Байгуулагдаад удаагүй ч олон сайхан уран бүтээлээрээ үзэгчдээ баярлуулаад байгаа хамтлаг бол “Мөрөөдлийн театр” билээ. СУИС-ийн нэг үеийн андууд сэтгэл нийлж байгуулсан отгон театрын ээлжит бүтээл энэ сарын 20-ноос эхлэн “Амьдрал өөрөө бэлэг” нэртэй шоу драмын жүжиг тавигдах гэж байна. Ингээд жүжигчин Г.Алтаншагайтай ярилцлаа.
-“Амьдрал өөрөө бэлэг” шоу драм жүжиг тавигдах гэж байна. Энэ талаараа уншигчдадаа сонирхуулахгүй юу?
-Юуны өмнө танай сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Мөрөөдлийн театрын шинэ уран бүтээл “Амьдрал өөрөө бэлэг” шоу драм маань есдүгээр сарын 20-ноос эхлэн Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр тоглох гэж байна. Манай театрын уран бүтээлчид хоёр сарын хугацаанд шоу драмаа бэлдлээ. Энэ тоглолтод маань тус театрын уран бүтээлчид болох Соёлын тэргүүний ажилтан Батаа, Эрхэмээ, Батушка, миний бие, мөн урилгаар, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, хошин урлагийн нэрт жүжигчин Ааяа эгч маань тоглоно. Дээрээс нь Монгол улсын гавьяат жүжигчин Оюундарь эгч мөн урилгаар тоглож байгаа. Ааяа эгчийн хувьд сүүлийн долоо найман жил уран бүтээлээсээ түр завсарласны дараа манай Мөрөөдлийн театрын уран бүтээлээр тайзан дээрээ эргэн ирэх гэж байна. Манай үзэгчид маань Ааяа эгчийг их удаан хүлээсэн байх. Мөн манай шоу драмыг үзэгчид тэсэн ядан хүлээж, утас, мессеж, фэйсбүүк, твиттерээр маш их санал ирж байна. “Амьдрал өөрөө бэлэг” шоу драмын найруулагчаар Ган-Очир, Миеэгомбо, зураачаар Одбаяр, Сэрчээ нар ажиллаж байна. Мөн хоёр тайзтай, хоёр найруулагчтай, хоёр зохиолчтой. Ингээд бодохоор бид анх удаа Монголын тайзнаа шоу драмын шинэ жанрыг туршиж үзэх гэж байна. Хүмүүс энэ тоглолтыг ирж үзсэнээр хоёр жүжиг үзнэ гэсэн үг. Гагцхүү тайзан дээр хэрхэн амилуулах нь манай театрыхны нууц хэвээрээ байгаа. Хүмүүс ирж үзээд анх удаагаа хоёр найруулагч, хоёр жүжиглэлттэй, хоёр хөтөлбөрийг үзэх боломжтой. Ерөөсөө инээдмийн хоёр хөтөлбөр байх болно. Бэлтгэл ажил хангагдаад нээлтийн өдрөө л хүлээж байна.
-Яагаад хоёр найруулагч, хоёр зохиолч, хоёр тайз засалтаар хийж байгаа вэ?
-Бид нар реклам, промоушн дээрээ ч гэсэн их анхаарч ажилласан. Сүүлийн үед хит болоод байгаа Gangnam style-ийг бид дуулж Youtobe-ээр хэсэг байлдан дагуулсан. Энэ нь манай одоогийн тавигдах гэж байгаа жүжгийн промоушн байсан. Дээрээс нь манай хамтлагийн тоглолтонд зориулсан реклам цацагдсан байгаа. Бас л хоёр рекламтай. Ер нь залуу хүмүүс юм болгоныг нэгээр биш хоёроор харах ёстой. Хүмүүс мөнгөө төлөөд үзэж байгаа учраас бид олон хөтөлбөр, олон юм үзүүлэх ёстой. Тэр ч утгаараа бид өнөөдөр хоёр жүжиг, хоёр инээдмийн хөтөлбөрийг үзүүлье гэж бодсон. Шоу драм хэлбэр сүүлийн үед үзэгчдэд их хүрч байгаа. Шоу гэдэг маань өөрөө интертайнмэнт урлаг. Энэ интертайнмэнт урлагийг, драмын урлагтай яаж хослуулж тайзан дээр үзүүлэхийг бодож олсон. Энэ жанраар Мөрөөдлийн театрын уран бүтээлчид цаашдаа ч тоглох болно. Драмыг бид өнөөдөр яагаад шоу урлагаар хүргэж болохгүй гэж. Өнөөдөр Монголын үзэгчид инээхийг хүсч байна. Стресс бухимдал их байна. Бүтэн хоёр цаг нэг жүжгээр уях биш, харин хоёр хөтөлбөр байх тусмаа илүү сонирхолтой байх болно.
