- 15-19 насныхны нас баралтын шалтгааны дийлэнх нь амиа хорлох үйлдэл байдаг
- Сүүлийн дөрвөн жилд 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл дарамтаас болж амиа хорлосон байна
- 2016 онд НҮБ-аас 16-17 насны сурагчдын дунд амиа хорлолтын талаар санал асуулга явуулжээ. Судалгаанд оролцсон сурагчдын 26.1 хувь нь “Сүүлийн 12 сарын хугацаанд амиа хорлох талаар нухацтай бодож байсан” гэсэн бол 10.7 хувь нь амиа хорлохыг завдаж байсан аж
- Монгол Улсын хүн амын дундах амиа хорлолтын суурь судалгааны тайланд дурдсанаар 2012-2016 онд амиа хорлосон 2055 тохиолдол бүртгэгдсэнээс 29.4 хувь нь 10-25 насны залуус байна. Энэ тоо жил бүр өсөх хандлагатай байгааг судлаачид онцолж буй
Үнэгүйдсэн амь
Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд амиа хорлосон тохиолдол хэд хэд бүртгэгдлээ. Энэ сэдвээр хэдэн жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч нөхцөл байдал өнөөг хүртэл өөрчлөгдсөнгүй. Үүнийг дараах тохиолдлуудаас харж болно.
“Алт шиг гялалзахгүй ч ган шиг хатуу нөхөд энд байна”
2017 оны дөрөвдүгээр сарын 9 Хан-Уул дүүрэг, Зайсан орчмын “Тuul one” хотхоны 14 дүгээр давхрын цонхоор өсвөр насны хоёр охин үсэрч, амиа хорлов. Тэд “Нөхөрлөл мандтугай. Алт шиг гялалзахгүй ч ган шиг хатуу нөхөд энд байна” гэж бичээд өндрөөс үсэрсэн байв. Энэ хэргийн дараахан Эрдэнэтэд бас хоёр охин өндрөөс үсэрч амиа хорлов.
Ажил явдалд ангийнхныг битгий оролцуулаарай
2019 оны 11 дүгээр сарын 19 Сүхбаатар дүүрэгт байрлах “Цамхаг” хотхоны 12 давхраас 14 настай охин унаж, амиа алдав. Тэрбээр “Хайртай аав ээж, ахаасаа уучлалт хүсэж байна. Намайг уучлаарай. Миний ажил явдалд сургуулийн багш нар, ангийн хүүхдүүдийг битгий оролцуулаарай” гэх утгатай гэрээслэл бичиж үлдээсэн байв. Энэ мэтчилэн өсвөр насныхан гэрээслэл бичиж, амиа хорлосоор… Хэдхэн жилийн өмнө ийм харамсмаар зүйл кинон дээр л гардаг байх гэж төсөөлж, гайхдаг байсан монголчууд амиа хорлолтыг ердийн үйлдэл мэт үл тоодог болжээ. Амиа хорлолт манай нийгэмд аюулын харанга дэлдээд удаж байгаа ч, шалтгааныг бууруулах, шийдвэрлэх чиглэлээр хийсэн дорвитой алхам нэг ч алга. “Аав, ээж нар аа хүүхэдтэйгээ ярилц, анхаар” гэж хэвлэлээр хэчнээн улиглавч нэмэр болсонгүй. Хүн хэлэхээс нааш… гэдэг ч хүүхдээ амиа хорлох хүртэл нь хайхрахгүй явна гэдэг дэндүү эмгэнэлтэй. Дэлхийн хэмжээнд үхлийн 15 шалтгааны нэг нь амиа хорлох үйлдэл бөгөөд ялангуяа, 15-19 насныхны үхлийн шалтгааныг тэргүүлэх хүчин зүйл гэж үздэг. 2017 онд ДЭМБ-аас гаргасан судалгаагаар манай улсын 100 мянган хүн тутамд амиа хорлолтын тохиолдол 13 бүртгэгдэж, жилд дунджаар 400 гаруй хүн цаг бусаар оджээ. Гуравхан сая хүн амтай улсын хувьд энэ тоо эмгэнэл гэсэн үг. Монгол Улсын хүн амын дундах амиа хорлолтын суурь судалгааны тайланд дурдсанаар 2012-2016 онд амиа хорлосон 2055 тохиолдол бүртгэгдсэнээс 29.4 хувь нь 10-25 насны залуус байв. Харин Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн судалгаанд “Сүүлийн дөрвөн жилд 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийллийн дарамтаас болж амиа хорлосон” гэжээ.
