Байгальтайгаа би дэндүү адилхаан…

baby

Эмэгтэй хүн болгон яагаад цэцгэнд дуртай байдгийг мэдэх үү? Өөртэй нь адилхан учраас л тэр.

Өөртэй нь адилхан үзэсгэлэнтэй. Өөртэй нь адилхан наранд дэлгэрч, харанхуйд хумигддаг. Хайраар услахгүй л бол хатаж, хамаг сайхнаа өөр лүүгээ шингээгээд өөр хэнд ч харуулахгүйгээр бүр өөрөөсөө хүртэл нуучихдаг гэдгээрээ ч ав адилхан. Тийм болохоор ямар ч цэцгийг хараад эмэгтэй хүний гүн ухамсарт өөрийгөө харж байгаа юм шиг л санагдаж сэтгэл нь хөдөлдөг биз.

Заримдаа хамгийн мэргэн ухаантантай ч ярилцаад шийдэж чадахгүй байсан асуудлаа байгальд очоод “илтгэхэд” хамгийн зөв, энэрэнгүй замыг надад далдын дуудлагаар шивнэж, асуудлыг минь шийдэж өгөх шиг санагддаг. Үнэрээрээ, агаараараа бодлыг минь чиглүүлж, миний очихыг хүссэн цэг рүү сүнсийг минь дагуулан оччих шиг бодогддог. Байгаль бүсгүй хүн хоёр хоорондоо гайхалтай ойлголцдог бололтой. Нэгэн бүхэл юм шиг л.

Бид байгалиасаа, төрөлхийн бусдаас өшөө авдаг, зохиомол эд баялаг руу шунадаг, өрөөлд дайсагнадаг, эрх мэдэл булаацалддаг байхаар заяагдаагүй байх гэж бодогдоно. Хааяа өөрийнхөө гаргаж байгаа араншинг хараад “Байгаль бидэнд ингэж ханддаг билүү?” гэж бодоход л ичих шиг болдог. Учир нь бид байгалийн, байгаль бидний тусгал юм. Байгалийн эд эс бүр хоорондоо ямар эв найрамдалтай, зохицолтой, дөлгөөхөн, нинжин байдаг билээ, бүсгүйчүүд бид яг тийм л байх учиртай үр төл нь юм шиг ээ. Тийм байлгахын тулд л байгаль өөрийнхөө амьд ертөнцийг төрүүлсэн эрхэм чанараа бүсгүйчүүдэд өвлүүлж, биднээр хүн төрөлхтнийг төрүүлүүлсэн юм шиг санагдахгүй байна гэж үү? Бүсгүйчүүд хүнийг, байгаль амьдралыг бүтээдэг. Хоёулаа бидний “эх”. Бид ээжийгээ яаж ч гомдоож, зовоож байсан хэзээд хайраа харамладаггүй шиг, биднийг өөрийг нь хэчнээн их сэндийчиж, үл тоомсорлож байсан ч байгаль эх үр шимээ эцсийн мөч хүртэл өгсөөр л байна гэж бодохоор өр өвдөм.

Ганцхан цэцэг ч биш, байгаль тэр чигтээ бидэнтэй адилхан. Гол ус урсах шиг алхдаг бүсгүй, биш ээ, бүсгүй хүний алхаа шиг урсдаг гол ус. Ой модод найгах шиг санаа алддаг бүсгүй, бас бүсгүй хүн санаа алдах шиг найгадаг ой модод. Цэлийсэн тал чимээгүй дүнхийх шиг бүсгүй хүний уйтгар, бүсгүй хүн уйтгарлах шиг дүнхийх цэлийсэн тал. Бүгд ихэр юм шиг л ижил. Байгальтайгаа л ойр байвал өөрийгөө одооныхоосоо илүү ойлгох бололтой. Учир нь байгальтайгаа би дэндүү адилхаан…

“Үүрд би
Гол ус ширтэж суухдаа
Үсний чинь ширхэг хөвөхийг үзээд
Гоо сайхныг чинь юу ч эс гүйцэхтэй эвлэрсээр байх болно” (О.Цэнд-Аюуш)


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Байгальтайгаа би дэндүү адилхаан…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.