Таны биед шингэн илүүдсэнийг илтгэх шинж тэмдгүүд

Water-Saving-TricksУсны ач холбогдлын талаарх мэдээлэл бидний дунд түгээмэл байдаг. Тиймдээ ч ямар нэгэн өвчин эмгэг тусахад “ус сайн уу, ус л уу” гэх зэргийн зөвлөгөөг бие биедээ өгч байгаа харагддаг. Ус хэдий биед тустай ч аливаа зүйлийн хэмжээ хэтрэх нь муу үр дагавар дагуулдгийн адилаар усыг хэтрүүлэн хэрэглэх нь ч мөн бидний биед сөрөг үр дагаврыг авч ирдэг билээ.

Тэгвэл та хэтэрхий их ус уугаад байгаа юм биш биз? Үүнийгээ яаж мэдэх вэ гэж үү? Анхаарлаа хандуулаарай.

1. АМ ЦАНГААГҮЙ Ч УС УУХ

Мэдээж ихэнх хүмүүс ам цангах үедээ л ус ууж, өдрийн усныхаа хэрэгцээг хангадаг. Гэвч таны ам цангаагүй байсан ч ус уугаад байгаа бол биед шаардагдах усны хэмжээнээс хэтэрсэн хэмжээгээр ус уугаад байна гэсэн үг юм.

Биед илүүдэл шингэн хуримтлагдсанаар биеийн электролитийн тэнцвэр алдагддаг. Кали, магни, натри зэрэг эрдэс бодис буюу электролитүүд нь бөөрнөөс эхлээд зүрхний үйл ажиллагааг хүртэл хэвийн явуулахад тусладаг билээ. Харин хэт их ус ууснаар бие дэх электролитийн хэмжээ буурдаг байна.

Та дасгал хөдөлгөөн их хийдэг, халуун оронд ажиллаж амьдардаг, хөлс ихээр ялгардаг байсан ч биед тань цангасан мэдрэмж төрөх үед л ус уух нь зөв юм.

2. ӨНГӨГҮЙ БИЕ ЗАСАХ

Тод өнгөтэй шээс шингэний дутагдсаны шинж гэдгийг бид мэднэ. Гэхдээ энэ нь та заавал өнгөгүй бие засах ёстой гэсэн үг биш.

Эрүүл мэндийн талаарх зөвлөгөө өгдөг “Healthline” вебсайтаас гаргасан нэгэн нийтлэлд “Шингэний дутагдалд ороогүй хүний шээс цайвар шаргал өнгөтэй байдаг. Хэр зэргийн шаргал вэ гэвэл лимоны шүүс шиг л шаргал байх хэрэгтэй” хэмээн бичсэн байдаг. Өөр үгээр хэлбэл ямар ч өнгөгүй бие засч байгаа тохиолдолд таны биед хэт их шингэн хуримтлагдсан байна гэсэн үг.

3. ШӨНӨ ОЛОН УДАА БИЕ ЗАСАХ

Эрүүл мэндийн мэдээлэл хэвлэдэг бас нэгэн вебсайт болох “Medical New Today” сайтад нийтлэгдсэнээр бол “Хүн өдөрт буюу 24 цагт 6-7 удаа бие засдаг” гэсэн байдаг. Хэрэв та үүнээс олон давтамжтай бие засаад ч зогсохгүй шөнө унтаж байхдаа хүртэл хэд хэдэн удаа угаалгын өрөө орох шаардлага гарч байвал яалт ч үгүй шингэний илүүдэлтэй байгаа аж.

Гэвч шээсний замын үрэвсэл, чихрийн шижин, түрүү булчирхайн үрэвсэл, аарцагны ясны сулрал зэрэг эмгэгүүдийн үед ч мөн хэт их бие засах шинж тэмдэг илэрдэг тул энэ тохиолдолд эмчид хандах хэрэгтэй.

4. ХӨЛ, ГАР, УРУУЛ ХАВАГНАХ

Электролитийн тэнцвэр алдагдсаны хамгийн түгээмэл шинж тэмдэг бол гар, хөл, уруул хавагнах. Учир нь хэт их ууснаар цусан дахь натрийн хэмжээ багасдаг тул биеийн эсүүд шингэнээ барьж, хавагнадаг байна.

5. ТОЛГОЙ ӨВДӨХ

Дээр дурдсанчлан хэт их ус уух нь цусан дахь натрийн тэнцвэргүй байдлыг үүсгэж, улмаар биеийн эд, эсүүд хавдаж хавагнахад хүрдэг. Тэгвэл тархины эд эс нь энэ нөлөөнд маш мэдрэмтгий байдаг ба цаашлаад тархи гавлын ясанд даралт өгдөг. Толгой хүчтэй өвдөх нь шингэний илүүдлийн улмаас тархи тань бага зэрэг хавагнасны шинж байж болох юм.

Зарим тохиолдолд хэтэрхий их ус ууснаар тархи маш их хэмжээгээр хавдаж, улмаар их хүчтэйгээр гэмтэх, комд орох, бүр үхэлд хүрэх ч эрсдэлтэй байдаг.

6. САЛГАЛАХ, БУЛЧИН СУЛРАХ

Хэт их ус ууснаар булчин сулрах, бие салгалах шинж тэмдэг илэрдэг. Энэ нь мөн л цусанд дахь натрийн хэмжээ багассантай холбоотой. Хэрэв та ойрын хугацаанд хэт их дасгал хийх, хүнд юм өргөх зэрэг булчин суларч, салгалах зүйл хийгээгүй байхад уг шинж тэмдэг илрээд байвал шингэн илүүдэж, биед чухал шаардлагатай электролитүүд дутагдсан байна гэсэн үг юм.

Мэдээж усны хэрэглээгээ багасгасан ч уг шинж тэмдгүүд илэрсэн хэвээр байвал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй шүү.

7. БАЙНГА ЯДРАХ

Та хангалттай унтаж амарч байгаа ч ядарсан мэдрэмж төрсөөр л байвал энэ нь биед тань шингэн илүүдэж буйн бас нэгэн шинж тэмдэг. Шалтгаан нь мөн л электролитийн хэмжээ алдагдсаны улмаас эрч хүчээ алдаж, байнгын ядарсан мэдрэмж төрөх юм.

Эх сурвалж: Insider


Таны биед шингэн илүүдсэнийг илтгэх шинж тэмдгүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.