Залуу Панде Сурчев нь Османы эсрэг тэмцэж байсан зэвсэгт бослогын отрядын гишүүн байв. Туркууд түүнийг баривчилж бүх насаараа нь хорих ял оноожээ. “Еди куле” гэдэг шоронд хоригдож байхдаа харгис хэрцгий тамлал тарчилгааг үзсээр амьд гарах найдвар бараг үгүй болоод байтал 1908 онд залуу туркчууд Туркт үндсэн хуульт хаант засгийг зарлан шинэ засгийн газар нь хоригдлуудыг суллажээ.
Панде төрсөн тосгон Новое-Сельдээ эргэж иртэл түүнийг угтах хэн ч байсангүй, эцэг эх нь хүүгээ хүлээж чадахгүй нас барж ах нь хаашаа ч юм яваад сураггүй болсон байв. Удалгүй Панде Струмице хотод гаднаас нүүж ирсэн хүмүүст Туркчуудын орхиж явсан байшингуудаас олгож байгааг дуулаад тийшээ очжээ. Түүнд хотын захад орших хуучин байшин олджээ. Хотын энэ хэсэг нь хоорондоо ижилхэн хуучин шавар байшингуудтай, хотын захын хороолол гэхээсээн хаягдсан тосгонтой илүү төстэй байв.
Нарийхан хальтиргаатай бохир гудамжуудтай шөнө нь юу ч үзэгдэхгүй пад харанхуй болдог бөгөөд жижигхэн жижигхэн хашаанууд нь үүргэнэ хөгөлөөр юм уу эсвэл хонины хашаагаар хүрээлэгдсэн байв. Эдгээр хашаанууддаа өдөрт нь малаа гаргаж идүүлэх бөгөөд шөнө нь байшингийнхаа нэг давхарт, зарим нь шууд амьдардаг өрөөндөө агуулдаг байв. Шинээр нүүж ирэгсэд нь ойролцоох тосгодоос ажил хайж ирсэн тариачид, жижиг гар урчууд, худалдаачид байлаа. Панде шинэ газар нутагшиж эхлэхийн зэрэгцээ шоронгийн гамшиг зовлонгийн дараа залуу бие организм нь түргэн тэнхэрч байлаа. Тэр жижигхэн газартай болж түүн дээрээ чармайн ажиллаж байв. Ер нь тэр ажилсаг залуу байсны дээр бусад нүүж ирэгсэд , хөршүүдтэйгээ эелдэг даруу харьцдаг байв. Нэг үе тэрээр ганцаараа амьдарч байтал удалгүй эелдэг мөртлөө цовоо шаламгай Параскева гэдэг хүүхэн түүний нүдэнд дулаахан харагдах болжээ.
Тэр хүүхэн танхилхан мөртлөө ажилд шаламгай, эв дүйтэйгээс гадна бие хаа зүс царайгаараа ч давгүй хүүхэн байв. Панде түүнтэй гэрлэхийг гуйж сүй тавьсан бөгөөд хүүхэн ч зөвшөөр ч удалгүй тэр хоёр өөрийн гэр бүлтэй болж шинэ амьдралаа эхэлжээ. Тэр хоёр хамтдаа байхдаа аз жаргалтай байсан бөгөөд залуу эзэгтэй гэр орноо цэвэр тохилог байлгаж чаддаг байсны дээр нөхрийнхөө ажилд тал бүрээр тусалдаг байлаа. 1911 оны 1-р сарын 31-нд тэдний гэр бүлд анхны хүүхэд мэндэлсэн нь охин байлаа. Тэр нь долоон сартайдаа төрсөн бөгөөд маш бие султай, гар хөлийн хуруунууд нь хоорондоо наалдаастай, ямар ч дуу авиа гардаггүй хүүхэд төржээ. Үхэхээс бусдыг үзсэн, настай эмээнүүд хүртэл охиныг амьдарна гэдэгт эргэлзэж байлаа. Түүнийг шар үхрийн ходоод, угаагаагүй ноосооор хулдан пийшингийн ойролцоо тавьжээ. Ингээд бүр 3 сарын дараа нэгэн шөнө дунд охин гэв гэнэт чанга дуугаар уйлжээ. Эх нь ихэд сандарсан бөгөөд настай эмээ нь түүнд охиныг яг энэ цагт л төрсөн болно гэж тайлбарлажээ. Струмице орчмын нутагт шинээр төрсөн хүүхдийг амьдарч чадах эсэх нь шийдгүй байвал нэр өгдөггүй заншилтай байжээ. Мөн нэр өгөхдөө эцэг эх нь биш, гэр бүлийн аль нэг нь гадагшаа гарч анх таарсан хүнээс нэр гуйдаг хуучны заншилтай байжээ.
