Ч.Дэлгэрцэцэг: Авьяастныг тодруулах гэж байгаа хүн өөрөө авьяастай байх ёстой

223

Энэ цагийн сонгодог урлагийн нэгэн төлөөлөл хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.


-Хийл гэх гайхалтай хөгжимтэй долоон наснаасаа хойш нөхөрлөсөн. Тухайн үеийн мэдрэмж сэтгэгдэл одоо хүртэл тодхон байдаг болов уу?

-”Өдрийн сонин”-ы эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлага өгөөгүй удсан байна. Ойрдоо нэлээн зогсонги байдалтай өдрүүдийг өнгөрүүлж байна. Хэт их хурдан хөгжөөд, бүх зүйл хэт их хурдан болоод байсан юм шиг санагдаж байна. Ер нь дотоод хүн рүүгээ чиглэсэн, өөртэйгөө нүүр тулсан, тунгааж бодсон байдалтай өдрийг өнгөрүүлж байна. Ийм үед хийсэн ярилцлага их үнэ цэнэтэй санагддаг шүү.(инээв) Хийлийн тухайд бол бага байхдаа юу ч мэддэггүй байж. Одоогийнх шиг ийм айхавтар мэдээлэл байхгүй. Тухайн үед Хөгжим бүжгийн коллежоос ирсэн багш нарт шалгуулаад тэнцэхдээ хаа байсан тэр гайхалтай сонгодог хөгжмийг сурна гэсэн ойлголт байгаагүй. Тухайн үед төгөлдөр хуур сонгосон бол гэртээ төгөлдөр хууртай байх шаардлагатай. Хийл сонгох юм бол сургуулиас нь өгдөг байлаа л даа. Мэдээж сонголтоор хийл хөгжмийг сонгосон. Эргээд харахаар тийм айхавтар ухамсартай үйлдэл гэхээсээ илүү хувь тавилангаа дагаад л явсан байх.

Нэг мэдэхэд л хийлээ барьчихсан хөгжмөө л давтах ёстой гэсэн бодолтой болчихсон байсан.

-Уран бүтээлч хүмүүст таашаал өгч, баярлуулах гэж уран бүтээл хийдэг. Эргээд энэ нь уран бүтээлчээс маш их энерги, хөдөлмөр шаарддаг байх?

-Тэгэлгүй яахав. Хамгийн сайхан мэргэжлийг эзэмшсэн гэж боддог. Ерөөсөө л бид мэдрэмж дээр ажилладаг. Хүн яахаар гуньдаг, баясдаг, яахаар сэргэдэг гэдгийг судална. Тэр бүхэн чинь явж явж хэмнэл юм байна лээ л дээ. Африкийн орныхон бөмбөр тогшоод, тоглоод л эрч хүчтэй байгаад байдаг. Ингээд үзэхээр тэр чинь хэмнэл шүү дээ. Хэмнэл гэдэг зүйл хүнийг өөрийн эрхгүй хэмд оруулдаг. Манай “The Hu” хамтлагийн гол зүрх судас бас л гайхалтай хэмнэл байна. Хэмнэлийг мэддэггүй, мэдэрдэггүй ард түмэн гэж байдаггүй. Түүн шиг ямар хэмнэл тоглоход хүн баяр баясгалантай болдог юм. Ямар хэмнэлийг өгөхөд хүн тайвширдаг гээд тэр болгоныг судалж уран бүтээлдээ оруулахыг хичээж байна даа.

-Хүмүүст тэр хэмнэлийг мэдрүүлэхийн зэрэгцээ та бас өөрөө нандин зүйлсийг мэдэрдэг байх?

