Г.Ган-Эрдэнэ: Монголд сурдаг оюутнуудад атаархдаг байсан

  • Залуучууд ирээдүйдээ санаа тавьж, судалж, суралцдаг болсон нь анзаарагдсан. Хувь тавиланд итгээд, гараа хумхиад суудаг хүн цөөхөн болжээ
  • Хүмүүс намайг монгол залуутай үерхэж байгааг гайхаж хүлээж авсан нь сонин санагдсан. Би монгол хүнд л дуртай ирээдүйн нөхрөө эх орноосоо сонгоно гэж боддог байлаа
  • Тэрбээр Youtube хуудсандаа 105 мянга, Facebook-тээ 200 орчим мянган дагагчтай
  • Манайх энгийн л дундаж амьдралтай айл. Хүүхдүүдээ сайхан амьдраасай, сайн хүн болоосой гэсэндээ ээж, аав минь цаг наргүй хөдөлмөрлөж, өөрийнхөө эдэлж, хэрэглэх бүхнийг бидэнд зориулдаг. Бид ч эрвийх, дэрвийхээрээ хичээдэг

“Ардын аниа GiGi” нэрээр цахим хэрэглэгчдэд танигдсан Г.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. Lindenwood их сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн тэрбээр хэрхэн гадаадад суралцах, яаж АНУ-д ажиллах зэрэг влог хийж, хүмүүст хүргэдэг. Түүнчлэн эерэг энерги түгээх зорилготой хөгжилтэй бичлэг хийдэг түүнийг цахим сүлжээнд цөөнгүй хүн дагадаг. Монгол хүнтэй гэр бүл болж, эх орондоо амьдрах хүсэлтэй түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

-Таныг сошиал инфлюенсер гэдгээр хүмүүс эчнээ мэддэг болсон. Бичлэгүүдийг чинь алгасалгүй үздэг хүмүүс ч цөөнгүй. Анх яагаад влог хийх болсноос яриагаа эхлэх үү?

-Өөрт тохиолдсон адал явдлыг бичлэг болгон хадгалах нь дурсгалтай учир оюутан байхаасаа л сонирхолтой бичлэг хийдэг байсан. Гэхдээ түүнийгээ зөвхөн компьютертээ хадгалдаг байлаа. Харин хүмүүсийн влогийг үзээд “бичлэгээ олон хүнд хүргэж болох юм” гэж бодогдох болсон. Ийнхүү шинэ жилийн үдшийг гэр бүлээрээ тэмдэглэж буйгаа бичлэг болгож, анх цахим хуудсандаа байршуулж байлаа. Надад маш сонирхолтой санагдсан. Гэхдээ өөрийнхөө юу хийж, хэрхэн амьдарч байгааг нийтлэх нь ач холбогдолгүй юм билээ. Тиймээс 10-20 минутын хугацаанд хүмүүст хэрэгтэй, сонирхолтой мэдээлэл хүргэхийг хичээдэг болсон. Гэхдээ миний бичлэгүүд нэг хэв маягт баригддаггүй. Учир нь хүмүүс наснаасаа хамаарч өөр, өөр төрлийн мэдээлэл хүлээж авдаг нь анзаарагдсан. Тухайлбал, хөгжилтэй, инээдмийн бичлэгийг арван жилийн хүүхдүүд их үздэг. Харин 20-30 насныхан хэрхэн төлөвлөгөө гаргаж, үр дүнтэй ажиллах, яаж өөдрөг байх зэрэг мэдээллийн шинж чанартай бичлэг хүлээж авах сонирхолтой байдаг. Тиймээс төрөл бүрийн влог хийж, аль болох нас, насны хүнд хүргэхийг зорьдог.

-Бичлэг хийж хүмүүст танигдана гэдэг амаргүй байх. Цаг хугацаа ч их шаарддаг болов уу. Хэзээнээс хүмүүс таныг “Ардын аниа GiGi”-р таньдаг болсон бэ. Мөн анх хамгийн их хүнд хүрсэн бичлэг юу байсан?

-Үнэнийг хэлэхэд, анх бичлэгийг маань олон хүн үздэггүй байсан. Миний хүрээллийн, таньдаг хүмүүс л хардаг байсан байх. Гэхдээ надад үнэхээр сонирхолтой байсан учир хүмүүс үзэх эсэх нь сонин байгаагүй. Тиймээс үзэхгүй байна гээд орхиогүй юм. Шөнийн турш бичлэгээ эвлүүлээд суух үе ч цөөнгүй байлаа. Мөн үүнийг хийснээр би их өөрчлөгдсөн л дөө. Өөрийгөө илэрхийлэх чадвартай болсон. Сул үг хэрэглэж ярьдаг байснаа ч больсон. Энэ мэт надад эерэг өөрчлөлтүүд бий болсон болохоор урам зоригтой влогоо хийж, нийтэлдэг болсон. Анх камер бариад ярихаар өөрөө өөртэйгөө яриад байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрдөг юм билээ. Өөрийнхөө бичлэгийн эвлүүлэх бүр ч инээдтэй. Хамгийн анх олон хүнд хүрсэн бичлэг бол миний хэрхэн турсан тухай влог байсан юм. Төсөөлснөөс их хандалт авсан шүү.

