Дэлхий дээрх 20 шилдэг амттан

Эдгээрийг зүгээр амттан гэхэд ч багадна. Эд бол бидний амтлах мэдрэмжийг шагнахын тулд хорвоо дэлхий дээр бүтээгдсэн онцгой идээ. “Намайг идээч” гэсэн шиг арааны шүлс асгаруулам “царай” гаргаад байхад харсаар хэрнээ татгалзах үнэхээр хэцүү. Чамайг яг л ийм байдалд оруулах дэлхийн 20 сор дессертийг танилцуулах болохоор өнөөдөр надтай цуг хоолны дэглэмээ зөрччих үү?

1. Quindim (Бразил)
Киндим бол Бразилийн “нэрийн хуудас” болсон амттан юм. Кокос, элсэн чихэр, цөцгийн тос, өндөгний шарны найрлага нь Киндимний тод өнгө, чихэрлэг амтыг бүрэлдүүлдэг. Үүнийг 17-р зууны үеийн Бразилийн Баия дах боолчууд өөрсдийнх нь хувьд хамгийн гарын доорх материал болох кокосыг ашиглан ямар нэг онцгой амттан зохиох хүслээсээ улбаалан бүтээжээ.

2. Gelato (Итали)
Жирийн нэг мөхөөлдөс биш шүү. Желато нь мөхөөлдөснөөс найрлага болон бүтцээрээ нилээд ялгаатай. Энэ хүйтэн амттаныг крем биш сүүг ашиглан хийдэг учраас тослог чанар нь мөхөөлдөснөөс бага юм. Желато гэдэг нь Италиар “хөлдөөсөн, царцаасан” гэдэг утгатай үг бөгөөд 16-р зууны үед ихэс дээдсүүдэд зориулагдан хийгддэг байжээ.

3. Baklava (Турк)
Баклава бол жимс, самар, будааны хавчуургатай, “далан давхар” нарийн боов юм. Баклава нь Эртний Ассирийн хатаасан жимстэй нарийн боовноос санаа аван зохиогдсон бөгөөд ихэвчлэн Турк кофетой хамтатган олгодог. Фисташка, хушга, бүйлс, нимбэг, синнамоны орцтой байх нь элбэг.

4. Waffle (Бельги)
Ваффли бол Бельгийн “бэлгэ тэмдэг” болсон амттан. Найрлага нь бүр Дундад зууны үеэс уламжлагдан иржээ. Ваффлийг Брюсель, Льеж гэж хоёр ангилдаг. Брюсель ваффли нь уламжлалт орцтой бөгөөд шоколад, жимс, кремтэй цуг олгогддог. Харин Льеж ваффлийг талхны зуурмагаар хийдэг ба зажлууртай, чихэрлэг, өег амттай байдаг аж. Льеж ваффлийг дангаар нь эсвэл ваниллинтай хольж идвэл тохиромжтой.

5. Tang Yuang (Хятад)
Энэ өнгө өнгийн будааны бөмбөлгийг хазаад үзвэл дотроос нь хар гүнжид, газрын самар, улаан буурцагны шанз амтагдах болно. Гааны шөлтэй цуг олгогддог Тан-Юаныг Хятадууд баяр ёслолынхоо үеэр ихэвчлэн хийдэг.

6. Pavlova (Австрали)
Павлова бол Австрали, Шинэ Зеландын алдарт амттан юм. Үнэндээ бол том, бүхэл зефирний зуурмаган дээрээс крем асгаж, жимс тавьсан төдий л бялуу л даа. Үүнийг Оросын баллетчин Анна Павловагийн бүжгийн хөдөлгөөнтэй адилтгаж, түүний нэрээр нэрлэсэн гэдэг.

7. Mochi (Япон)
Будааны бөмбөлгийг өнгөнд оруулж, нунтаг элсэн чихэрт өнхрүүлснийг Японд мочи гэж нэрлэдэг. Мочиний олон төрөл байдгаас зайрмаган шанзтай нь хамгийн амттай хэмээгддэг.

8. Arroz Con Leche (Mексик)
Будаагаар амттан хийдэг улсууд зөвхөн Азид байдаг юм биш. Мексикийн энэ “хэцүү нэрт” амттаныг чихэртэй будааны агшаамлаар хийдэг аж. Үзэм, синнамонтой хольж иддэг энэ агшаамал Латин Америкийн олон оронд алдартай.

