Хамгийн баян, хамгийн сахилгагүй загвар өмсөгч Кейт Мосс

Загварын ертөнцийн хамгийн нөлөөтэй эрхмүүдийн нэг, сахилгагүй од, халуухан бүсгүй Кейт Мосс өнөөдөр 45 нас хүрч байна.

  • Төрсөн өдөр: 1975 оны нэгдүгээр сарын 16
  • Төрсөн газар: Кройдон, Их Британи
  • Орд: Матар
  • Өндөр: 168 см
  • Жин: 48 кг

Кейт Мосс аавгүй өссөн. Ээж Линда Мосс нь охидоо тэжээх гэж кафед үйлчлэгчээр ажилладаг байв. Лондоны ойролцоох жижигхэн хотод хүүхдүүдийн амьдрал нэгэн хэвийн, адал явдалгүй уйтгартай  өнгөрч, охид ирээдүйгээ үйлчлэгч, худалдагчаар л төсөөлж байлаа.

Гэвч нэг удаа ээж нь мөнгө хурааж байгаад охиддоо Багамын аралд амрах бэлэг барилаа. Энэ аяллаас Кейт Моссын ялгуусан замнал эхэлсэн гэж хэлж болно. Нью-Йоркийн нисэх буудал дээр 14 настай түүнийг загварын агентлагийн ажилтан Сара Дукас анх олж харжээ. Сара охинд загвар өмсөгч болох санал тавьж, хоёрхон сарын дараа Мосс “Face” сэтгүүлийн нүүрэнд гарсан байв.

Ингээд 1990-өөд оны эхнээс Кейт зар сурталчилгаанд тоглож, 1992 онд “Calvin Klein” брэндтэй дөрвөн сая ам.долларын гэрээ байгуулжээ. Ийнхүү түүний супер моделийн замнал эхэллээ. Намхан нуруутай ч Кейт загварын ертөнцөд гологдсонгүй, нэр хүнд нь цаг, минутаар өсөж байв. Түүний жаал хөвгүүнийх шиг бие, хүмүүсийг гайхшируулсан харц загвар бүтээгчдийн сэтгэлийг татаж байлаа.

Кейт Мосс загварын тогтсон ойлголтыг өөрчилж, өөрөөс нь өмнө үзэсгэлэнтэй гэгдэж байсан эмэгтэйчүүдийг тайзнаас буулгаж, тэтгэвэрт нь гаргаж чадсан юм. Моссын үеэс эхлэн 16 настай охид тайзан дээр алхдаг болж, удалгүй 14 настнууд ч загвар өмсөж эхэлсэн билээ. Энэ бол хувьсгал байлаа.

Кейт Мосс анхныхаа сая долларыг 26 насандаа олж, 2000 он гэхэд 14.8 сая ам.доллартой болоод байв. “Forbes” сэтгүүлийн бичсэнээр “Chanel” брэнд түүнтэй таван жилийн гэрээг таван сая доллароор байгуулсан байна.

2005 оноос Кейт Мосс Их Британийн “Topshop” брэндтэй хамтран ажиллаж, загвар зохион бүтээх ажилд нь гар бие оролцдог боллоо. Өөрийн зохиосон загвараа өөрөө өмсөнө. Topshop-ийн эзэн Филип Грин Кейт Моссын зохиосон загвар маш амжилттай байдаг гэж дурссан байдаг.

Энд тэр нийт 14 загварын бүтэн цуглуулга гаргасан нь дэлхий дахинд маш их зарагдсан байна. Ийнхүү Мосс том брэндээс гадна жирийн худалдан авагчдад зориулсан загвар ч гаргах боллоо. 2012 онд тэр “Salvatore Ferragamo”,  “Mango” брэндүүдтэй гэрээ байгууллаа.

Нас ахиад загвар өмсөгчид “зодог тайлдаг” ч Мосс ажилласаар л байлаа. Алс тэртээ 1990 оноос гараагаа эхэлсэн гэхэд одоо ч нэр хүндтэй хэвээр. “Forbes” сэтгүүлийн мэдээгээр одоо Мосс хамгийн баян моделийн жагсаалтад Жизель Бундхений дараа хоёрдугаарт бичигдэж байна.

Түүний хувийн амьдрал, амраг залуучууд олны нүдэнд ил байдаг. Моссын дурлал 17 настайдаа алдарт гэрэл зурагчин Марио Сорренти үерхсэнээр эхэлсэн. Гэвч жүжигчин Жонни Депптэй танилцаад Мариог орхилоо. Харин хоёр жилийн дараа Депп түүнийг орхиж, Ванесса Парадиг сонгов.

Халуухан бүсгүй удаан гунигласангүй, эрчүүдийг бээлий мэт л сольж байв. Билли Зейн, Энтони Лэнгтон, Жек Николсон нарын хэн нь ч түүнтэй удаан хугацаанд дотно байж чадсангүй. Гэхдээ дурлал ирлээ. Хэьлэлийн газрын эзэн Жефферсон Хэктэй хамт амьдарч, 2002 онд охинтой боллоо. Харамсалтай нь хурим болсонгүй, гурван жилийн дараа салцгаасан байна.

Хэкийн дараа Кейт хөгжимчин Пит Доэртитэй уулздаг болов. Питийн шинэ цомгийн үдэшлэг дээр Кейт кокаин татаж байгаа зургийг папарацци авснаар олон брэндүүд түүнтэй хамтын ажиллагаагаа зогсоожээ. Хар үе эхэлсэн байна.