-Үзэгчдийн сонирхлыг татах үүднээс шоу драмаа тодруулбал?
-“Амьдрал өөрөө бэлэг” гэдэг нэрнээсээ эхлээд энэ амьдрал өөрөө хүнд бэлэг болж ирдэг. Бид өнөөдөр аав ээжээсээ хүн болж төрнө гэдэг нь том бэлэг. Хүн өөрөө маш том бэлгийг авч энэ орчлонд төрсөн учраас энэ амьдралдаа хүн өөрөө сэтгэл хангалуун, баяр хөөртэй, аз жаргалтай байх ёстой. Энэ шоу драмыг үзсэнээрээ үзэгчид хүн болж төрсөндөө баярлаад, ээж аав, эхнэр нөхөр, хамаатан садан, найз нөхдөдөө, энэ амьдралд баярлалаа гэж хэлэх сэтгэгдэл дүүрэн танхимаас гарвал манай хамтлагийн гол зорилго биелнэ. Хөтөлбөрийн хувьд амьдралд тохиолддог олон асуудал, саад тотгор, аз жаргал, баяр гуниг бүхнийг энэ хоёр хөтөлбөрөөс харна. Хэрвээ надад ийм зүйл тохиолдвол би яаж хандах вэ гэсэн байдалд үзэгчид өөрсдөө эргэцүүлэл хийх байх. Манай тайзан дээр сонирхолтой сонин үзүүлбэрүүд олон гарна. Тайз жүжгийн туршид хоёр айл болж засагдана. Тэр айлуудад бид яаж гоё аранжировшик хийхийг тухайн үдэш хараарай. Манай жүжигчин Батаагийн хувьд бага зэрэг эротик дүр төрхийг харуулна. Дээрээс нь хайр сэтгэлийн ээдрээг харуулах болно. Мөн хүн амьдралд хэрхэн яаж ханддагаа өөрийгөө толинд харж байгаа мэтээр мэдэрнэ.
-Таны хувьд ямар дүрийг харуулах гэж байна вэ?
-Миний хувьд хоёр дүрийг харуулна. Нэгэнд нь айлын нөхөр болж байгаа. Нэлээн хүүхэмсэг, олон хүүхнүүдтэй зэрэг явалддаг нөхрийн дүрийг бүтээхээр ажиллаж байна. Харин нөгөөх нь загварын агентлагийн багш, Тайра Бэнксийн шоун дээр гардаг хар арьстан эмэгтэйлэг залуугийн дүрийг би тайзан дээр амилуулах гэж байна. Хүүхнүүдийн дунд ажилласаар байгаад эмэгтэйлэг манертай болсон залуу.
-Тайзан дээр хүүхэмсэг дүр бүтээх гэж байгаа жүжигчин маань амьдрал дээр хэр хүүхэмсэг юм бол оо?
-Жүжигчин хүн бол уран бүтээл хийхдээ дандаа өөрөөсөө хол олон дүрүүдийг бүтээж байх ёстой. Хэрвээ тайзан дээр ч тэр, амьдрал дээр ч тэр Алтаншагай байгаад байвал урлаг өөрөө холион бантан болно. Тийм учраас өмнө бүтээж байсан дүрүүдээсээ тэс өөр дүрийг бүтээх хэрэгтэй. Энэ бол миний тайзан дээр тоглож байгаа ажил мэргэжлийн онцлог, энэ бол миний уран бүтээлийн шинэ дүр.
-Солонгосын дуучин, реппер Парк Жае Саны “Gangnam Style”-ийг яг адилхан хувилбараар нь дуулсан байгаа. Монголчлоод дуулж болоогүй юм уу?
