Чамайг таргалахад нөлөөлж байгаа “Хөөх” гэмээр шалтгаанууд

Таргалалт зөвхөн калори ихтэй хоол хүнс, фитнесс хийдэг эсэхээс шалтгаалж үүсдэггүй. Найзуудын хооллолт, дутуу нойр, жирэмслэлтээс хамгаалах эм зэрэг чинь ч чамайг өөрийн мэдэлгүй жин нэмэхэд хүргэж байж болно. Ихэвчлэн дурдагдалгүй өнгөрдөг, таргалалтын хүчин зүйлсийг нэрлэж байна.

1. Буруу бэлдмэл:
Жин нэмэх магадлалтай эмийн жагсаалт бидний бодож байгаагаас ч урт шүү. Жирэмслэлтээс хамгаалах эмийн чинь гормоны нөлөө, стеройдууд, багтрааны эсрэг эм, Тамоксифен болон түүнтэй төстэй хөхний хорт хавтдрын эмнүүд зэрэг нь таргалахад хүргэх сөрөг талтай. Зарим нь хоолны дуршлыг ихэсгэдэг бол зарим нь бодисын солилцоонд нөлөөлөх замаар. Хэрэв чиний хэрэглэдэг бэлдмэлүүд бүсэлхийний чинь тойрогт нөлөөлж байж магадгүй гэж сэжиглэж байвал эмчтэйгээ зөвлөлдөж ижил үйлчилгээтэй өөр эмээр орлуулаарай.

2. Удааширсан ходоод:
Хоол боловсруулах системийн доголдлууд, түүн дотроо гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширснаас илүүдэл кг-тай болох магадлал өндөрсдөг. Юм идсэнээс нэг цаг орчмын дараа гүрвэлзэх хөдөлгөөн эхлэх учиртай. Тийм учраас өдөрт нэгээс хоёр удаа хүндээр бие засах нь хэвийн хэмжээ бөгөөд чинийх үүн шиг тогтмол бус, эсвэл хоорондоо үүнээс хол зайтай байдаг бол энэ тал дээр чи асуудалтай гэсэн үг. Шингэний дутагдал, эслэг багатай хүнсний хэрэглээ нь өтгөн хаталтын гол шалтгаанууд юм. Нэн түрүүнд пробиотик бүтээгдэхүүнүүд хэрэглэж хоол боловсруулах эрхтнээ хэвийн ажиллагаанд оруулаарай. Зохицуулах үйлчилгээтэй хүнснүүд, үр тариа, хүнсний ногоогоор баялаг хоол идэж, өдөрт хангалттай ус уух нь ч бас ходоодыг чинь “түргэсгэх” болно.

3. Биед чинь дутагдаж байгаа зарим төрлийн эрдэс бодис:
D витамин, магни, төмрийн дутагдал нь дархлааны системийг муутгаж эрч хүчийн бууралтанд нөлөөлөх юм уу бодисын солилцоонд өөрчлөлт оруулан эрүүл амьдралын хэв маягийг сахихад хүндрэлтэй болгож байж мэднэ. Сульдаж байгаа биеийнхээ энергийг кофе, чихэр зэргээр нөхөх гэж оролдсоноос эсвэл ядранги нөхцөл байдал дасгал хийхэд чинь саад болж байгаа. Төмрийн хэмжээг мах, бууцайгаар, магнийн хэмжээг бүйлс самрын хэрэглээ зэрэг хүнснээс нөхөөрэй.

4. Насжилт:
Энэ бол бүх хүнд тулгардаг зайлшгүй нөхцөл юм. 40 настай, 20 настай хүний хэвийн үедээ шатаадаг калори харилцан адилгүй. Тиймээс 30 гарсан ч дасгал хөдөлгөөнөө ихэсгэж бодисын солилцоогоо өмнөхөөсөө ч илүү, тасралтгүй идэвхжүүлэх хэрэгтэй. Өөхгүй уураг хэрэглэх нь биеийг калорийг илүү үр дүнтэйгээр шатаахад нөлөөлдөг гэдгийг санаарай.

