Э.Амина: Өсвөр насанд хамгийн их дутагддаг хэрэгцээ бол хайр

109

Та өсвөр насны хүүхэдтэй юу. Өдөр ирэх тусам ааш зан нь өөрчлөгдөж, таны мэдэх жаахан охин, хөвгүүн сэтгэлийг тань гонсойлгох үйлдэл хийж байна уу. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хорт зуршил гэх мэт тэднийг тойрсон асуултууд эцэг, эхчүүдийн дунд ихээр хөвөрдөг. Харин шилжилтийн насандаа хүүхдүүд ямар философийг тээж явдаг талаар “Монгол билиг” сэтгэл судлалын төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач, магистр Э.Аминатай ярилцлаа. Та энэхүү ярилцлагаас өөрт тулгарсан асуултуудынхаа хариултыг олж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлогийг хэдэн настайгаас нь эхлэн судлах боломжтой вэ?

-Сэтгэл судлалын шинжлэх ухаанд 12-17 насыг өсвөр буюу шилжилтийн нас гэж үздэг. Хүүхдээс том хүн болж байгаа процессын завсар үе. Гэхдээ 2015 оны судалгаанаас үндэслэн 10 наснаас эхлэн өсвөр нас эхэлж байна гэж үзсэн. Учир нь одооны хүүхдүүдийн бойжилт нь хурдан явагдаж байгаа юм. Энэ нь тэдний үзэж, харж байгаа зүйлс, бие физиологийн хувьсалтай холбоотой. Мөн нийгмийнхээ мэдээ мэдээллийн хөгжил дунд хүүхэд танин мэдэхүйн хувьд эрт хөгжиж байна гэсэн үг.

-Хүүхдийн суурь хүмүүжил эрт үедээ төлөвшсөнөөр өсвөр насандаа буруу зуршилд автахгүй байх боломжтой юу?

-Хүүхэд гурван нас хүртлээ суурь хүмүүжлийг авсан байдаг. Харин гурван наснаас хойш хүүхэд “би хэн бэ” гэдгээ таньж мэдэж эхэлдэг. Хүйс, ааш араншин гээд тухайлсан хэд хэдэн зүйлсийг мэдэрч, мэдэж эхэлдэг гэсэн үг. Иймд энэ үед нь хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь гэр бүлийн харилцаа, орчин тойрон байдаг. Өсвөр насанд маш их сэтгэл хөдлөлтэй байж,  түүнийгээ хянах чадваргүй болтлоо баярлаж, догдолж басхүү дурладаг. Эдгээр нь бие физиологийн хувьд өөрчлөгдөж эхэлж байгаа буюу нэг төрлийн гормоны өөрчлөлттөй холбоотой юм. Энэ үед давхар сэтгэцийн үйл ажиллагаанд өөрчлөлт ордог гэсэн үг. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байдаг.

-Өсвөр насанд гэр бүлээс илүүтэй найз нөхдөөсөө хамаарах хандлага нь нэмэгддэг шүү дээ. Энэ юутай холбоотой вэ?

-Өсвөр насны үед хүүхдүүд үе тэнгийнхэн рүүгээ чиглэсэн хандлага нь өндөр байдаг. Хэн өөрийг нь ойлгож, ямар хүүхдүүдтэй хамт байхад цагийг гоё, сайхан өнгөрүүлж байна гэдгээс шалтгаалаад анхаарал нь найзууд руугаа чиглэдэг.

-Уруу татаж байгаа найз нөхдийн харилцааг шууд таслахаас илүүтэй зөв байдлаар хэрхэн ойлгуулах вэ?

-Өсвөр насны хүүхэд хяналтыг мэдрэхийг хүсдэггүй. Ээж, аавын хяналтад орохгүйн тулд яах ёстой вэ гэдэг аргуудыг хайж эхэлдэг. Хэрвээ хүүхдээ хэнтэй нөхөрлөж явдаг, тэдгээр хүүхдүүд нь ямар нөлөөлөлтэй болохыг харахыг, мэдрэхийг хүсч байгаа бол тэдэнтэй танилц. Гэртээ урь. Таны хүүхэд яагаад тэдэнтэй нөхөрлөх дуртай байгаа байдлыг хараад, хүлээн зөвшөөр. Өөрөө найзалж буй мэт цагийг өнгөрөө. Болохгүй зүйл байхгүй. Харин үүний дараагаар тэдний дунд таны хүүхдийг уруу татах, муу нөлөөтэй гэж үзсэнээ хоорондын харилцааг нь шууд таслах, тулган шаардах ёсгүй. Хүүхэдтэйгээ ярилцах, ойлголцох замаар санал гаргаж, бага багаар тэдгээр хүүхдүүдээс нь холдуулах нь  илүү үр дүнтэй.

