“Лос-Анжелес” багийн домогт тоглогч Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа. Түүнтэй хамт 13 настай Жанна охин нь мөн амь үрэгдсэн юм. Аав, охин хоёр амьдралынхаа сүүлийн мөчид ч хамт байлаа.
…Тэр өндрөөс унахад охиноо тэвэрсэн л байж таараа. Хөөрхий охиндоо юу хэлж байсан бол. Аавыгаа уучлаарай гэж хэлсэн байх. Бүх юм сайхан болно гэж хэлсэн байх. Ямар их айгаа бол. Нисдэг тэрэг нь агаарт дэлбэрээгүй болохоор газарт унах хүртэл ямар их айцгаасан бол, юу мэдэрсэн бол. Ардаа үлдэж байгаа охидоо, эхнэрээ бодоод… Домогт тамирчнаас нь илүү охинтойгоо амь үрэгдсэн аавын тухай их бодогдож, төсөөлөгдөж хямарлаа гэж олон аавууд сэтгэгдлээ хуваалцжээ.
“Хар мамба” хочит Коби охиноо “Мамбасита” гэж нэрлэдэг, түүнийг сагсан бөмбөгийн од болно гэдэгт итгэдэг байлаа.
Жаннаг ойр дотнынхон нь Жижи хэмээн дууддаг байв. “Осол гарсан тэр өдөр аав, охин хоёр “Мамба академи” руу бэлтгэл хийхээр явж байсан” гэж TMZ бичсэн байна.
Сагсан бөмбөгийн “Мамба академи”-ийг Коби үүсгэн байгуулсан юм.
Коби охиноо өөрийнх нь авьяасыг өвлөж авсан гэж баярладаг, охиноо өөрөө дасгалжуулдаг байв. Түүний инстаграмд охинтойгоо бэлтгэл хийж байгаа маш олон бичлэг байдаг.
Охиндоо яаж тоглохоос гадна сагсан бөмбөг гэдэг спортын утга учрыг ухуулан заадаг. Өнгөрсөн арванхоёругаар сард аав, охин хоёр “Атланта”, “Бруклин” багуудын тоглолтыг задлан шинжилж байгаа бичлэг олны анхаарлыг ихэд татаж байлаа.
Брайант охиныхоо тоглолтыг байнга үздэг байв. Түүний инстаграм дахь сүүлийн бичлэг нь Мамбаситагийн тоглолт байжээ.
“Жижи өдөр ирэх тусам сайжирч байна”
Охиноороо бахархсан эцэг хүний үг.
Брайант “Жижи Коннектикут их сургуулийн багт алдарт дасгалжуулагч Жино Ориммагийн удирдлага дор тоглохыг хүсэж байна” гэж ярьж байв.
Харамсалтай нь, энэ мөрөөдөл биелсэнгүй.
Магадгүй, сагсан бөмбөгийн ертөнц домог болсон агуу тамирчнаа ирээдүйн домогтой нь цуг алдсан байж болох юм.
Zindaa.mn