-Улс үндэстэн өөр өөрсдийнхөө хэв маягаар дуурайлгаж хийсэн. Шууд хуулбарлаж хийж болохгүй. Яагаад гэвэл энэ бол өөрөө уран бүтээл. Харин бид яг адилхан хийвэл бидний уран чадвар харагдана. Жишээ нь, лифттэй хэсэгт дээлтэй өмсөөд, бөх болоод ч юмуу монголчлоод хийвэл амар л даа. Бид Солонгос хувилбарыг яг адилхан хийхийн тулд дүрүүд, хувцас, обьектыг яг адилхан хийхийг эрмэлзсэн. Тэрнээс биш оромдоод ч юмуу, бусад орнуудынх шиг хийгээгүй. Хамгийн гол нь бидэнд Youtube-ийн гадаад хэрэглэгчдээс бидэнд хамгийн адилхан болсон байна, баяр хүргэе гэсэн маш их комментууд ирсэн байсан. Хэрвээ юм дуурайх гэж байгаа бол тэр хэмжээнд нь адилхан л дуурайх хэрэгтэй. Яагаад тэр 40 сая хүнтэй улс орон хийж байхад Монголчууд хийж болохгүй гэж. Маш их хөрөнгө мөнгө зарцуулж арав гаруй хоног хийсэн. Хамгийн гол нь яг адилхан хийснээрээ үзэгчдийг байлдан дагуулсан гэж бодож байна. PSY өөрөө шоун дээрээ хүртэл гадны улс орнууд их дуурайжээ. Гэхдээ Монгол хамгийн адилхан болсон байна гэж хэлж байсан.
-Яагаад заавал “Gangnam Style” дууны клипийг сонгож хийхээр болсон бэ? Энэ санаа анх хаанаас төрөв?
– “Gangnam style” дэлхий ертөнцийг байлдан дагуулж байгаа. Аливаа залуу хамтлаг, уран бүтээлчид, хүмүүсийг хаана, юу байлдан дагуулж байна, тэр шинэ содон зүйлүүдийг өөртөө шингээх хэрэгтэй. Энэ клип нь хаа сайгүй хит болж байгаа учраас бид тоглолтынхоо промоушн болгож ашигласан. Хамгийн сонирхолтой нь тэр клип дээр гардаг адилхан хүмүүс манай хамтлагт байсан. Би бол PSY-тай, Батуш лифтэнд бүжиглэдэг залуутай, шар хослолтой залуутай бүжигчин Чука маань гээд дүрүүд нь ер нь хоорондоо их адилхан байсан. Манай Батаа хүртэл тэр жоохон хүүхэдтэй бумбайгаад их адилхан байсан. Тиймээс бид энэ клипийг хийе гэж зориглоод хийсэн. Амжилттай ч болсон. Энэ клипийг бүтнээр нь дуурайгаад хийх нь гол биш. Энэ нь интертайнмент урлаг учраас бид үүнийг шоглож порадия болгож хийсэн. Порадия гэдэг маань тухайн юмыг яг адилхан хувилж хийхийг хэлж байгаа юм.
-Таны хувьд дэлгэцийн бүтээл, тайзны урлаг хоёрын аль нь жүжигчнээс илүү ур чадвар шаарддаг вэ?
-СУИС-ийг 2006 онд төгссөн. Энэ сургуулийг төгсөгчид жүжигчин гэсэн мэргэжлээр л төгсдөг. Тайзны болон дэлгэцийн урлаг, хошин шогийн болон драмын жүжигчин гэж тус тусад нь ялгадаггүй. Тухайн жүжигчин өөртөө ойрхон төрөл жанраа л сонгож ажилладаг. Миний хувьд жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшсэнээрээ бүх урлагийн жанрт тэнцүүхэн ажиллах юмсан гэж боддог. Би драмын театрт, инээдмийн урлагт ажиллаж байсан. Одоо “Мөрөөдлийн театр”-аа байгууллаа. Манай хамтлаг инээдмийн шоу драмын хэлбэрээр уран бүтээл туурвидаг. Би бас арав гаруй кинонд тоглосон. Ганцаарчилсан өгүүллэгийн жанрт ажиллахыг хүсдэг. Манай багш нар жүжигчин хүн бүр урлагт өөрийгөө зориулах ёстой гэдэг. Тиймээс ч би бүх жанрт тэнцүүхэн тоглохыг хичээдэг. Манай хамтлаг саяхан “Ээжийн дайсан” киногоо толилуулсан. Одоо тун удахгүй шинэ киноны зураг авалт эхлэх гэж байгаа. Тэгэхээр Мөрөөдлийн театр драм, кино, инээдмийн гээд бүх жанрт тоглож, жигдхэн ажиллана.
-“Мөрөөдлийн театр” одоогоор хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байна вэ?