Харин гэнэт уйлсан шөнийн маргааш өглөө нь эмгэн эх нь гадагшаа гудамжинд гарч анхны тааралдсан эмэгтэйгээс нэр гуйсанд тэр нь “Андромха” гэдэг нэр санал болгожээ. Гэвч эмээ ээжид нь энэ нэр таалагдсангүй учир дараагийн хүнийг зогсоон нэг гуйтал “Вангелия” гэдэг нэр өгчөө. Энэ нь Грек нэр бөгөөд “Сайн мэдээг агуулагч ” гэсэн утгатай ажээ. Энэ нь нэр биш боловч Струмице нутагт Грек нэр их дэлгэрч байсан тул эмээ нь энэ нэрийг ач охиндоо өгчээ. Охин бага багаар тэнхэрсээр үеийнхнээсээ нэг их ялгарахааргүй болжээ.
Вангаг гурван настай байхад ээж нь хоёр дахь хүүхдээ төрүүлэхдээ нас баржээ. Гай зовлон үүгээр дууссангүй, дэлхийн 1-р дайн эхэлж 1915 онд эцэг нь Болгарын армийн цэрэгт татагдсан байна. Ингээд хөрш зэргэлдээ амьдарч байсан өгөөмөр нигүүлсэнгүй сэтгэлтэй Турк эмэгтэй Асаница охиныг өөр дээрээ авчээ. Хүнд хэцүү амьдралын өдрүүд ар араасаа цувран өнгөрсөөр байв. Вангагийн эцгийг эргэж ирэхийг хүлээсээр байсан боловч гурван жил болж байхад түүнээс ямар ч хэл чимээ байсангүй.
Ингээд эцгийн амьд мэнд яваад эргэлзэж, охин бүтэн өнчин болчих вий гэлцэж байтал нэг өдөр эцэг нь эрүүл саруул эргээд иржээ. Тэрээ охин нь байтугай хөршүүд нь танихааргүй шахуу болтлоо турж эцэн царай алдсан байлаа. Ванга эцэгтэйгээ хуучин байшиндаа эргэн ирж амьдарч эхэлсэн боловч эцэгт нь ганцаараа охиноо өсгөх, амьдралаа авч явахад нь маш хүнд байлаа. Энэ үед цэнхэр нүдтэй шар үстэй туранхай охин Ванга 7 нас хүрсэн байлаа. Хөдөлгөөн ихтэй гөжүүн зантай охинд эхийн дулаан хайр, эмэгтэй хүний хараа хяналт байнга үгүйдэгдэх эцэг нь Вангагийн ирээдүйн төлөө маш их санаа зовж байлаа.
Дайн дууссан боловч хүмүүс айдас, тайван биш байдлаас салж чадахгүй байлаа. Струмице хотод шинэ засаглал тогтож хотын даргын бүх эрх мэдэл сербүүдийн гарт шилжив. Ингэснээр хотын иргэд зөвхөн серб хэлээр ярьж бичих үүрэгтэй болсны дээр орон нутгийн удирдлагаас хатуу чанд дэг журмууд тогтоон мөрдүүлж байлаа. Оршин суугчдын ихэнх нь шинэ нөхцөл байдалд дасаж чадахгүй байсны дээр ирээдүйгээ төсөөлөхөд бүр ч хэцүү байлаа. Үүний улмаас олон хүмүүс төрсөн нутгаа орхин явж эхэлжээ. Панде ч тэдий адил явсан нь дээр гэж бодовч хүүхдээсээ болоод ийм алхам хийж зүрхлэхгүй байлаа.
Пандегийн хашаанд Вангагийн сэдсэн янз бүрийн хөгжилтэй тоглоомд ухаангүй автсан хүүхдүүдийн дуу шуугиан тасардаггүй байлаа. Вангагийн хамгийн дуртай тоглоом нь “эмнэлэг” болж тоглох бөгөөд тэрээр үнэн сэтгэлээсээ “эмчийн ” дүрд тоглож эмчлүүлэгч нар нь хашаагаар нэг дугаарлан зогсож хашаан дотор эргэн тойрон ургасан янз бүрийн өвс ногоогоор эмийг орлуулан янз бүрийн өвчнүүдийг эмчилж тоглодог байлаа. Охин ээжийгээ дуурайсан цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг байсан бөгөөд “эмчилгээний” тоглоом дууссаны дараа нөхдийгөө шаардан хашаагаа шүүрдэж цэвэрлэдэг байлаа.
Үүний дараа Ванга хүүхдүүдийг өөрийгөө тойруулан суулгаад өөрийнхөө санаанаасаа зохиосон элдэв янзын түүхийг ярьж хүүхдүүүд түүнийг нь амьсгаа даран чагнадаг байсан бөгөөд энэ мөчийг хүүхдүүд өдөр бүр тэсэн ядан хүлээдэг байлаа. Пандед ганцаараа хүүхдээ өсгөх, аж ахуйгаа авч явах нь хэцүү байсан учир тэр дахин гэрлэх талаар байн байн бодох болов. Хэдийгээр тэрээр ядуу бэлэвсэн эрэгтэй, дээр нь хүүхэдтэй учир сайн хань олдоно гэж итгэхэд бэрх байсан ч түүнд дахин аз таарч тосгоны хамгийн хөөрхөн хүүхнүүдийн нэг Тамка Георгиева түүний эхнэр болжээ. Үүнд хүүхний гэр бүлийнхэн түүний болгар офицертэй ямар нэгэн урьдчилан тохирсон явдал их түлхэц өгчээ.
