Төрсний дараах “хэтрүүлэгтэй” сэтгэл зүй

image

Би жирэмсэн байхдаа адсага шиг ааштай байлаа л даа.
Харин төрсний дараа яасан гээч… бүүр аймшигтай!

Би охиноо төрүүлснийхээ дараа өөрийгөө сонин, сэтгүүлүүд дээр бичсэн шиг хямрахгүй, зүв зүгээр байна гэж боддог байлаа. Гэвч одоо эргээд бодоход эрүүл ухаанаар хийхээргүй үйлдлийг өөрөө ч мэдэлгүй гаргаж байсан байгаа юм. Жишээ нь хүүхдээ хүнд тэврүүлэхээс харамлаж, бүр надад хань болж хамт байсан хайртай эмээгээсээ хүүхдээ харамладаг байсан гээч. Одоо бодохоор үнэхээр санаа зовмоор. Хөөрхий эмээ минь тухайн үед гар нь жаахан өвдөөд барьсан аяга тавгаа заримдаа өөрийн мэдэлгүй алдаж унагаад байдаг байсан юм л даа. Тэгээд л нөгөө эмзэг мэдрэмтгий, төрөөд удаагүй ухаан бодол маань эмээ хүүхдийг минь унагаж орхино гэж бодож зүрхэлсэн байгаа юм. Одоо бол эмээ, охин хоёр маань намайг ч тоохгүй бие биеэсээ 2 хоног хол байвал саначихдаг хүмүүс байдаг. Одоог хүртэл тухайн үед ямар гомдмоор зан эмээдээ гаргаж байснаа эвлүүлж хэлээд уучлал гуйх эвээ олдоггүй мунхаг хүн дээ би.

Бас нялх хүүхэд үе үе найтаах нь хэвийн зүйл гэж эмчээс бүр сүүлд сонссон. Гэвч мэдлэг дутмаг байдлаас болоод хүүхдээ найтаах бүрт “Яанаа ханиад хүрэх нь” гэж санаа зовж, өглөө бүр хүүхдээ сэрэхээс өмнө 6 цагт босож шалаа угаадаг байлаа. Өдөр унтахад нь бас угаана. Гараа бараг өдөрт 50-100 удаа юманд хүрэх бүртээ угаана. (Сүүлд мэдэхнээ гараа ойр ойрхон угаах нь сэтгэцийн нэгэн төрлийн өвчин гэнэ лээ) Өөрөө оёдолтой төрөөд ядрангуй байсан хэрнээ хүүхдээ унтахад дагаад унтаж чадахгүй хажууд нь ширтээд л хэвтдэг байж билээ. Заримдаа ямар их унтаж байна аа?, хэвийн амьсгалж байна уу, үгүй гэж хамар дээр нь өд барьж үзэхээ шахна.

Над шиг хэт санаа зовомтгой, бүх зүйлийг хэтрүүлэгтэй боддог үеийг эх хүн бүр л их бага хэмжээгээр туулж өнгөрүүлдэг гэдэгт итгэлтэй байна. Ээж хүн болно гэдэг энэ дэлхийн хамгийн нандин зүйл, бүхэл бүтэн хүн дотроо ургуулаад энэ дэлхийд авчирна гэдэг гайхамшигтай бас бахархмаар үүрэг хариуцлага юм. Биеэ хувааж үрээ бүтээж байгаа болохоор эрдэс бодисын дутагдлаас эхлээд сэтгэл зүйн болон бие махбодийн маш олон өөрчлөлт бүсгүй хүнд гардаг. Энэ бүхнийг зөвхөн жирэмсэн үеийнх гэж зарим хүмүүс эндүүрэх нь бий, гэвч тухайн өөрчлөлт төрсний дараа ч үргэлжилж байдаг. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлснээс хойш 3 жилийн дараа л жирэмсэн болохоос өмнөх хэвийн байдалдаа ордог гэж анагаах ухаанд тэмдэглэсэн байдаг. Гол шалтгаан нь жирэмсний есөн capын турш эхийн биед өндөр хэмжээтэй байсан даавар гэнэт буурдаг юм. Энэхүү дааврын огцом өөрчлөлт нь хүний сэтгэл хөдлөлд:
- Цочромтгой,
- Түргэн ууртай,
- Уйланхай,
- Олон ааштай,
- Нойр багатай,
- Мартамхай,
- Гунигтай,
- Зожиг ганцаардмал,
- Хоолондоо сонирхолгүй эсвэл эсрэгээрээ “ХЭТ ИХ ИДЭХ”
- Бэлгийн дур хүсэл буурах гэх мэт нөлөөл үзүүлдэг.

Гэхдээ санаа зоволтгүй дээ ээжхэнүүд минь дээрх бүгд хөөрхөн үрс чинь хөлд ороод шулганаад ирэх үед аажим аажмаар багассаар алга болчихно. Харин шим тэжээлтэй хоол хүнс идэж, сайн унтаж амрах нь энэ бүхнийг хөнгөнөөр давахад тустайг хэлүүлэлтгүй мэднэ биз дээ? Харин хөхүүл ээж нар жирэмсний үед ууж байсан амин дэмээ үргэлжлүүлж уувал үс унах, ядрах нь арай бага байдаг юм шүү.


Төрсний дараах “хэтрүүлэгтэй” сэтгэл зүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.