“Мундаг нь” байхын 7 давуу тал

bab2166032f1c2023067de22e27bae42

Энэхүү нийтлэлийг уншихаас өмнө чиний амьдралд эцсийн эцэст хэн, юу хамгийн чухал вэ гэдгийг өөрөөсөө асууж, хариултыг нь бичээд хажуудаа тавиарай.

Ер нь Хамгийн мундгууд нь гэртээ үлддэг гэж сонссон уу? Эсвэл тэгэж бодож байсан уу? Хүүхдүүдээ өсгөж, гэртээ үлдэх нь нэр хүндгүй ажил гэж үзэх нь их байдаг ч яг үнэндээ хамгийн их давуу талтай, чухал зүйлсийг нуруун дээрээ авч явах үүрэг хүлээдэг. Тэд байхгүй бол гэрээсээ гарч байгаа нөхрүүд санаа амар ажлаа хийж, карьер хөөн амжилтанд хүрч, хүүхдүүд нь жаргалтай нь аргагүй инээмсэглэн сургууль, цэцэрлэгтээ явж чадна гэж үү?

Ингээд бодоод үзвэл бидэнд маш олон давуу талууд бий. Бас маш их зүйлийг амжуулж болно. Жишээ нь:

1. Эрх чөлөө
Бодоод үз л дээ. Хүссэн цагтаа унтаж амарна, өдрийн цагаар дэлгүүр эсвэл онлайн дэлгүүр хэсч, дуртай зүйлээ худалдан авч болно. Бүхэл бүтэн өдрийг юунд зарцуулах нь зөвхөн чиний л дур байна. Харин ажил хийдэг эмэгтэйчүүдийн өдрийн ихэнх буюу 9 цаг нь ажил дээр өнгөрөх ба хүссэнээрээ гадуур гарч зугаалах боломж бараг байхгүй. Ажлаа тараад л гэр орон үр хүүхэд шүү дээ.

2. Чи хүссэнээрээ гэрээ тохижуулж, цэвэрлэж эсвэл цэвэрлэхгүй ч байсан болно
Хэдий тийм ч чи тэнд байгаа учраас үргэлж л халуун дулаан уур амьсгалтай байна. Халуун хоол цайгаар хайртай хүмүүс чинь тасрахгүй, эхнэр ээжийнхээ хайранд умбаад жаргалтай байна шүү дээ. Чи үүнийг л хүсч байгаа биз дээ?
Үүнээс гадна “Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь” гэдэг үг яагаад гарсан гэж бодож байна? Гэр гэдэг газар, ээж гэдэг хүний дэргэд бүх хүн өөрийнхөөрөө байж болдог болохоор л тэр шүү дээ. Бусад хүмүүстэй эелдэг, шийдэмгий, мэдлэгтэй, ухаалаг гэх мэт дүр эсгэж харилцах хэрэг гардаг бол ээжийнхээ дэргэд чи огт тэгэх шаардлага байхгүй. Бусад газар чи биеэ цэнэж, цэх суудаг бол гэртээ толгойгоороо хөл хийсэн ч хэн ч чамд юм хэлэхгүй. Ийм л учраас гэр гэдэг хамгийн чухал орон зай байгаа юм. Хэд хэдэн хүний чухал орон зайг нь өөрийнхөөрөө залах эрх чамд байна гээд төсөөл дөө. Гал тогоогоо хүссэнээрээ засч, угаалгын машин хэр чанартай байхыг чи л тодорхойлж, зурагтаа аль хананд тогтоохыг чи л шийднэ. Өмнөхийг нь өөрчилчихсөн байсан ч энэ бол ЭЗЭГТЭЙН шийдвэр.

3. Хувийнхаа аз жаргалд зарцуулах цагтай байна
Өдрийн цагаар чөлөө зав ихтэй учраас өөрийгөө хөгжүүлж, гоо сайхандаа цаг зарцуулж, гэрийн эзэгтэйн чадваруудаа дээшлүүлж, хүссэнээрээ цэсээ өргөжүүлэхээс гадна эрүүл мэнддээ өмнөхөөсөө илүү анхаарч чадна.
Нөхөр хүүхдээ ажил сургуульд нь явуулчихаад буцаж жаахан унтаж байгаад сэрж, сайхан дуу тавьж, нүүрэндээ чийгшүүлэгч маск түрхээд, интернэтээс шинэ бялууны жор харж байгаад туршиж үзнэ. Дараа нь хүүхдээ сургуулиас нь авч, дамжаанд нь хүргэж өгчихөөд, эргэж ирээд шинэ гадаад хэлнийхээ хичээлийг хийж, интернэтээр унаган хэлтэнтэй нь “чат”-лаад, гэрээ бага зэрэг цэвэрлээд нөхөр хүүхдээ ирэхийг дөхүүлээд сайхан хоол хийж эхэлнэ дээ. Хоолны хажуугаар дуртай киногоо үзэнгээ өдөр хийсэн бялуугаа идэхэд бэлэн болгоод ширээгээ засаад хайртуудыгаа дайлна. Ингээд орой нь хөөстэй ваннанд хэвтэнгээ уншиж байгаа номоо дуусгачихаад, хархүүтэйгээ тэврэлдээд, жаргалтай гэгч нь унтахаар хэвтэнэ.