9. Tres Leches (Коста Рика)
Энэ бол хорвоогийн хамгийн чийглэг, шүүслэг бялуу. Трей Лешейсийг сүү, крем, молокогоор голчлон хийдэг бөгөөд дээр нь сүүн крем тавьж олгодог. Нэрийг нь орчуулвал “Гурван сүүний бялуу” гэдэг утгатай болно.

10. Apple Strudel (Герман)
Хэрчсэн алим, сухар, үзмээр шанзалсан шаржигнуур нарийн боов. Энэ амттанг халуунаар нь, зайрмаг, кремтэй холиод идвэл ч… ммм

11. Bubur Cha-Cha (Сингапур)
Кокосны сүүнд чихэрлэг төмс, хар буурцгийг хэрчиж хийснээр Зүүн-Өмнөд Азийн энэ амттан бий болдог. Чихэрлэг төмсөнд шар, улбар, ягаан өнгө оруулсан байдаг учраас чихэр шиг л харагддаг юм.

12. Guinness бялуу (Ирланд)
Аргагүй л шар айрганы хорхойтнууд даа! Бялуугаа хүртэл хар пивоор хийх арга ухааныг тэд нээжээ. Энэ бялууны зуурмаганд Guiness пиво, гурил, гаа, нимбэг, өндөг орсон. Ирландчууд Зул сарын баярын өдөр энэ бялуугаар ширээгээ чимдэг уламжлалтай.

13. Ovocne Knedliky (Чех)
“Жимсэн банш” гэж нэрлэгддэг энэ амттаныг дангаар нь идэхэд ч оройн хоолыг орлохуйц өег. Өрөөд тавьсан хөөрхөн бөөрөнхий баншны дотор чавга, абрикос, интоор жимс нуугдан буй.

14. Turrón (Никарагуа)
Туррон бол төрөл бүрийн самрын хольцтой жигнэмэг. Энгийн сонсогдож байгаа биз? Гэхдээ амт нь үнэхээр эгэл биш гэдгийг аялагчид баталж байна.

15. Dobos бялуу (Унгар)
Энэ олон давхраат, нимбэгний хавчуургатай шоколадтай бялууг 1800 онд Будапештийн тогооч Жозеф Добос “бүтээжээ”.

16. Kaju Katli (Энэтхэг)
Амталж үзсэн хүний хувьд хэлэхэд энэ бол төгс дессерт. Өтгөрүүлсэн сүү, элсэн чихэр, хатаасан жимс, Энэтхэгийн халуун ногоо, самарны хольцтой хайлмаг гэж ойлгож болно. Дээгүүр нь заавал хүнсний тугалган будаг түрхэж, алмаазан хэлбэртэй болгож хэрчсэний дараа олгогддог Кажу Катли бол дэлхий дээрх тун чамин амттануудын нэг.

17. Maple Taffy (Канад)
Шинэхэн цасан дээр чихэрлэг шүүс асгаж царцаагаад, дотор нь модон иш хатгаад л энэ Канад амттан бэлэн болно.

18. Pastel de Nata (Португаль)
Энэ Португаль амттанд Бразилийн Киндимтэй төстэй нэг шинж чанар бий. Тэр бол өндөгний шарыг өнгө гаргахад ашигладаг арга ухаан нь юм. Pastel de Nata бол өндгөн голтой нарийн боов бөгөөд үүнийг хамгийн амттай хийдэг газраар нутгийнхан Лисбоныг нэрлэдэг.

19. Creme brulee (Франц)
Энэ бол “түлсэн крем”. Нэр нь хачин сонсогдож болох ч шарсан сахар, цөцгий, өндөгний крем ямар тансаг амттай гээч? Хэрвээ чи Франц явахаар зэхэж байгаа бол нутгийн Крем Брюлэнээс заавал амсаж үзээрэй.

20. Ааруул (Монгол)
Хамгийн сүүлд өөрийн хамгийн дуртай амттанаа оруулж байна. Хазахын төдийд аманд бутрах тэр сүүний амтыг уу? Бас аарцтай бялуу, аарцтай зайрмаг болон элгэн таргийг дурьдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Ааяаяа, бодохоос л арааны шүлс асгарч байна шүү.

Дэлхий дээрх 20 шилдэг амттан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.