-Цахим сүлжээнд бичлэг нийтэлж, хандалтын тоогоор цалинждаг хүмүүс цөөнгүй болсон. Та Youtube-ээс цалин авч байв уу?

-Бичлэг маань олон хүнд хүрч эхэлснээс хойш надад бизнесийн санал маш их ирдэг болсон. Гэхдээ би тэдгээр саналыг хүлээж авдаггүй. Харин Youtube-ээс тодорхой хэмжээний цалин авдаг. Хөгжүүлээд явбал их мөнгө олох боломжтой юм билээ. Гэхдээ надад түүнд зарцуулах зав гардаггүй.

-АНУ-ын Сиэтл хотод дүүтэйгээ хамт амьдардаг гэсэн. Аав, ээж нь Монголд байдаг уу?

-Би Эрдэнэт хотынх. Нэг ах, нэг дүүтэй. Ах, дүү хоёр маань бас АНУ-д амьдардаг, харин аав, ээж хоёр минь Монголдоо байгаа. Би нэг зүйл хэлмээр санагддаг юм. Зарим хүн баян айлын хүүхдүүд л гадаадад сурч, ажилладаг гэж боддог. Бид гурвуулаа энд байдаг болохоор аав, ээж нь баян учраас хөрөнгөөр нь ингэж яваа гэж боддог хүн их байдаг байх. Заримдаа бичлэг, зурагны доор ийм сэтгэгдэл их харагддаг. Үнэндээ, манайх энгийн л дундаж амьдралтай айл. Хүүхдүүдээ сайхан амьдраасай, сайн хүн болоосой гэсэндээ ээж, аав минь цаг наргүй хөдөлмөрлөж, өөрийнхөө эдэлж, хэрэглэх бүхнийг бидэнд зориулдаг. Мөн бид ч эрвийх, дэрвийхээрээ хичээдэг. Байрны түрээс, хэрэглээний зардлаа өөрсдөө олж, аль болох “ачаа” болохгүйг эрмэлздэг.

-Таныг Ган-Эрдэнэ нэрээр чинь хүмүүс сайн мэддэггүй байх. Учир нь “Ардын аниа GiGi” нэрээрээ танигдсан. Яагаад ингэж нэрлэх болсон бэ?

-Анх Youtube-т хэрхэн англи хэл хэрхэн сурах, яаж турах зэрэг мэдээлэл өгөх зорилгоор бичлэг хийж эхэлсэн чинь “аниа надад туслаач, эгчээ надад зөвлөөч” гэсэн зурвас маш их ирсэн. Ихэвчлэн ЕБС-ийн хүүхдүүд холбогдож байсан болохоор тэгсэн байх. Үүнээс үүдээд “Ардын аниа” гээд нэрлэчихсэн юм. Gi Gi гэдэг нь миний овог, нэрийн товчилсон хувилбар л даа. Заримдаа надаас ах, эгч хүн “Ардын аниа, ардын элч ээ” гэж дуудахаар эвгүй санагддаг л юм. /инээв/

-ЕБС-ийн хүүхдүүд холбогдож, зөвлөгөө их авдаг гэлээ. Ер нь сүүлийн үед залуучууд хэл сурч, гадаадад сурах сонирхолтой болсон. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Тийм шүү. Залуучууд ирээдүйдээ санаа тавьж, судалж, суралцдаг болсон нь анзаарагдсан. Хувь тавиланд итгээд, гараа хумхиад суудаг хүн цөөхөн болжээ. Над руу маш олон хүүхэд холбогдож, зөвлөгөө авдаг. Би их сургуульдаа 40 хувийн тэтгэлэгтэй суралцсан. Магадгүй сайн судалсан бол илүү боломж байсан байх гэж боддог. Тухайн үед надад зөвлөгөө өгөх хүн байгаагүй. Тиймээс надаас тусламж хүссэн хүмүүст аль болох мэдээлэл өгөхийг хичээдэг. Гэхдээ манайхан жаахан залхуу, тууштай биш юм шиг санагддаг. Хэрэв зорьсон л бол ямар ч саад тулгарсан бууж өгөхгүй хичээдэг байх хэрэгтэй.

