удаагүй. Айлын бага, ганц охин тул эрх танхи өссөн. Дуулмаар байна гэхээр дэмждэг, мэргэжлээ ч би өөрөө л сонгосон. Надтай яг л том хүн шиг харьцдаг байсан. Балчир гэлтгүй түүнийг нь би ойлгодог байснаа санаж байна. Тийм болохоор одоо би хүүхдүүдтэйгээ том хүнтэй харьцаж байгаа юм шиг л ярилцдаг.

Засгийн газрын мэдээ

Э.Мөнхтуяа: Нөхөр маань гэр шиг дулаахан, нөмөр түшигтэй хүн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.