-Аливаа зүйлд уруу татагдах байдал нь юутай холбоотой вэ, магадгүй сэтгэлзүйн хэрэгцээтэй  холбоотой юм болов уу?

-Хорт зуршлыг өөртөө бий болгох эсэх нь тухайн хүүхдийн хүрээлэлтэй шууд холбоотой. Яагаад гэвэл тухайн хүүхдийн хэн илүү ойлгож, дотно мэдрэмжийг төрүүлж байгаа зүйлээ сонгодог. Энэ үедээ үе тэнгийнхэн нь өөрийн хүрээлэлд оруулахын тулд өөрсдийн юу хийж байгаа бүхнээ хийлгэхээр нөлөөлдөг гэсэн үг. Нэгдүгээрт, том хүн болсноо батлах гэж, найзалж байгаа хүүхдүүдээсээ хоцрохгүй, жийгдэхгүйн тулд тэдний хий гэсэн зүйлийг хийх ёстой юм байна гэх ойлголтыг авснаар хорт зуршлуудад ордог. Түүнээс авч байгаа мэдрэмж нь тааламжтай санагдвал салж чадахгүйгээр  хамааралтай байдалд ордог гэсэн үг.

-Хөл хорио тогтоосноос хүүхдүүд найз нөхөдтэйгээ уулзаж чадахгүй байна.  Энэ үед хүүхдийнхээ сэтгэл санааг тогтвортой байлгахад хэрхэн анхаарах талаар зөвлөгөөг өгөөч?

-Өсвөр насны хүүхдүүдийн хувьд хамгийн их орон зайг нь найз нөхдийн харилцаа. Хөл хорио тогтоосноос бусад цаг үед ч гэсэн маш их ганцаардаж, тэдэнтэйгээ илүү их цагийг хамт өнгөрөөмөөр санагдаж байгаа. Энэ үед нь хүүхдийнхээ сэтгэл санааны байдлыг тогтвортой барихыг хүсвэл хамтдаа илүү их цагийг өнгөрүүлэх зүйлстэй болох нь дээр. Хамт кино үзэж, агаарт гарах байдлаар ч юм уу аав, ээжийнхээ үүргийг илүү найз, нөхөд мэтээр хамтдаа гүйцэтгэх нь чухал. Хэрэв ээж, аавтайгаа тэр бүр дотно байхгүй бол хүүхдийнхээ сонирхлынх нь ном, бүтээлийг хамт сонсож, ярилцах хэрэгтэй. Ер нь хүүхдийг хөгжүүлье гэвэл ном уншуулах нь зөв. Ном унших дадал гэдэг нь хүүхдийг эрт төлөвшүүлэх, аливаа асуудалд хэрхэн хандахыг чиглүүлэх, ертөнцийг илүү баялаг өнцгөөс харахад нь тус болж,  өөрийнх нь бодлууд болон ярианы байдлыг нь  цэгцэлж өгдөг юм.

Та ч өсвөр насыг тойрч биш дайрч гарсан гэдгээ санах хэрэгтэй

-Хорт зуршлийг нь мэдээд эцэг, эхчүүд шууд уурлаж, загнах нь элбэг шүү дээ. Энэ үед хүүхэд болон эцэг, эхчүүдийн хоорондын харилцааг хэрхэн дүгнэх вэ?

