Хошин урлагийн жүжигчин Г.Ундармаа хошин урлагийн тайзаа орхиж, кино урлагт мөнгө хийхээр орсон. Өөрийн нэрээр нэрлэсэн “U film” байгуулж, “Сингл леди” нэртэй хэд хэдэн кино бүтээсэн билээ. Нөхөргүй, сексийн дутагдалд орсон, садардуу гурван үеийн хүүхний амьдралыг харуулсан тэрхүү кино нь кино шүүмжлэгчдийн хажуугаар зүгээр өнгөрсөнгүй.
Нэгэнтээ “40,30,20 нас” гэсэн нэрээр дээрх УСК-г Америк, Европ, Азийн олон орнууд бие биеэсээ хуулбарлан бүтээжээ. Тэгвэл Г.Ундармаа дэлхийн брэнд болсон киног хуулчихаад ичих ч үгүй нэрээ тавьсанд олон уран бүтээлчид эгдүүцэв. Шүүмж судлаач, доктор Г.Батсуурь “U film” бүтээсэн “Сингл леди” кинонд зорулан “Дэлгэцийн урлагийг гутаасан Шүүдэрцэцэгтнүүд” гэсэн нийтлэл бичсэн нь Г.Ундармааг ёстой мунаар дэлсээд авах шиг болсон биз.
Гэхдээ мөнгө улаан, нүд цагаан энэ хорвоод ичих булчирхайгүй энэ эмэгтэй том зорилго өвөртлөн улстөр лүү орохоор ханцуй шамлан шогшиж явна. Эхний ээлжинд тэрбээр эрүүл мэндийн байгууллагыг тохижуулах ажлыг хийдэг байсан нь цаагуураа олны анхааралд өртөх, өрөвч нинжин сэтгэлтэй хүн болж харагдах гэсэн явуургүй арга байж.
Төдөлгүй Г.Ундармаа “Итгэлийн танхим” ТББ-ыг байгуулан, сайн санаат эмэгтэй дүрийг амьдралд чадварлаг бүтээж, эмнэлгийн байгууллагуудыг тохижуулж эхэлсэн нь ийм учиртай байв.Тэрбээр ямар нэгэн нам эвсэлд харьяалагдаагүй бөгөөд найз нөхөд нь “Олонд танигдсан хүн заавал нам дагах хэрэггүй, бие даагаад нэрээ дэвшүүл” хэмээн зөвлөсний дагуу дэвшиж болох тойргоо судалсан шигээ хөдөөгүүр улстөржөөд явж байна. Г.Ундармаа Говь-Алтай аймгийн харьяат ч Эрдэнэт хотоос ажил амьдралын гараагаа эхэлсэн гэдэг.
Гэвч Эрдэнэт хотоос нэр дэвшихэд арай хатуудаж байгаа бололтой. Одоогоор Эрдэнэтээс нэр дэвшихээр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга, мөн л экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар яваа дуулдсан. Тэгэхээр томчуудын тоосон дунд торойтол хоцрохоос айсан тэрээр төрсөн нутаг Говь-Алтайг онилоод байгаа гэнэ. Ойр ойрхон нутаг руугаа гүйх болсон түүнийг хоёр жилийн өмнө Говь-Алтай аймгийн Засаг дарга жуух бичгээр шагнаж, Алтай хотын хүндэт иргэн болгосон билээ.
Олон жил хошин урлагт зүтгэсэн нэр нүүр, сүүлийн жилүүдэд хийсэн хүмүүнлэгийн ажлаараа нүүрээ тахлаад УИХ-ын сонгуульд хүчээ үзэх бололтой. Дуучин С.Жавхлан “Төрийн дууллаа нэг ч гэсэн зөв хоолойгоор дуулдаг гишүүнтэй байя” гэсээр байгаад төрийн түшээ болсон шиг Г.Ундармаа ч хошин урлагийн салбараа төлөөлж, хамгийн түрүүнд нэрээ дэвшүүлж байгаа нь энэ аж. Хэрвээ тэрбээр ирэх сонгуулиар сонгогдож чадвал манай УИХ-ын танхим дуучин, яруу найрагч, бөх, дээр нь алиалагчтай болох нь тэр ээ.
https://www.facebook.com/1015878165212366/photos/a.1015880998545416/1813323495467825/?type=3&theater