Коронавируст халдвар (COVID-19)-ын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс дахин хуралдаж, зарим шийдвэрүүдэд өөрчлөлт орууллаа. Үүнд:
- Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны 3 сарын 11-ний 12:00 цагаас 2020 оны 3 сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэв.
- Төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 сарын 10-ны өдрөөс 2020 оны 3 сарын 28-ны өдрийг дуустал зогсоолоо.
- Монгол, Оросын автозамын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд, ОХУ-аас Монгол Улсад ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг 2020 оны 3 сарын 11-ний 20:00 цагаас 2020 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл зогсоолоо.
- Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны 3 сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.