5. Дутуу нойр:
Нойроо бүрэн авч чаддаггүй хүмүүс таргалалтанд өртөх магадлал хамаагүй өндөр байдаг. Нойр дутуу үед глюкозийн тэсвэргүй байдал, чихрийн шижингийн анхны шинж тэмдэг зэрэг гормонд өөрчлөлт оруулагч хүчин зүйлс илэрдэг учраас тэр юм. Гормон өөрчлөгдөнө гэдэг биеийн жин, ерөнхий төлөв зэрэг бүх юм өөрчлөгдөнө л гэсэн үг. Мөн нойрноос хамаарсан ядрангуй байдал нь хий өлсөлт, сульдаанд хүргэж хөдөлгөөн хийх сэдлийг унтраадаг.

6. Өрөөний температур:
Агааржуулагч, термостат зэрэг өрөөний дулаан тохируулагчаа бүү хэрэглэ. Хэтэрхий дулаахан, нэг хэмийн, тухтай орчин бидний биеийн дулаан ялгаруулах төрөлхийн системийг ажиллагаагүй болгож “термо-саармаг” бүсэд оруулдаг. Бидний бие даарсан үедээ чичирч, булчингууд дулаан ялгаруулахын тулд ажиллаж байхад л хамгийн их калори шатдаг юм.

7. Чиний илүүдэл жинтэй найзууд:
Хооллох бол нэг талаараа нийгмийн үйлдэл. Английн анагаахын сэтгүүл 32 жилийн турш 12067 хүнийг ажигласнаар илүүдэл жинтэй найзуудтай хүмүүст таргалах магадлал 171 хувиар өндөрсдөг хэмээн тогтоожээ. Хүн бүр хүссэн хүсээгүй эргэн тойрныхоо нөлөөнд автдаг учраас бидний иддэг хоолны порц, хэмжээ, сонголт ч бас хажуудах хүнээ дагаж өөрчлөгдөх хандлагатай байдаг. Муу мэдээ байгаа биз? Гэхдээ нөгөө талаас хэрвээ чи туранхай хүмүүстэй цагийг их өнгөрүүлвэл буцаад турах магадлалтай гэсэн үг юм. Эсвэл найзуудыгаа эрүүл хооллолтон уриалж чадвал бөөнөөрөө хэвийн жинтэй, зөв амьдралын хэв маягтай болж болно. “Ухамсаргүйгээр жин нэмэх” явдлаас өөрийгөө аврахын тулд хэсэг ганцаараа хооллох хувилбар ч бий.

8. Стрессийн хэмжээ:
Архаг стресстэй хүний инсулин болон кортисолын үйлдвэржилт өсдөг. Өөрөөр хэлвэл хоолны дуршил нэмэгдэж, супермаркетын лангуу, рестораны цэсэн дэх чихэрлэг болон өөх тос ихтэй хүнс рүү л нүд унадаг гэсэн үг юм. Мөн бид стресстэйгээ хоолоор тэмцэх гэж оролдох явцдаа тархиныхаа “таашаалын систем”-ийг асаадаг. Нэг удаа идээд тайвширсан хүнсээ дараагийн “сэтгэлээр уналт”-ынхаа үед ч дахиж идэхээр улайрдаг гэсэн үг юм.

9. Нэг дор олон зүйл хийх
Хоёр гараар 5 ажил зэрэг хийдэг мундаг амьдралын хэв маяг чинь чамайг таргалахад нөлөөлж байгаа гэвэл итгэх үү? Хүүхдээ гэрийн даалгавар хийхэд нь туслангаа гар утаснаасаа ажлынхаа и-мейлийг шалгаж завсраар нь хоолоо хийх зэрэг нь бүгдээрээ оюун санааны хувьд өөр өөр сэтгэлгээг шаардаж байгаа. Үйлдлээ байн байн сөөлжлөх нь шийдэмгий чанарыг элээж, өөрийгөө хянах чадварыг султгадаг. “Хүслээ дарах” чадамж ажиллагаагүй болсноор зөвхөн хоолны ч биш, мансууруулах бодисын хэрэглээ ч бас хэтрэх магадлал өндөртэй. Тийм учраас нэгийг нь дуусгасныхаа дараа л нөгөөдөө ороорой.

Чамайг таргалахад нөлөөлж байгаа “Хөөх” гэмээр шалтгаанууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.