-Эцэг, эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа бол хүүхдээ том хүн болж байна гэдэг өнцгөөс ойлгохыг хүсдэггүй. Нөгөө л жоохон охин, хөвгүүнээрээ харж, өөрийн хяналтдаа байлгахыг хүсдэг. Мөн аюултай зүйлд өртүүлэхгүйн тулд маш их зааварчилгааг өгдөг. Хүүхэд энэ үедээ өөрийгөө том хүн болж байгаа гэж ойлгосон байдаг учраас өөрийн эрх, үүргийг мэдэрмээр санагдаж эхэлдэг. Хүүхэд чигээр нь харж байгаа эцэг, эхийнхээ бодлыг эсрэгээр батлахын тулд зөрчилдөж, хоорондын харилцаагаа хаалттай болгож эхэлдэг.  Харилцааны хамгийн чухал зүйл бол энэ үед хүүхдийнхээ найз нь байж, сонсох хэрэгтэй. Хүүхэд тань муу зуршилд автаж байгаа нь нүдний тань өмнө илт байвал түүнийг нь шууд загнаж, шүүмжлэх байдлаар хүлээн авах нь буруу. Өөрөө ч бас энэ насыг дайраад өнгөрсөн гэдгээ санах хэрэгтэй. Уурлаж, бухимдан хүүхдээ шүүмжлэхийн оронд яг л найзууд шиг ярилцаж, учир байдлыг нь сонсох хэрэгтэй байдаг. Иймд манай эцэг, эхчүүд зөв чиглүүлэх тал руу нь л хандуулах нь чухал.

-Хүүхдийн хорт зуршилд автах байдал нь гэр бүлийн нөлөөлөл, орчноос шалтгаалах уу?

-Хүний сэтгэлзүйн тайван байдлыг алдагдуулж байгаа хамгийн том хорт зүйлсийн 70 хувийг  эргэн тойрныхноос үүдэж буй асуудлуудтай холбоотой гэж үздэг. Энэ нь хүүхдийн хувьд бараг 90 хувь. Эргэн тойронд нь нас биеэнд хүрсэн хүний хувьд хүртэл ямар хүмүүсээр хүрээлүүлж байгаагаас шалтгаалаад түүнийхээ үр дүн нь өөрөө болно гэсэн үг. Хүүхэд ч мөн ялгаагүй. Тэд  орчин тойрны нөлөөгөөр хүмүүжиж, төлөвшиж байдаг учраас аль болох хүүхдийнхээ хажууд зөв үлгэр дууриаллыг хэвшүүлэх хэрэгтэй.

-Боловсрол суваг телевизээр “Нандин нас” телевизийн олон ангит киноны үеэрх хүүхдүүдийн үнсэлцэж байгаа сцени эцэг, эхчүүдийн дунд дургуйцлийг үүсгэсэн. Үүнд сэтгэл зүйч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд жаахан эмзэглэсэн. Хүүхэд нүдээрээ харж байгаа зүйлдээ үнэн гэж хүлээж авдаг. Үнэн гэж харахаас гадна тухайн зүйлийг даган дуураих буюу шууд байдлаар хүлээн авдаг гэсэн үг. Нэг талаараа уруу таталт явагдаад байна гэсэн үг. Магадгүй телевизээр замбараагүйгээр, шүүлтүүргүйгээр үнсэлцэж, бие биедээ хүрч байгаа сцени нь амьдрал дээр байдаг зүйл хэдий ч түүнийг шууд олон нийтэд дэлгэнэ гэдэг нь өсвөр насны хүүхдийг цаашид гарах үр дүнд нь бэлгийн харилцаанд  уруу татаж байгаа хэрэг юм. Өсвөр насандаа бэлгийн харилцаанд орно гэдэг нь хүүхдийн тухайн үеийн сэтгэл хөөрөлдөө хөтлөгдөн гаргасан алдаа гэж үзнэ. Яагаад гэвэл бие физиологийн хувьд   18 наснаас хойш бэлгийн харилцаанд орох гэдгийг шинжлэх ухааны онолоор батлагдчихсан зүйл. Сэтгэцийг удирдаж байгаа хамгийн том бэлгийн таашаал бол нас насны үе дээр өөр өөр газраа байрлаж байдаг. Нас насандаа байх ёстой зүйлийг зөвөөр харуулаагүй учраас тухайн сценийг буруу уруу таталт гэдгээр харж байна.

-Өсвөр нас гэлтгүй бага насны хүүхэд аливаа зүйлд шүүлтүүртэй хандах байдал нь хэдэн наснаас бий болж эхэлдэг юм бэ?