Өсвөр насныхан эцэг, эхдээ асуудлаа хэлэхээс зайлсхийдэг
УЕПГ-ын Сургалт судалгааны төвийн судлаач, хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа амиа хорлолтын талаарх судалгаандаа “Ерөнхий үзүүлэлтээр амиа хорлолт жил ирэх бүр буурахаар байгаа боловч өсвөр насныхан болон 29 хүртэлх насны залуусын дунд жил бүр өсөх хандлагатай байна” хэмээжээ. Мөн 2016 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсын хүний хөгжлийн талаарх суурь судалгаа”-г хийхдээ 16-17 насны сурагчдын дунд амиа хорлолтын талаар санал асуулга явуулжээ. Судалгаанд оролцсон сурагчдын 26.1 хувь нь “Сүүлийн 12 сарын хугацаанд амиа хорлох талаар нухацтай бодож байсан” гэсэн бол 10.7 хувь нь амиа хорлохыг завдаж байсан тухайгаа илчилжээ. Гар гараасаа хөтлөлцөн өндрөөс үсэрч, “Алт шиг гялалзахгүй ч ган шиг хатуу нөхөд энд байна” хэмээн бичиглэж амиа хорлосон хөөрхий үрс ямар шалтгааны улмаас хиргүй тунгалаг, хүүхэд насаа орхихыг хүснэ вэ. Энэ асуултад хариулт хайхын тулд тэдний онцлогийг нэн түрүүнд харгалзах ёстой. Өсвөр нас бол хүний амьдралын анхны шилжилтийн үе. Гормоны өөрчлөлтөд орж гадаад дүр төрхөөс эхлээд нийгмийн байр суурь, хүмүүсийн харилцаа зэрэг бүх л зүйл дээр шилжилттэй тулгардаг. Тэр явцад өөрчлөлтийг хүлээн авч, ойлгож чадаагүйн улмаас аливаа асуудал тэдэнд хүнд тусдаг байна. “Амиа хорлох үйлдлийн үндэс нь амьдрах шалтгаангүй болох явдал бөгөөд шилжилтийн насны хүүхэд бэрхшээлийг давах шийдлээ олж чадаагүй, ярилцан туслах хүнгүй, надад амиа хорлохоос өөр гарц алга гэж үзсэний улмаас ийм ноцтой үйлдэл хийдэг” гэж сэтгэл судлаачид дүгнэжээ. Үүнийг тандах зорилгоор манай сонин 12-17 насны 50 орчим хүүхдээс асуудал тулгарсан үед хэнээс зөвлөгөө авдгийг тодруулахад “Хамгийн түрүүнд найзтайгаа ярилцдаг” гэж хариуллаа. Тэдэнд амьдрах шалтгаан өчнөөн олон, амь нас нь хэчнээн үнэтэй, тулгарсан асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг томчууд хэлдэг хэдий ч хүүхдүүдээ мэддэггүй болохыг эцэг эхчүүд ойлгохгүй байна. Учир нь амиа хорлосон хүүхдүүдийн гэр бүлийнхнээс авсан судалгаагаар 90 хувь нь тэднийг ойлгоогүй, учир шалтгааныг анзаараагүйгээс ийм байдалд хүрсэн гэсэн хариулт өгснөөс үзэхэд эцэг, эхийн анхаарал халамж дутмаг байгаа нь илэрхий.
Хүүхэд бол хүүхэд, хэзээ ч том хүн байж үзээгүй
Өсвөр насны охинтой нэгэн ээж “Сүүлийн үед янз бүрийн л зүйл сонсогдох болсон тул хүүхдэдээ анхаарах гэж илүү хичээх боллоо. Өмнө нь хоол ундтай, өмсөж зүүхээр дутаахгүй л бол хамаагүй гэж боддог байлаа. Гэтэл тийм биш юм байна. “Хүүхэд маань ийм зүйл боддог гэж үү” гэж гайхахад хүрсэн” хэмээн бидэнд ярьсан юм. Түүний ярианд үндэслэж Q Education group-ийн хүүхдийн сэтгэл судлаач П.Сувданчимэгээс эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцахыг тодруулахад “Эцэг, эхчүүд хүүхдээ янз бүрийн зүйл асуухаар түвэгшээх нь элбэг. Түүнээс улбаалж хүүхэд бага наснаасаа ээж, аав маань намайг тоодоггүй, хайрладаггүй гэсэн ойлголттой болдог. Улмаар би юу ч хийсэн болно гэсэн бодол хүүхдэд төрж эхэлдэг. Тэдэнд бүр “би архи уусан ч болно, би хүнтэй унтаж ч болно, дээврээс үсэрсэн ч болно” гэсэн гэнэн бодол төрдөг. Тэгэхээр амиа хорлолтын ихэнх нь гэр бүлтэй холбоотой байдаг. Хүүхдэд ямар нэгэн бэрхшээл тулгарахад хамгийн түрүүнд ярилцах ёстой хүн нь гэр бүлийнхэн нь байх ёстой. Гэтэл хамт ярилцаж байгаа хүн нь буюу найз нь өөрийнх нь хэмжээнд буюу зөвлөх чадваргүй, амьдралын туршлагагүйгээс хамтдаа амиа хорлох шийдвэр гаргах нь цөөнгүй. Мөн өсвөр насны хүүхдийн духны хэсэг хөгжөөгүй байдаг. Духны хэсэг хүний шийдвэр гаргах чадварт хамгийн их нөлөөлдөг. Гэтэл хүүхдүүд шийдвэр гаргах чадвар нь хөгжөөгүй үе дээрээ бие биедээ сэдэл өгч, энэ нь хар амсалтай үйлдэлд хөтөлж байна. Хүүхэд бол хүүхэд. Хэзээ ч том хүн байж үзээгүй. Харин том хүн бол хүүхэд байж үзсэн. Тиймээс хүүхдийг ойлгох ёстой хүн нь насанд хүрэгсэд юм” гэж ярилаа. Та “үр хүүхэд маань хаана, юу хийж яваа бол, дотроо юу бодож, мөрөөддөг бол, бяцхан зүрх нь ээж, ааваасаа өөр нэгэнд тэмүүлж, догдолж байна уу” гэж бодож үзсэн үү. Хамгийн сүүлд хэзээ охинтойгоо, хүүтэйгээ ярилцсан бэ. Энэ асуултад “үгүй” гэж хариулсан бол үр хүүхдэдээ цаг гаргаад заавал ярилцаарай.
Засгийн газрын мэдээ