Гоо сайхны цүнх бол бактерийн “агуулах”

-8268312692305486098_900_x_601

Эмэгтэйчүүдийн гоо сайхны цүнх доторх арван бүтээгдэхүүн тутмын есөд нь элдэв өвчлөл үүсгэдэг олон төрлийн нян үржсэн байдаг аж. Тэдгээрийг өдөр тутамдаа хэрэглэж, нүүр, арьсандаа хүргэх нь арьсны өвчлөл үүсэх гол хүчин зүйл болдог байна. Энэхүү дүгнэлтийг Английн Бирмингем хотын Астоны их сургуулийн эрдэмтэд судалгаан дээр үндэслэн гаргажээ. Судалгаанд хамруулсан гоо сайхны бүтээгдэхүүний 70-90 хувьд нь стафилококк, E.Coli болон мөөгөнцөр агуулагдаж байсан аж. Нүүрээ буддаг эмэгтэйчүүдийн ихэнх нь багс болон гоо сайхны цүнхээ тогтмол угаадаггүй, бүтээгдэхүүнийхээ хугацаа дууссан эсэхийг анзаардаггүй болохыг судлаачид дурдсан байна. Үүний улмаас төрөл бүрийн өвчин үүсгэгч олон сая нян гоо сайхны цүнхэнд нь үрждэг бөгөөд нүд, уруул болон гэмтэлтэй арьсаар дамжин цусанд халдварлах эрсдэлтэй аж. Крем түрхдэг пролонд хамгийн их нян агуулагддаг бөгөөд хэрэглэсний дараа чийглэг байдаг учир бактери үржих таатай орчин бий болдог байна. Үүнээс гадна хэрэглэх хугацаандаа газар унагах, бохир гараар барих тохиолдол их гардаг учир хамгийн их бохирдол үүсдэг гэнэ. Тиймээс бүтээгдэхүүнээ цэвэр байлгаж, эрүүл мэнд, гоо сайхнаа хэрхэн хамгаалах талаар хүргэе.

Уруулын будаг

Уруулын будаг бол эмэгтэй хүний гоо сайхны хамгийн гол “зэвсэг”. Хүчирхэг, дур булаам, ялдам дүр төрхийг уруулаа будахгүйгээр бүрдүүлэх боломжгүй. Гэхдээ уг бүтээгдэхүүн дээр нян үржих өндөр эрсдэлтэй аж. Учир нь найрлагад нь олон төрлийн химийн нэгдэл ордог учир бактери амархан үрждэг байна. Тиймээс дотнын найз, эгч, дүүтэйгээ ч уруулын будгаа хуваалцаж болохгүй. Мөн хооллох үед уруул дээрх будаг их, бага хэмжээгээр аманд ордог учир хоол идэх, цай уух үедээ будгаа арилгаж хэвшээрэй. Хэрэв будагны таг алга болсон бол цүнхэндээ шууд хийхээс татгалзаж, будгаа хайлуулан, тагтай саванд хийж, багс ашиглаж будаарай. Уруулын будгийг хөлдөөгчид хонуулахад бактери устдаг бөгөөд нянгийн эсрэг салфеткаар зөөлөн арчиж, ариутгах боломжтой.

Үзүүрлэгч

Нүд, хөмсөгний харандааны үзүүрлэгчээ тогтмол ариутгах шаардлагатай. Косметик харандаанд химийн найрлага ордог учир цэвэрлэхгүй орхисноор гөлгөр гадаргуу, гаднын нөлөөний улмаас нян үрждэг. Тиймээс долоо хоног бүр спиртэд норгосон хөвөнгөөр үзүүрлэгчээ цэвэрлээрэй.

Гоо сайхны цүнх

Гоо сайхны цүнх нь агаар нэвтрүүлэх боломжгүй, олон төрлийн бүтээгдэхүүн нэг дор багтаадаг учир их хэмжээний нян агуулдаг. Даавуун материалтай цүнх цэвэрлэхэд хүндрэлтэй учир савхи, арьсан болон гялгар материалтайг сонгоорой. Харин ариутгахдаа бактери устгагч шингэнийг хөвөнд шингээж эсвэл салфеткаар арчиж, угаалгын бодисоор угааж болох юм.

Багс

Нүүр будах хамгийн чухал хэрэгсэл бол багс юм. Мөн нүд, уруул зэрэг нүүрний эмзэг хэсэгт хүрдэг учир тогтмол ариутгах зайлшгүй шаардлагатай. Ялангуяа амьтны үсээр хийсэн багсанд нян үржих магадлал өндөр учир аль болох хиймэл үстэйг сонгож хэрэглэхийг зөвлөе. Харин ариутгахдаа зориулалтын шингэн хэрэглэх нь эрсдэлээс хамгаалах бөгөөд сард 2-3 удаа зайлшгүй цэвэрлэж хэвшээрэй.

Шахмал энгэсэг

Шахмал энгэсэг багс, пролон байнга хүрдэг учир амархан бохирддог. Тиймээс тогтмол ариутгах шаардлагатай бөгөөд бусдын багсыг бүтээгдэхүүндээ бүү хүргээрэй. Харин цэвэрлэхдээ изопропилийн спиртийг шүршигч саванд хийн энгэсэг рүүгээ шүршиж болох юм.

Засгийн газрын мэдээ

Гоо сайхны цүнх бол бактерийн “агуулах”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.