Хар тамхины эмчилгээнд явж, Доэртигаас саллаа. 2007 онд “The Kills” хамтлагийн гитарчин Жейми Хинчтэй танилцаж, 2010 оны наймдугаар сарын 7-нд Сицилийн нэгэн сүмд гэрлэх ёслолоо хийснээр хувийн амьдрал нь нэг хэсэг цэгцэрчээ. 2011 онд тэд Лондонд дахин хурим хийж, Анна Винтур, Жон Гальяно, Сэди Фрост тэргүүтэй алдартнууд уригдсан байлаа. Харамсалтай нь хосууд 2015 онд салсан. 2016 онд Николай фон Бисмарктай гэрлэх дөхсөн ч архичин залуугаас арай гэж салжээ.

Кейт Моссын амьдралын сонирхолтой баримтууд

  • Америкийн “Цыган хурим” киног үзэж байхдаа сэтгэл нь уярч, Жейми Хинсийн гэрлэх саналыг хүлээн авсан гэдэг.
  • 40 насны ойгоор нь Жейми Хинс түүнд Парис хотод байр бэлэглэж байв.
  • Жимсний чанамал бэлтгэх дуртай.
  • “Түүний охин Лила Грейс “Чөтгөр Prada өмсдөг” кинонд дуртай.
  • Моссын хуримын даашинзыг Жон Гальяно урласан.
  • Тэр Жуд Лоугийн охины загалмайлсан эх.
  • Кейт Instagram-д нууц аккаунттай.
  • Кейт Мосс, Жонни Депп хоёрыг оргилуун дарсаар дүүргэсэн ваннд ордог гэсэн цуурхал гарч байв.
  • “Blackadder” кинонд тоглосон.
  • Дуртай тос нь Creme de la Mer.
  • Кейт 2012 оны олимпын хаалтын ёслолд оролцсон.
  • Кейт, Жонни Депп хоёр 2013 онд Пол Маккартнигийн “Queenie Eye” клипэнд тоглосон. Гэхдээ тааралдахгүйн тулд  зураг авалтаа өөр өөр өдөр хийж байв.
  • “Eastenders” цувралд дуртай.
  • Кейт Моссын хоолны дэглэмийг 80/20 гэж хэлж болно. Энэ нь 80 хувь хоолны дэглэм барьж, харин 20 хувьд нь дуртай зүйлээ идэж, уудаг гэсэн үг юм.
  • Спортоор хичээллэх дургүй ч фитнес, йогоор жингээ барьдаг.
  • Архи, хар тамхи хэрэглэдэг байснаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ одоо эрүүл амьдралтай, дахин хүүхэдтэй болохыг мөрөөддөг.
  • 2013 онд Мосс “Playboy” сэтгүүлийн 60 жилийн ойгоор нь хавтсан дээр нь морилж байв.

Кейт Моссын эшлэлүүд

“Би трэндийг тоодоггүй, мэдрэмжээ дагаж амьдардаг”

“Хамгийн сайхан амралт бол йог болон хотоос гарч, нохойтойгоо зугаалах”

“Хэрэв би амьтан байсан бол хүчирхэг эрслэн байх байлаа”

“Загварын ертөнцөд хөөрхөн байхад л хэрэгтэй гэж зарим хүн боддог. Үнэндээ хэчнээн хөөрхөн байлаа гээд энэ бизнес таныг залгиад, нулимж орхино. Гол нь бүх зүйлийг гартаа байлгах хэрэгтэй”

“Төгс эр хүн гэдэг архи уудаггүй, тамхи татдаггүй, морины уралдаанд бооцоо тавьдаггүй, хэзээ ч маргалддаггүй байх ёстой. Тийм болохоор төгс эр хүн гэж байдаггүй юм”

“Өөрийн стилийг олохын тулд 50 сая доллар хэрэггүй. Таван сая хангалттай”

“Хэрэв царай зүсээр хэмждэг бол би хэзээ ч модель болж чадахгүй байсан. Гэвч миний “Чонын харц” гэж нэрлэгдсэн нүд надад сая сая доллар авчирсан”

“Намайг хэдэн мянган удаа гүтгэж, гутаан доромжилж байсан. Би хамгийн сайн өшөө авалт бол амжилт гаргах гэж боддог”

“Ядрах нь нүгэл юм”

“Хэрэв эрх чөлөөтэй байхыг хүсвэл хэнийг ч битгий дуурай”

“Жонни Деппийг надаас өөр хэн ч ийм гүн хайрлаж чадахгүй”

“Хэрэв хүсвэл хэн ч сул талаа давуу тал болгон хувиргаж чадна”

“Би хуучны эдлэл юманд дуртай. Харин эрчүүд бол шинэ нь дээр”

“Хэзээ ч битгий гомдол гарга, хэзээ ч битгий тайлбар тавь”

“Хар тамхи, архи бол үхэл юм. Би амьдрахын тулд энэ бүхнийг хаясан”

“Өөрийгөө туранхай гэдгийг мэдрэхээс илүү баяр баясгалан гэж үгүй”

“Би хэний ч санал бодлыг сонсдоггүй, бүгдийг өөрийн бодсоноор л хийдэг”

“Би амьдралаас авч үзэх гэсэн бүхнээ авсан”

“Би загварын ертөнцийг орхих гэж бодсон ч энэ ертөнц Моссгүй оршиж чадахгүй…”

Zindaa.mn


Хамгийн баян, хамгийн сахилгагүй загвар өмсөгч Кейт Мосс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.