-Тийм шүү. Хөгжим яг хувцас шиг. Зарим хөгжмийг сонсоход хүлээж авдаггүй. Зохиогүй хувцастай адилхан. Гэтэл зарим хөгжмийг сонсоход бол шууд хүлээгээд авдаг. Өөрөө тэр сайхныг мэдрэхгүй, хүлээж авахгүй л бол тэр аялгууг тоглохгүй шүү дээ. Би маш олон зохиолчдын алдартай бүтээлүүдийг тоглож байсан. Тэр бүтээлүүдийг өөрийнхөөрөө мэдэрч байж л тоглодог байхгүй юу. Түүнээс биш надад харийн санагдаад байвал тоглогдохгүй. “Жалам хар”-ыг ямар их хүсэж тоглосон гээч. Тэгэхэд найруулж байсан хүн “Жалам хар”-ыг уу даа гээд дургүй шинжтэй. Хүн болгон тоглочихсон шүү дээ гээд хэлж байсан. Гэхдээ би үнэхээр л тогломоор байсан. Тэгээд би олон газар тоглож эрчүүдийнхээ хийморийг өргөж огшоосон. Урлагт худлаа зүйл байвал хөгжихгүй. Та бид хоёр ярилцаад сууж байхад ч та намайг худлаа үнэн ярьж байна уу гэдгийг мэддэг. Яг түүн шиг тайзан дээр худлаа зүйл хийвэл урлагийн хамгийн муу хувилбар болно биз дээ. Чин сэтгэлээсээ мэдэрсэн зүйлээ хөгжмөөр гаргахад үзэгчид хүлээж авдаг л байхгүй юу.

-Хүүхдийг багаас нь хөгжмөөр хүмүүжүүлэх хэрэгтэй гэдэг. Та хүүгээ зургаан сартай гэдсэндээ тээж байхдаа тоглолтоо хийж байсан?

-Хөгжимтэй ойр өснө гэдэг хүн болж төлөвшихөд маш их чухал үүрэгтэй. Би зургаан сартай хүүхдээ тээж байхдаа өөрийн бүтэн хэмжээний тоглолтоо хийж байсан. Ямар ч нотыг ямар ч үед дуугаргаж чаддаг дотоод сонсгол нь сайн хөгжсөн хүүхэд гардаг юм билээ. Тэрийг өөр дээрээ баталсан. Хүн чинь сэтгэлийн амьтан. Сэрэл мэдрэмж дээрээ амьдардаг. Тэр талаа мэдрэхгүй байгаа хүн бол өөрөөсөө л хол байгаагийн шинж. Бүжиг бүжиглэхэд уйтгарлаж болдоггүй гэж үг байдаг шүү дээ. Өөр зүйл бодоход хөлөө алдаад л зогсоно. Яг түүнтэй адил хөгжим гадагшаа юм бодож бус дотогшоо өөрийгөө чагнаж байж илэрхийлэгддэг.

Өөрийгөө мэдэхгүй мөртлөө өрөөл рүү анхаарлаа хандуулдаг хүмүүс байдаг. Ер нь өнөөдрийн нийгмийн том шүүмжлэл бол “сэвэлт” гэж зүйл байна. Нэг нь сэвэхэд нийгэм даяараа сэвүүлдэг. Хүн өөр рүүгээ хардаг, анхаардаг бол тэр сэвэлтэнд өртөхгүй. Нийгмийн давлагаагаар амьдардаг хүмүүсийн дотоод мэдрэмж нь бага байна л гэж боддог, миний хувьд.

-”Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллах урилгыг анх яаж хүлээж авсан бэ?

-Үнэхээр гайхалтай шоу. “Халтар царайт”-аас хойш монголчуудыг телевизийн өмнө уясан шоу болсон. Авьяастныг шүүнэ гэдэг бол маш том ажил. Юугаа ч мэдэхгүй байх үеэсээ л урлагт орсон болохоор бүх шатны тогоогоор дамжаад гарсан. Тэгэхээр үүнд мэдлэг ч хэрэгтэй, авьяас ч хэрэгтэй. Маш олон хүн намайг авьяастай гэж хэлж байсан. Анхандаа хүн мэддэггүй л юм билээ. Онгироод хэлэхэд авьяастай хүн л хүний авьяастай үгүйг мэднэ дээ. Өвдөж үзсэн хүн л нөгөө хүний өвдөлтийг мэдэрнэ гэдэгтэй адил. Авьяастныг тодруулах гэж байгаа хүн өөрөө авьяастай байх ёстой. Тэр шалгуураар л би “Авьяаслаг монголчууд”-ын шүүгчийг хийсэн юмуу даа гэж боддог. Шоугаа шүүхдээ энгийн зарчмаар л ажилласан. Гэртээ телевиз үзээд сууж байхдаа хүн хамгийн үнэн байдаг. Тийм учраас шоугаа шүүхдээ энэ зарчмаар л ажилласан. Энгийн, байгаагаараа байхыг л хүссэн.

