Лондоны хөрөнгийн биржид “Burberry” компанийн нэгж хувьцаа 1088 ам.доллар болж, 20 хувиар унав. Энэ гэнэтийн үзүүлэлт шинжээчдийг төдийгүй компанийн удирдлагуудыг цочирдуулсан бөгөөд дэлхий нийтээр тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэгцээ буурч буйтай холбон тайлбарлаж байна.
Ялангуяа тус брэндийн хувцасны худалдаа БНХАУ болон Евро бүсэд ихээхэн буурсан аж. Энэ оны эхний хагаст тус компанийн орлого буурсан үзүүлэлт гарч байсан бөгөөд компанийн зүгээс үнээ бууруулах тактик хэрэглэсэн ч тусыг эс олов.
“Burberry” компанийн санхүүгийн хэлтсийнхэн энэ оны эцэс гэхэд татвар төлөхөөс өмнөх ашиг нь 407-455 сая ам.доллар болох таамаг гаргажээ. Энэ нь урьд үзэгдээгүй бага орлого болох юм. “Компанийн орлого, хувьцааны ханш буурсан нь зөвхөн бид биш” хэмээн “Burberry” компанийн санхүү эрхэлсэн захирал Стэйси Картфрайт өөрсдийгөө өмгөөлжээ.
Гэвч энэ үнэн бөгөөд “Prada” (-6.3), “Hermes” (-1.1), LVMH (-3.4)-ийн хувьцааны ханш ч буурсан юм. Түүнчлэн энэ онд тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүний худалдан авалт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал Азийн бүсэд нэг, Европт гурав, АНУ-д долоо, дэлхийн дунджаар зургаан хувь багассан үзүүлэлт бий.
Т.Жигүүр /Mongolnews.mn/