Казахстаны сурагчид зайнаас суралцаж байна

227

Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Асхат Аймагамбетов хичээлийн жилийг тасалдуулах, эсхүл хугацааг өөрчлөх шаардлагагүй гэж үзжээ.

Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яам коронавирус халдварын тархалтаас шалтгаалан энэ оны 1 болон 2 дугаар сараас танхимын сургалтыг зогсоож, цахим болон зайны сургалтад шилжсэн бусад улс, орны туршлагыг судлан өөрийн улсад тохирох хэлбэрийг сонгосон байна. Тус улсын сурагчид 2020 оны 04 дүгээр сарын 6-ны өдрөөс зайны сургалтын хэлбэрт шилжиж, зайны сургалтыг “Балапан” болон “Ел арна” теле суваг, “Қазақ радиосы” радио, “Казпочте” шуудан, Zoom зэрэг программыг ашиглан интернет, тусгайлан зориулсан цахим хуудас, мессенжерээр дамжуулан хүлээн авч байна.

Телевиз, радиогийн сувгаар хичээлүүдийн цагийн хуваарийг олон нийтэд урьдчилан мэдээлдэг бөгөөд нэг теле хичээлийн үргэлжлэх хугацаа нь 10 минут байна. Олон эцэг эхийн хүсэлтээр телевизийн хичээлийг дохионы хэлний орчуулгатай болгож байгаа юм байна.

Хөдөө, орон нутаг, алсдагдмал бүсийн 100 хүртэл сурагчтай 1080 гаруй сургуулийн 60 мянган сурагч үргэлжлүүлэн уламжлалт танхимын сургалтад хамрагдана. Ердийн үед эдгээр сургуулиуд нэг ээлжтэй байдаг бол коронавирус халдварын тархалт гарсан үед хоёр ээлжээр хичээллэнэ. Ээлж хооронд анги, танхимд агаар сэлгэлт, ариутгалыг тогтмол хийх бөгөөд нэг ангийн сурагчид нэг л танхимд хичээллэж, өөр анги, танхимд орохгүй байхаар зохицуулжээ.

Түүнчлэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Асхат Аймагамбетов үндэсний нэгдсэн шалгалт (ҮНШ)-ын хугацааг өөрчлөхгүй гэж мэдэгдэв. ҮНШ-ыг 6 дугаар сарын сүүлээс 7 дугаар сарын эхэн хүртэл хугацаанд зохион байгуулдаг бөгөөд тус улс дахь коронавирус халдварын тархалт газар авахгүй, нөхцөл байдал сайжирна гэж найдаж байгаагаа  тэмдэглэн Үндэсний шалгалтын төвд хичээл тус бүрээр 70 тест боловсруулан өөрийн цахим хуудаст байршуулах үүрэг өгснөө дурджээ.

Бүгд Найрамдах Казахстан Улс 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс онц байдал зарласан ба 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар COVID-19-ийн бүртгэгдсэн тохиолдол 781 байгаа бөгөөд үүнээс 8 хүн нас барсан байна.

Эх сурвалж: БСШУСЯ


Казахстаны сурагчид зайнаас суралцаж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.