Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө санхүүгийн боловсрол олго

3454538825346711516_900_x_542

“…Танил маань долоон настай охиндоо 10 ам.доллар өгөөд аав нь чамд нэг зүйлийг үзүүлье гээд ядуусын хороолол руу дагуулан очжээ. Тэр хавиар нэлээд явж, бүр хоолны газраар нь хүртэл оров. Эцэст нь аав нь охиндоо “Эдгээр хүмүүсийг чиний насан дээр байхад эцэг, эх нь мөн л 10 ам.доллар өгсөн. Гэвч тэд тэр дор нь чихэр жимс аваад идчихсэн. Хүн эцэг, эхтэйгээ мөнх амьдрахгүй. Хэзээ нэгэн цагт бие дааж амьдрах болно. Харин чи сайхан амьдрахыг хүсэж байвал олдсон мөнгөө хадгалж сурах хэрэгтэй” гээд хуримтлалын төлөвлөгөө гаргаж өгчээ. Охин тэдгээр ядуусын нэг болохыг хүсээгүй тул өөртөө мөнгөн хуримтлал бий болгож, насанд хүрэхдээ 100 мянга гаруй ам.доллартой болсон байжээ…” хэмээн “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” номонд хүүхдээ багаас нь хадгалах ухаанд сургасан нэгэн түүхийг өгүүлдэг. Монголчууд ихэнхдээ “үрэх мөнгө байвал зарцуулах арга олдоно” гэсэн хуулиар амьдарч ирсэн. Манай улсад жирийн амьдралтай нэгэн ажил хийлгүй хэдэн сар хамаатан саднаараа тэжээлгээд байж болдог. Тэр байтугай 30 гарсан хэрнээ эцэг, эхтэйгээ хамт амьдраад явж л байна. Гэтэл зах зээл хөгжсөн орнуудад эцэг, эхчүүд нь хүүхдээ 18 нас хүрмэгц тусад нь гаргадаг. Энэ нь хэтэрхий харгис мэт боловч өрсөлдөөнтэй нийгэмд дасгаж, амьдрах дадлыг эртнээс сургах гэсэн арга аж. Тиймээс та ч гэсэн үр хүүхдийнхээ ирээдүйг сайхан байлгахыг хүсвэл зохих хэмжээний санхүүгийн боловсрол олгох хэрэгтэй. Үүний тулд мөнгө хуримтлуулах аргад сургах нь чухал.

Зөв хөрөнгө оруулалт хийвэл баяжина

Монголчууд хүүхдэдээ хадгаламж нээлгээд, тэдэнд огт үзүүлэхгүй байсаар насанд хүрэхэд нь гэнэтийн бэлэг болгон гардуулдаг. Харин гэнэт баяжсан хүүхэд тань юу юугүй үрж гарна. Яагаад гэвэл хүүхэд тань мөнгөний үнэ цэнийг, энэ мөнгө хэрхэн хуримтлагдсаныг мэдэхгүй. Харин “үрэх мөнгө байвал зарцуулах арга олдоно” гэдэг хуулийг сайн мэддэг. Тэгвэл америк гэр бүлүүд хүүхдүүддээ эртнээс хадгалах дадал суулгах үүднээс банкинд хадгаламжийн данс нээж өгдөг. Энэ нь зүгээр нэг төмөр хайрцагт мөнгөө хадгалахаас илүү үр дүнтэй байдаг тул хүүхдүүд ч мөнгөн хуримтлалаа өсгөхөд зүтгэлтэй ханддаг гэнэ. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд нь дансан дахь мөнгөнийх нь гүйлгээг хүүхэдтэйгээ хянаж, ихэнх орлогыг хүүхэд өөрөө хийдэг байна. Тиймээс хүүхэд дансан дахь мөнгөн хуримтлал нь хэрхэн бий болдог, мөнгөний үнэ цэн юу болохыг мэдэж, мөнгөтэй зөв харилцаж сурсан үед дансыг өөрт нь хүлээлгэж өгдөг байна. Та хүүхдэдээ хадгаламжийн данс нээж өгөөд, мөнгөтэй зөв харилцах аргад сургасан бол дахиад нэг зүйлийг заах хэрэгтэй. Хүүхэд тань өгсөн бэлэн мөнгөөр дансаа цэнэглэхээс гадна мөнгөө зохих хэмжээний эргэлтэд оруулж, өсгөх аргыг эзэмших хэрэгтэй. Энэ нь санхүүгийн чухал боловсрол гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн орнуудад хувьцаа, үнэт цаас, бонд зэргийг энгийн иргэд нь санхүүгээ өсгөхөд өргөн ашигладаг байна. Хүүхдэдээ сурч, ажиллахын хажуугаар мөнгө өсгөх дээрх аргыг эзэмшүүлэхийн тулд та өөрөө эхлээд туршаад үз. Анхны хөрөнгө оруулалтаа хийхээс өмнө та хувьцааны зах зээлийн талаарх мэдлэгээ дээшлүүлж, энэ талаар багагүй судалгаа хийхэд гэмгүй. Хүүхдэд санхүүгийн боловсрол олгох нэгэн номын зохиогч “…Энгийн ажил эрхэлдэг, жирийн хүмүүс саятан болдог. Тэд сугалааны хожлоор гэнэт баяждаггүй, харин удаан хугацааны турш бага багаар хуримтлуулсан мөнгөө зөв хөрөнгө оруулалтаар өсгөхийн ашиг тусыг мэддэг учраас л баялаг цуглуулж чаддаг” гээд хүүхдэд өгөх санхүүгийн бэлэг дотроос хамгийн үнэтэй нь хувьцаа байх болно хэмээн онцолжээ.

Засгийн газрын мэдээ


Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө санхүүгийн боловсрол олго
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.