-21 наснаас эхлэн хүний урд тархи бүрэн боловсорч гүйцдэг. Уг тархи нь аливаа асуудлыг зөв шийдвэрлэх, тунгаах үйл ажиллагааг дэмждэг гэсэн үг. Гэтэл 21 нас хүрээгүй хүн сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдвэрлэхийг боддог. Үүнээсэс болоод алдаа гаргадаг гэсэн үг. Хүүхэд  ямарваа нэгэн мэдээллийг хүлээн авахдаа түүнийг зөв, буруугаар нь шүүн тунгаахаас илүүтэй шууд хүлээн авах эрсдэлтэй. Иймд тухайн мэдээллийг шүүлтүүртэй хандахад нь эцэг, эхчүүдийн зүгээс хэлж, тайлбарлах хэрэгтэй.

-Сургуулийн орчинд хүүхдээ багшид даатгаад орхих нь элбэг шүү дээ. Энэ нь хэр зөв алхам бэ?

-Монголд боловсролын тогтолцоо нь багш бүх зүйлийг анхаарах ёстой мэтээр хандах нь бий. Мэдээж анги даасан багш чухал үүрэгтэй. Гэхдээ сургууль бүрт нийгмийн ажилтан байдаг. Нийгмийн ажилтны гол үүрэг нь хүүхдүүдээ анхаарч, тэдэнтэй тулж ажиллах. Гэтэл тэдний үүрэг, оролцоо сул байгаагаас үүдэн нийгэмд сэтгэл судлаачийн орон зай байх ёстой гэдэг нь харагдаж байгаа юм. Сургуулийн орчинд бүхий л ажилтан, алба хаагчид болон эцэг эхчүүдийн хоорондын уялдаа холбоо нягт байж, нэг баг болж ажилласнаар хүүхдээ илүү сайн анхаарах боломж нь бүрдэнэ гэсэн үг. Тэрнээс биш зөвхөн багшид хүүхэд болгоныг анхаарах үүргийг тавих нь боломжгүй юм.

-Хүүхдийн сэтгэлзүйн хямрал хадгалагдан удаан явбал ямар сөрөг үр дагавартай вэ?

-Бага насандаа авсан сэтгэцийн гэмтэл цочрол, хангагдаж чадаагүй хүсэл,  муу нөлөөлөл, сэтгэл зүйн тогтворгүй байдал зэрэг нь нас биед хүрсэн хойно хэвийнээр гэр бүлийн харилцаанд орж, эцэг, эхийн үүрэг гүйцэтгэхэд, ажил хэргийн харилцаан дээр гарахад маш том асуудлыг бий болгодог. Яагаад гэвэл тулгарах асуудлуудыг шийдвэрлэх чадварыг нь багасгах, сэтгэлзүйн хувьд тогтворгүй, үе үе уурламтгай, шалтгаангүйгээр сэтгэлээр унах, бусад хүмүүсээс хэт их хамааралтай байх, биеэ барих гэх мэт сэтгэлзүйн байр байдлыг бий болгодог.

-Хүүхэдтэйгээ сайхан харилцаагаа хэвээр авч үлдэх талаар эцэг, эхчүүдэд хандан юу гэж хэлэх вэ?

-Хүнд хамгийн их дутагддаг хэрэгцээ бол хайр. Та хайрлагдаж чадахгүй байна уу, хэн нэгэн таньтай сэтгэл зүйн хувьд ойр байж чадахгүй, маш их ганцаардаж байгаа зэрэг нь эргээд таны хийж буй зан үйлүүдтэй шууд хамааралтай байдаг. Тийм учраас таньд яг юу дутагдаж байна гэдгээ чагнаад нэг үзээрэй. Ер нь муу зуршил бүрт цаад үүсэх шалтаг, шалтгаан гэж бий. Бие биенийгээ маш сайн ойлгож байвал муу нөлөөлөл рүү түлхэхгүйгээр урьдчилан сэргийлж аврах боломжтой. Иймд ээж, аавууд хүүхдээ үргэлж тэвэрч, үнсэж, байнга ойр харилцаатай байх нь хүн төрөлхтний хамгийн нандин харилцааны цөм юм. Найз нөхөд, ажлын хамт олон гээд ер нь харилцаж байгаа бүхий л хүмүүстэйгээ хамгийн үнэнээрээ харилцах нь эргээд та орчин тойрондоо сайнаар нөлөөлж буй хамгийн том хүчин зэвсэг гэж хэлье.

Ц.Янжиндулам


Э.Амина: Өсвөр насанд хамгийн их дутагддаг хэрэгцээ бол хайр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.