-Залуучууд гадаадад суралцаж, дэлхийн хэмжээний боловсрол эзэмших хүсэлтэй болсон нь илт анзаарагдлаа. Бакалаврын боловсролыг Монголд эзэмших, АНУ-д суралцах харилцан адилгүй байх?

-Би ЕБС-иа Эрдэнэт хотын “Мон-Турк” сургуульд төгссөн. Тэнд сурч, турк хэл сурсан болохоор цаашдаа Турк явна гэж боддог байлаа. Гэхдээ гэр бүлийнхнийхээ зөвлөснөөр энд ирсэн. Аав, ээжийн бяцхан охин хайртай бүхнээсээ хол, хүний нутагт бие дааж амьдарна гэдэг амаргүй юм билээ. Заримдаа Монголд сурдаг оюутнуудад атаархдаг л байлаа. Учир нь тэд ээж, аавтайгаа, эх орондоо сурч байгаа болохоор санаа зовох зүйл багатай, ямар ч зүйл тохиолдсон өмөөрч, өмгөөлөх өмөг түшиг нь хажууд нь байдаг юм шиг санагддаг. Харин хилийн чанадад суралцаж байгаа хүүхдүүдийн хувьд бүх зүйл эсрэгээрээ. Бүх л хариуцлага, ачаа өөрийн нуруун дээр ирдэг. Ямар ч асуудал тулгарч, юу ч тохиолдож байсан бүхнийг өөрөө зохицуулдаг. Ийм нөхцөлд амьдарч байх үед өвдөх хамгийн хэцүү юм билээ. Хүн сул дорой үедээ хайртай бүхнээ хамгийн их санадаг. Заримдаа Монголд оюутан байж үзмээр санагддаг л юм. Гэхдээ надад тийм боломж олдохгүй байх. Ирэх наймдугаар сараас эндээ мэргэжил дээшлүүлж сурахаар төлөвлөсөн. Гэхдээ АНУ-д бакалаврт сурсан нь сайн хэрэг гэж боддог. Учир нь амьдралыг харах өнцөг маш их өөрчлөгдсөн. Энд хүмүүс ямар нэг зүйлд баригдахгүй, задгай сэтгэдэг. Мөн асуудлыг зоригтой шийдэж, бие биеэ дэмжиж, хамтарч ажиллах чадвартай байдаг.

-Саяхан найз залуутайгаа авахуулсан зургаа цахим хуудсандаа нийтэлсэн “GiGi найз залуутай болжээ, монгол залуутай үерхэж байна” зэрэг мэдээлэл цацагдсан л даа. Найз залуугийнхаа тухай ярьж болох уу?

-Хүмүүс намайг монгол залуутай үерхэж байгааг гайхаж хүлээж авсан нь сонин санагдсан. Би монгол хүнд л дуртай. Тиймээс ирээдүйн нөхрөө эх орноосоо сонгоно гэж боддог байлаа. Найз залуугаа анх Сиэтл хотод зохион байгуулагдсан наадмын үеэр харсан юм. Тухайн үед сайн анзаараагүй. Дараа нь энд гар бөмбөгийн тэмцээний үеэр таарахад нүдэнд дулаахан залуу шиг санагдсан. Гэхдээ над руу муухай хараад байсан болохоор “надад дургүй бололтой” гэж бодож байлаа. Гэтэл үгүй байсан юм билээ. /инээв/ Бид хоёр үерхээд хоёр сар л болж байна.

-Монголчууддаа дуртай гэлээ. Ирээдүйд эх орондоо ирж ажиллах хүсэл байна уу?

-2-3 жилдээ энд амьдрах байх. Учир нь мэргэжил дээшлүүлж, сурахаар төлөвлөж байгаа. Харин цаашдаа Монголд амьдрахыг хүсдэг. Миний анзаарснаар Монголын компаниуд гадаадад боловсрол эзэмшсэн залууст маш их боломж олгодог. Энд их сургуульд сураад төгссөн олон залуус эх орондоо очиж ажиллаад сайхан амьдарч байна. Гэхдээ ажлын нөхцөл ямар байдгийг сайн мэдэхгүй юм. Би сургуулиа төгсөөд Amazon компанид ажилласан. Тэнд ажилчдадаа маш олон боломж олгодог. Жишээ нь, даатгал сайн хийдэг. Мөн заавал ажлын цагаар оффисын ширээний ард сууж ажиллах шаардлагагүй. Хүссэн газраасаа ажлаа хийх боломжоор хангадаг. Өөрөөр хэлбэл, ажлын бүтээмжид ач холбогдол өгдөг нь их таалагдсан. Монголын компаниуд ч гэсэн ийм системээр ажилаасай гэж бодогддог.

Засгийн газрын мэдээ


Г.Ган-Эрдэнэ: Монголд сурдаг оюутнуудад атаархдаг байсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.