- Энэхүү стилийг замбараагүй, завгүй гэх үгсээр тодорхойлж болох ч тантай холбоотой түүх өгүүлж, дахин давтагдашгүй дизайныг бий болгоно
Та урлагийн бүтээл ширтэж, дуу хөгжим сонсохдоо юу юунаас ч илүү таашаал авдаг уу. Хэрвээ тийм гэж хариулсан бол танд магадгүй богемын стильтэй интерьер дизайн таалагдана байх. Товчилбол бохо-шик хэмээн хэлдэг богемын стиль нь хайрцгаас гадуур сэтгэдэг хүмүүст зориулагдсан юм. Энэхүү стилийг замбараагүй, завгүй гэх үгсээр тодорхойлж болох ч эд зүйл бүр нь тантай холбоотой түүх өгүүлж, дахин давтагдашгүй дизайныг бий болгодог. Өөрөөр хэлбэл, та хувь хүний онцлогоо амьдарч буй гэрийнхээ дизайнаар дамжуулан харуулахыг хүсвэл энэ стилийг сонгох хэрэгтэй юм. Харин бохо-шик интерьерийг бүтээхэд төвөгтэй санагдаж, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол бидний бэлдсэн дараах зааварчилгааг анхааралдаа аван уг стилийн үндсэн зарчмуудтай танилцаарай.
Энгийн суурь тавь
Бохо-шик интерьер бүтээхийн тулд эхлээд гэрийнхээ дотоод заслыг цэлгэр харагдуулах цайвар, газрын дулаан өнгүүдээр шийдэж аль болох энгийн суурь тавьж өгөхийг зөвлөж байна. Ингэснээр та гэрээ тод бөгөөд анхаарал татахуйц эд зүйлсээр дүүргэсэн ч интерьер тань хэтэрхий “галзуу” харагдахгүй. Мэдээж бохо-шик стильд ямар нэгэн дүрэм байхгүй тул та хүсвэл ханаа өнгө өнгөөр будаж хамгийн зоригтой санаануудаа хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ саармаг өнгийн ханын цаас ба шал нь ямар ч эд хогшил, тавилгатай зохицдог тул энэ нь хамгийн аюулгүй сонголт болно.
Ургамал байршуул
Ургамал ба цэцэгс нь бохо-шик хэв маягийн салшгүй нэг хэсэг юм. Ургамлын ачаар орон зайг илүү тайван уур амьсгалтай болгож, нүдэнд зөөлөн байгалийн өнгө нэмэхийн зэрэгцээ гэрийн агаараа цэвэршүүлэх давуу талтай. Ургамлаа зөвхөн газар байршуулна гэлтгүй хананд өлгөх, таазнаас унжуулах зэрэг бүтээлч хувилбаруудыг туршаад үзээрэй.
Хээ угалзаар тоглолт хий
Төрөл бүрийн хээ, хэлбэр дүрсээр баялаг хивс, бүтээлэг, дэрний уут, нөмрөг зэргийг хооронд нь хослуулж, олон стилийг нэг дор байршуулах нь бохо-шик дизайн сонирхож буй хүмүүсийн заавал суралцах хэрэгтэй урлаг юм. Гэхдээ таны хослуулах хээ угалзууд хоорондоо уялдан, холбоотой харагдах учиртай тул эд зүйлсээ өнгө дагуу сонгохыг хичээгээрэй. Улаан хүрэн, маргад эрдэнийн ногоон, гүн хөх ягаан, улбар шар гэх өнгө нь ихэвчлэн богемын стилийн илэрхийлэл болдог.
Гар урлалын хийцтэй тавилга цуглуул
Гэрийнхээ тавилгыг бүрдүүлэхдээ дэлгүүрээс бэлэн сет худалдаж авалгүй өөрийн гэсэн түүх агуулах, өвөрмөц эдлэлүүдийг цуглуулаарай. Тавилгууд тань заавал хоорондоо төгс зохицож, үйлдвэрээс дөнгөж ачигдсан мэт өөгүй гөлгөр гадаргуутай байх албагүй. Харин ч бага зэрэг хуучирсан мэт жижиг өө сэвтэй, орон орноос цуглуулсан мэт өвөрмөц гар урлалын хийцтэй эд хогшлууд байвал бүр ч үзэсгэлэнтэй харагдана. Ингэснээр таны гэрийн дизайн хаана ч давтагдахгүй гэдэгт итгэлтэй байж болно.
Минимализмаас зугт
Богемын стильтэй интерьерийг сонирхож байгаа бол “их байх тусмаа сайн” гэх зарчмыг санаарай. Өөрөөр хэлбэл, энэ нь галерей мэт хоосон, цайвар орон зайгаар тодорхойлогддог минимал стилийн эсрэг зүйл юм. Хувь хүнийхээ онцлог, сонирхлыг өрөө бүртээ шингээж, дуртай бүхнээ үзмэр болгон ил тавих эрх чөлөө танд бий. Гэхдээ мэдээж тунг нь тааруулж, утгагүй бөгөөд шаардлагагүй зүйлс овоолохоос сэргийлэх хэрэгтэй.
Өрөөгөө тод өнгүүдээр солонгоруул
Бохо-шик гэх үгийг хэлэх үед толгойд хамгийн түрүүнд тод өнгүүд орж ирдэг. Ягаан, хөх ягаан, ногоон, улбар шар, гүн цэнхэр зэрэг өнгөөр гэрээ тохижуулснаар өдөр бүр баяр баясгалантай орчноор өөрийгөө хүрээлүүлнэ гэсэн үг. Тэр дундаа эрдэнийн чулуудын өнгө богемын стильтэй сайхан зохицдог. Мароккогоос авчирсан мэт гүн өнгөтэй орны даавуу, олон өнгөөр солонгорох буйдан гээд төсөөлөхөд л нүд гэрэлтэж байгаа биз.
Гэрээ металл гадаргуутай эд зүйлсээр чимэглэ
Зөвхөн богемын гэлтгүй ямар ч дизайнтай гэрт толь байршуулснаар орон зайг илүү цэлгэр, том харагдуулах боломжтой байдаг. Харин металл гадаргуутай чимэглэл, эд зүйлс нь бохо-шик интерьерт загварлаг, дэгжин аяс нэмж өгдөг. Алтлаг өнгийн гэрлийн бүрхүүл, номын тавиур дээрх металлик баримал, гоёмсог хүрээтэй толь гээд жижиг деталиуд их чухал шүү.
Олон давхарлах аргачлалд суралц
Нэг, хоёр, бүр гурван өөр дизайнтай хивс давхарлаж, олон янзын зөөлөн бүтээлгийг буйдан дээрээ зэрэгцүүлэн тавьснаар таны гэр тав тухтай, дулаан энерги цацруулах болно.
Урлагын бүтээл цуглуул
Ханануудаа уран зургаар дүүргэн орон орны өөр соёлыг харуулсан үзэсгэлэн бий болгож, дуусашгүй их ярианы сэдвийг зочдодоо өгөөрэй. Мөн эртний эдлэлийн дэлгүүрээс олсон сонирхолтой урлагийн бүтээлүүдээр гэрээ баяжуулах нь богемын стилийн хамгийн чухал бүрэлдэхүүн юм.