Учир нь Тамка сербийн удирдлагын тэнэг шаардлагуудыг тэвчиж дагаж чадахгүй байжээ. Тэдний зааврын дагуу бол болгар офицертэй ямар нэгэн байдлаар холбогдсон эмэгтэй хүн бүр гэр бүлийн хамт Струмице хотоос гарч явах ёстой байлаа. Үүнээс мултрахын тулд тэр Пандегийн саналыг хүлээн авч түүний эхнэр болжээ. Залуу эхнэр сайн эзэгтэй төдийгүй халамжтай ээж болж чадсаны дээр нөхөр нь ч түүнд байнга анхаарал халамж тавьж байв. Ингэж Пандегийн гэр бүлийн амьдрал тайван аз жаргалтай байсны дээр тэрээр байнга шургуу хөдөлмөрлөж эдлэн газраа бага багаар тэлсээр арван гекторт хүргэжээ. Ид ашгийн үед өөрийн хүчээр ажлаа дийлэх аргагүй болж Панде бүр ажилчид хөлсөлж авдаг болсон бөгөөд хүмүүс ч түүнд хүндэтгэлтэй ханддаг байлаа. Гэвч тайван аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Шинэ удирлагаас орон нутгийн уугуул иргэд Болгарчуудыг аль болох олон Серб үндэстнүүдээр солихыг эрмэлзэх болов. Энэ бодлогыг амьдрал хамгийн ихээр шамдан хэрэгжүүлэгч нь Попчевский гэгч хүн байв. Түүнд хүмүүсийн хувь заяаг өөрийн үзэмжээрээ шийдэж байх эрх олгожээ.
Тэр ийм эрх мэдэлтэй болмогц Болгарчууд болон тэдэнд элэгтэй хүн бүртэй тооцоо хийж эхлэв. Вангагийн эцэг ч үүнээс мултарсангүй, харин ч илүү ихээр өртжээ. Нэг удаа тариа хадалтын үеэр Пандег баривчлан хэсэг рүү аваачиж баахан зодож тамлан зовоогоод гэрт нь буцаасан боловч удалгүй газрыг нь булаан авчээ. Энэ явдал түүнийг гэр бүлд хамгийн хүнд цохилт болсон бөгөөд олон жил хөл дээрээ босч чадахгүй байсаар гуйлгачингийн байдалд оржээ. Панде одоо өөрөө бусдын зарц барлаг болон хөлслөгдөхөөс өөр арга байсангүй. 1922 онд Тамкагаас хүү төрсөн бөгөөд түүнийг Васил гэж нэрлэжээ. Бусад цагт бол шинэ хүн төрөх нь баярт үйл явдал боловч энэ үед бас нэгэн дарамт нэмэгдэхээс өөр зүйл байсангүй. Эцэг нь хөрш тосгоноосооо эхлэн өөр өөр тосгон хэсэн хөлсний ажил олж хийж, арай ядан амь зогоож байлаа. Энэ үед Ванга 11 нас хүрээд байлаа.
Тэр урьдын адил гэр орныхоо ажилд хичээнгүйлэн туслаж дүүгээ асарч хүн салахын аргагүй янз бүрийн тоглоом бодож олон тоглодог байлаа. Гэтэл сүүлийн үед түүний бодож олсон тоглоом наадмуудын зарим нь төрөл төрөгсдийнх нь санаа сэтгэлийг түгшээх болжээ.
Жишээ нь: Тэрээр гэрийнхээ ойролцоо янз бүрийн зүйл тавьчихаад гэрээсээ гарах, гэртээ орохдоо яг л хараагүй хүн шиг тэдгээр зүйлээ тэмтэрч зүгээ олж байв. Ойр дотны хүмүүс нь түүнд ингэж тоглохыг хоригловч тэр өөрийнхөөрөө үлгэлжлүүлэн тоглосоор байв.
Пандегийн гэр бүлд тохиолдсон хагацал зовлон өлсгөлөн ядуурлын талаар түүний ах нь дуулж мэджээ. Ах Констадины хувь заяа илүү азтай байж баян болж эхнэртэй болсон боловч бурхан түүнд үр хүүхэд заяасангүй. Дүүгийнхээ гэр бүлийн амьдралын хүнд байдлыг мэдмэгц тэр тэднийг өөр дээрээ ирж ахуйд нь тус дэм болж ажиллан амьдралаа залгуулж байхыг санал болгосныг хүлээн авч 1923 онд гэр бүлээрээ Ново-Село тосгонд иржээ.
Үргэлжлэл бий
Эх сурвалж: Зөнч мэргэн Ванга