К-Поп хөгжмийн ертөнцөд өөрсдийн томоохон байр суурийг бий болгосон EXO хамтлагийн гишүүн Чен тун удахгүй хуримаа хийх төдийгүй найз бүсгүй нь бие давхар болсон гэдгийг шүтэн бишрэгчдэдээ албан ёсоор зарлажээ. Тэрбээр энэ тухайгаа захиа болгон гараар бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Чений харьяалагддаг “SM” энтертайнментийн зүгээс уг захидалд бичигдсэн бүхэн үнэн гэдгийг баталсан гэнэ.
Уг захидалд, “Хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна, бас энэ мэдээг та бүхэнд зарлах гэж байгаадаа үнэхээр их сандарч байна. Надад үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэхийг хүсдэг нэгэн эмэгтэй бий. Мөн бурхан нада гайхалтай зүйлийг бэлэглэсэн. Энэ мэдээг сонсоод чин сэтгэлээсээ баяр хүргэсэн хамтлагийнхаа залууст баярлалаа. Мөн үргэлж хайраа илгээж, дэмждэг шүтэн бишрэгчдэдээ баярлалаа” гэж бичжээ.
Х.ЭРХЭС