4. Нөхөр чинь эхнээсээ л чиний хэрэгцээг мэддэг болчихно
Бүх орлогынхоо ихэнхийг чамд өгөх ба тэрнээс хэдэн хувийг нь гэр бүлийн биш зөвхөн чиний хэрэгцээнд гээд сайн дураараа санхүүдээ тусгадаг болно. Тэр мөнгө хангалтгүй байвал чи гэрээсээ орлого олж болох өөр зүйл санаачилсан ч болно. №6 дээрээс үүнд тохирох шинэ санаанууд тусгасан холбоосыг авч болно.

5. Жаргалын орныг чи л бүтээнэ
Ихэнх эрчүүд эхнэрээсээ халуун дулаан гэр орныг хүсдэг. Энэ нь өөрөө гадуур зугаалаад чамайг гэрийн мухар сахь гэж хэлж байгаа хэрэг огт биш. Өөрийгөө тэр гэр бүлийг авч явах, санхүүгээ босгох гол хүн нь гэж бодож байгаа болохоор, чамайг өөртэйгөө нэг баг гэж итгэж байгаа болохоор, хамтдаа сайхан ирээдүйг бүтээнэ гэж төсөөлж байгаа болохоор, чамайг өөрийг нь дэмжиж туслана гэдэгэт эргэлзэхгүй, туслаасай гэж хүсч байгаа болохоор, ар гэр хэмээх хамгийн чухал зүйлээ чамд л даатгамаар байгаа учраас л тэр юм шүү дээ. Энэ бол дэлхий дээрх хамгийн сайн эхнэр болох сайхан боломж. Хайртыгаа хүссэнээрээ халамжилж хайрлан, өөрийнхөөрөө анхаарал тавих, түүнээс хамааралтай хайрт эхнэр, харилцаандаа сэтгэл хангалуун нөхөртэй байх сайхан боломж. Чамайг хэчнээн сайн эхнэр, эзэгтэй болохыг найз нөхөд, хамаатан саднууддаа магтаж байгаа “хөөрхөн” царайг нь төсөөл дөө.

6. Мөрөөдлийн оффис ч бас чинийх
Хамгийн шилдэг, мөрөөдлийн оффисын жишээ гээд л “Google” – ийнхийг шүлсээ гоожуулан хардаг шүү дээ. Тэр үед ямар сэтгэгдэл төрдгийг санаж байна уу? Чиний ширээ гээд нэг л буландаа үргэлж гозойн суух биш хаана ч хамаагүй сууж хэвтэж, тоглож, ТВ үзэж болно. Яг л бидний гэр шиг. Тэгэхээр бид нар ч гэсэн гэрээ оффис болгож яагаад болохгүй гэж? Үүний шинэ санааг эндээс уншаарай. Эзэгтэй нарт л ийм боломж олдоно гэж бодохоор сайхан шүү.

7. Хүүхдүүд ч сэтгэл өндөр байна
Миний сайн таньдаг, карьер, гэр хоёроо зэрэг авч яваа хүүхнүүдийн толгойны өвчний нэг нь хүүхдүүддээ анхаарал халамж тавьж чадахгүй байгаа нь байдаг. Өглөө эртлэн босч сургууль, цэцэрлэгт нь хүргэчихээд орой гэртээ ирж хоолыг нь хальт мульт амжуулж хийж өгөөд “Гэрийн даалгавраа хийсэн үү?” гэж асуунгаа дүнг нь нэг гүйлгэж харчихаад л унтдаг гэнэ. Маргааш нь ахиад л үүнээс нэг их өөрцгүй өдөр эхэлнэ. Гэхдээ тэд юу хүсч байгаа гээч! Охиныхоо шинэ найзын тухай, хүүгийнхээ дурласан охиныг хэрхэн өөртөө татахад нь туслах тухай, хичээл нь хэцүү эсвэл амархан байгаа тухай бас зүгээр л амьдралын тухай олон зүйл ярилцаж, тоглож, цагийг хамтдаа өнгөрүүлмээр байгаа. Харин энэ боломж эзэгтэй нарт хангалттай бий. Харин өөрт нь бага санаа тавидагийн төлөө аавууддаа л гомдоллож магадгүй юм.

Одоо нийтлэлийн эхэнд бичиж тавьсан зүйлээ хар даа. “Мундаг нь” байхын давуу талууд тэр зүйлтэй чинь бүх талаараа эсвэл ядаж нэг талаараа ч гэсэн холбогдож байгаа биз дээ? Тэгэхээр чи яг зөв зам дээрээ явж байна гэсэн үг.

Ажил гэрээ хамтад нь зохицуулдаг бүсгүйчүүдээс суралцах зүйл ихээс гадна чи өөрийгөө ч гэсэн хамтад нь амжуулж чадна гэж бодож байгаа ч эхлээд байгаа зүйлдээ талархаж, түүнийгээ илүү сайжруулж, сонирхолтой болго. Ингэж чадвал чиний гараар орсон юм бүхэн тодорхой хэмжээгээр сайжирдаг бас сонирхол татахуйц болдог болно. Магадгүй чи гэртээ бялуу хийж худалдаалсаар байгаад өөрийн гэсэн нарийн боовны газар, кофе шоптой болчих ч юм билүү? Чиний нарийн боовны газрын бүтээгдэхүүнийг амсаж үзэхээр, өглөө бүрийг танайд угтахаар Улаанбаатарын өнцөг булан бүрээс хүмүүс хошуурдаг болох ч юм билүү?


“Мундаг нь” байхын 7 давуу тал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.