Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд өөрөө эхлээд тоглож сурах хэрэгтэй

1732aa3c4dd6f25dc67bec8098b51bd7

Ажлаа тараад гэртээ ирэхэд хүүхэд тань гүйж ирээд “Ааваа, ээжээ нааш ир хамтдаа тоглоё” гэсээр угтаж байсан уу? Харин энэ үед та “Ядраад байна, тоглоомоороо тогло эсвэл ах эгчтэйгээ тогло” гэсээр өрөө рүү нь явуулдаг юм биш биз?

Судлаачдын хэлж буйгаар хүүхэд зөвхөн үе тэнгийнхэнтэйгээ болон ганцаараа тоглохоос гадна эцэг эхтэйгээ тоглох нь тэдний эрүүл зөв хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг гэнэ. Магадгүй зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ тоглох нь цагаа дэмий үрж байгаа мэт санагддаг байж болох ч таны хүүхдийн хувьд энэ нь хорвоотой танилцаж, аливаад суралцаж буй хамгийн чухал цаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгвэл ирээдүйд бие даасан хүн болох хамгийн үндсэн суурийг нь хүүхэд насанд нь сайн тавихыг хүсвэл эцэг эхчүүд маань эхлээд тоглоомын үнэ цэнийг ойлгож мөн хүүхэдтэйгээ тоглож сурах нь чухал юм.

Тэгвэл тоглох гэж яг юу вэ? Хүүхдийн хувьд тоглох чухам яагаад тийм чухал вэ? Тоглоом тоглох нь бүхэлдээ хүүхдийн өөрийн хүсэл сонирхол өөрийн зохиосон дүрмийн дагуу явагддагаараа тэдний өдөр тутамдаа хийдэг бусад зүйлсээс онцлог. Жишээлбэл, хүүхэд аливаа шинэ зүйлийг сурахдаа үргэлж өмнө байгаа тогтсон хэв журмын дагуу сурдаг бол тоглоомыг тэд зөвхөн өөрсдийн хүссэнээрээ зохиож болдог. Тоглоом нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд өөрийн идэвх санаачилга, шинэлэг байдлаа илэрхийлэх боломжийг олгодог. Мөн тоглоом тоглосноор хүүхэд өөрийгөө удирдах, өөрөө өөртөө дүгнэлт хийхэд суралцаж байдаг бөгөөд юу хийх дуртай, юу хийхийг хүсэж байгаагаа ч бас энэ үед ойлгож авдаг байна.

Нөгөө талаар хүүхэд тоглоомоор дамжуулан өөрийн толгой дахь бодлоо ил болгодог. Ялангуяа өөрийн мэдэрсэн баяр хөөр, ганцаардал, мэдэрсэн сул дорой байдлаа тоглоомын аргаар ил эрхийлж байдаг. Тиймээс тоглоом нь нэг талаар хүүхдийн дотоод сэтгэлийн толь юм. Жишээлбэл таны хүүхэд өнөөдөр эмнэлэгт очиж тариа хийлгэхдээ маш ихээр айж бас өөрийн эрхгүй сул дорой мэдрэмж авсан байж болох юм, харин гэртээ ирээд тоглож эхлэхдээ өөрөө эмчийн дүрд орон танд тариа тарьж байгаа юм шиг тоглож мэдэх юм. Ингэж тоглосноор тухайн хүүхэд дүрд орох тоглоомоор дамжуулан одоо байгаагаасаа илүү хүчтэй нэгэн болж өдрийн мэдэрсэн айдсаа гаргаж байгаа юм.

Нэгэнт тоглоом тоглох нь хүүхдийн тань бие махбод, сэтгэл зүйн болон нийгмийн хөгжилд хэчнээн чухал үүрэгтэй болохыг сэтгэл судлаачид дуу нэгтэйгээр хэлж байгаа тул одоо харин хэрхэн хүүхэдтэйгээ зөв тоглохыг сурах нь чухал юм. Магадгүй аав хүү хоёр өдөрт 20 минут барилдаж ээж охин хоёр 30 минут хоол хийж тоглодог байж болно. Гэхдээ хэд хэдэн үндсэн зарчмыг баримтлахгүй бол энэ хугацаа та хоёрын хувьд ямар ч үр өгөөжгүй өнгөрч болох юм. Тэгэхээр хүүхэдтэйгээ маш үр дүнтэй тоглоомын цагийг өнгөрөөхийн тулд хамгийн түрүүнд тэднийг сайн ажиглаж, сонсож, бас дэмжиж байх хэрэгтэй. Хүүхэд тань ямар нэгэн санаа хэлэхэд түүнийг нь таслалгүй сайн сонсож харин дараа нь эерэг хариу үйлдэл үзүүлж харилцан ярилцаж байх нь нэн түрүүнд эхний анхаарах зүйл юм. Харин дараагаар нь хүүхдээрээ өөрөөр нь тоглоомын сэдвийг санаачлуулан тэдний ертөнцөд орж түүнтэй тоглоорой. Ингэснээр тоглох явцдаа та хүүхдийнхээ юунд дуртайг мэдээд зогсохгүй өөрөө ч хүүхэд насандаа очсон мэт байх болно. Хамгийн чухал нь үргэлж хүүхэд рүүгээ инээмсэглэж хамтдаа хөгжилтэй байгаагаа илэрхийлж байхаа мартаж болохгүй шүү!

Ингэж хүүхэдтэйгээ тоглож цагийг өнгөрөөж сурснаар эцэг эхчүүд болон хүүхдэд хоёуланд нь багагүй ач тустай бөгөөд үүнээс доор дурдвал:

Хүүхдийн хувьд:

Үе тэнгийнхэн болон хүрээлэн буй орчиндоо анхаарал тавьдаг болно.

Өөртөө итгэх итгэл нь нэмэгдэнэ.

Бие махбод зөв хөгжинө.

Биеэ даах, шинийг санаачлах болон аливаад төвлөрөх чадвар хөгжинө.

Бие хүн болоход бэлтгэгдэнэ.

Өөрсдийн авьяас болон сонирхлыг олж нээнэ.

Өөрсдөө шийдвэрээ гаргаж сурна.

Дотоод мэдрэмжээ илэрхийлж сурна.

Эцэг эхчүүдийн хувьд:

Тархинд хайр, аз жаргалын даавар буюу Окситоцин их хэмжээгээр ялгарч стресс багасна.

Хүүхдийнхээ сонирхол, мэдрэмж бодлыг ойлгодог болно.

Хүүхдийнхээ хандлагад зөвөөр нөлөөлнө.

Хүүхэдтэйгээ асуудалгүй харилцана.

Хүүхэд тань амжилт, уналт болон бэрхшээлүүдэд хэрхэн хандаж байгааг мэддэг болно.

Хүүхдэд тань ямар төрлийн заах арга барил илүү тохирдог болохыг мэддэг болно.

Маш онцгой чухал холбоог хүүхэдтэйгээ байгуулж чадна.


Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд өөрөө эхлээд тоглож сурах хэрэгтэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.