-”Ирмүүн өглөө” уран бүтээлээ шинийн нэгний өглөө үзэгч, сонсогчдын хүртээл болгосон. Анх “Өглөө” гэсэн нэртэй байсан гэсэн. Энэ уран бүтээлийн талаар ярихгүй юу?

-Энэ уран бүтээлийг хоёр жил орчим дуншиж байж хийсэн. Бүтэн жил тоглож өөрийнхөө гарт оруулсан. Анх “Өглөө” гэдэг нэртэй байсан. Эрчис нэмэх гээд “Ирмүүн өглөө” болгосон. Ирмүүн гэдэг чинь эрчтэй хүчтэй, оргилуун гэсэн утгатай. Хүний амьдралын хамгийн гол бүтээгдэхүүн бол сүү, өндөг, талх. Би тэр компаниудаас нэг ширхэг ч төгрөг аваагүй. Түүнээс гадна монголчууд Монголоос яаж гарах вэ гэж санааширдаг байсан. Гэтэл одоо Монголдоо яаж ирэх вэ гэж бодож байна. Хорвоо гэдэг нэг л өдрийн дотор эргэдэг юм гэдгийг харуулах гэсэн юм. Ингээд малчны хотон дотор зогсоод хийлээ тоглох санаа орж ирсэн. Яг малчны хотонд тоглоод найр наадмаа хийгээд ааруул ээзгийгээ хэрэглэж байгаа нь өөрөө монгол дархлаа гэдгийг харуулах гэж зорьсон. Уран бүтээлч бид аливаа зүйлийг эерэгээр эргүүлж, энэ цаг үед эрүүл монгол бүтээгдэхүүнээ хэрэглэх нь гол байна. Энэ бүтээлээ шинийн нэгний өглөө гаргасандаа маш их баярладаг. Түүгээрээ би монгол сонгодгийг бүтээсэн гэж бодож байна.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-”Хийл” нэртэй уран бүтээл дээр ажиллаж байна. Энэ мэргэжлийг эзэмшсэн болохоор мэргэжлээ магтан дуулсан онцгой уран бүтээл хийж байгаа. Магадгүй хийлч Дээгийгийн “Хийл” гээд зохиол үнэхээр “Хийл” гэж ийм хөгжим шүү гэж алмайрах тийм зохиолтой болох юмсан гэж бодож, зорьж ажиллаж байна. Үүнийг минь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун ах зүрх сэтгэлээ зориулан дэмжиж ажиллаж байна.

Яаж хүмүүсийг сэтгэлийн оргилд хүргэх вэ гээд олон зүйл бодож байна даа. Коронавирусийн энэ үед монголчууд маань ямар мундаг зохион байгуулалттай ажиллаж байна аа. Саяхан банкны оочерлох хэсэгт зайтай зогсох наалт нааж байгааг хараад фэйсбүүктээ нийтэлсэн. Эмх цэгцтэй байх л бүх зүйлийг утга учиртай болгож эхэлдэг. Үүгээр хувь хүний болон нийтийн ариун цэвэр эрс дээшилж байна. Яг л ийм байх ёстой байх.

С.ЛХАМСҮРЭН

Өдрийн сонин


Ч.Дэлгэрцэцэг: Авьяастныг тодруулах гэж байгаа хүн өөрөө авьяастай байх ёстой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.