-Мөрөөдлийн театр нийтдээ арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Энэ жүжигт 15-16 жүжигчин тоглож байна. Зарим нь шинэ жүжигчид. Мөрөөдлийн театр улам бүрэлдэхүүндээ энэ жил хоёр, гурван залуу жүжигчид нэмж авсан. Манай Дөлгөөнөө, Чука нар маань энэ жил СУИС-ийг төгслөө. Манай Ааяа эгч цаашдаа “Мөрөөдлийн театр”-т урилгаар тоглоно. Дээрээс нь бид санхүүгийн болон маркетингийн албатай болсон. Цаашдаа улам бүр хүрээгээ тэлж, уран бүтээлээ ч завсаргүйгээр хүргэх болно. Манай хамтлагт залхуурал, хойш суух гэдэг асуудал ойрын хэдэн жилдээ гарахгүй. Арван жил тасралтгүй ажиллаж байж бидний чадвар тодорхой хэмжээнд хүмүүст хүрнэ. Манай “Мөрөөдлийн театр”-ын лого тэнгэр өөд тэмүүлсэн шат байдаг. Тэр шат лугаа мөрөөдөл рүүгээ тэмүүлж байгаа залуус учраас бид эрч хүчтэй ажиллахад бэлэн байгаа.
-Таны мэргэжлийн охь шим нь чухам юунд оршдог вэ? Ер нь яагаад жүжигчин болох болов? Багадаа дуучин болохыг хүсдэг байсан гэл үү?
-Багадаа урлагийн хүн болно гэж боддог байлаа. Их дуулдаг хүүхэд байсан учраас дуучин болбол гоё юм шиг санагддаг байсан ч сүүлдээ жүжигчний мэргэжлийн сайхныг мэдэрсэн. Жүжигчний мэргэжлийн сайхныг янз бүрээр хэлдэг л дээ. Гэхдээ миний хувьд жүжигчин хүн амьдралыг олон өнцгөөр, олон өнгөөр харж чаддаг. Хэрвээ би Алтаншагай гэдэг хүн эмч юмуу багш байсан бол энэ мэргэжлээрээ л дуусна. Гагцхүү жүжигчин гэдэг мэргэжил амьдралыг олон өнгөөр, олон дүрээр олж хардаг онцлогтой шүү дээ. Тухайлбал, хулгайч, цагдаа, эрдэмтэн, ерөнхийлөгч, сансрын нисгэгч зэргээс гадна ээж, аав, багш болно. Тухайн дүрдээ орохын тулд жүжигчин хүн өөрөө судалгаа хийх хэрэгтэй болдог. Тэр дүрд орж байж, дүрээ амилуулдаг. Тийм учраас олон дүрд хувирч, амьдралыг олон өнгөөр харж чаддагаараа жүжигчин хүний хамгийн сайхан нь оршдог юм болов уу гэж боддог.
-“Амьдрал өөрөө бэлэг” шоу драмын нэрийг хэн өгсөн юм бэ?
-Энэ нэрийг Ааяа эгч маань өгсөн. Бид ямар нэр өгөхөө удаан бодож ярилцсан л даа. Олон нэр дундаас шигшиж Ааяа эгчийн өгсөн нэрийг сонгосон юм. Энэ нэрэндээ ч бид их дуртай байгаа.
-Жүжигчин Ааяа ямар дүр бүтээх гэж байгаа вэ?
-Ааяа эгч энэ шоу драмд хоёр дүрийг бүтээж байна. Эхний хэсэгт миний эхнэрийн дүрд тоглож байгаа. Харин хоёр дахь хөтөлбөрт хүүгийнхээ төлөө санаа зовдог ээжийн дүрд тоглоно.
-Жүжиг хэдэн өдөр тайзнаа тавигдах бол? Энэхүү шоу драмыг ямар байгууллагууд ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна вэ?
– Тоглолт 10 дугаар сарын 20-ныг хүртэл буюу сарын турш үргэлжилнэ. Манай энэ удаагийн тоглолтонд “Скайтел” групп хамтарч ажиллаж байна. Манай хамтлаг тус компанитай гэрээ байгуулаад, хамтын ажиллагаагаа эхэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор “Мөрөөдлийн театр”-ын “Амьдрал өөрөө бэлэг”-ийг үзсэн хүн болгон “Скайтел”-ийн шинэ дугаар тасалбараараа авах боломжтой. Иймд тасалбараа урж хаях эсвэл гээгдүүлсэн тохиолдолд нэг шинэ дугаар байхгүй болно гэсэн үг. Тасалбараар дугаар олгох нь “Скайтел” компаниас үзэгчдэдээ барьж байгаа том бэлэг юм. Мөн UB лавлах 1617 билетийг үнэгүй хүргэж өгнө. Түүнчлэн бүх сайтууд, телевизүүд хамтарч ажиллаж байна. Хүнсний “Манлай” үйлдвэр, “АПУ” хувьцаат компани хамтарч ажиллаж байгаа. Ингээд бодохоор олон хүмүүсийн хүч хөдөлмөр энэ тайзнаа амилах гэж байна. Тиймээс энэ байгууллагууддаа баярласнаа илэрхийлмээр байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Д.Шинээ /Zindaa.mn/