70, 80-аад оны дур булаам рокерууд

Элвис 50-иад онд рок ‘н роллыг “зохион бүтээсэн”. Харин түүний дараа чулуун тайзыг ямаршуухан “хөвгүүд” үймүүлсэн бэ? Эрх чөлөөгөө урт үсээрээ тунхагладаг байсан эдгээр эрчүүд дундаас чи овгор булчин, танан цагаан шүд, өнгөлсөн гутал олж харахгүй. Харин оронд нь микрофоны өмнө хяналтаа алддаг хачин сайхан биеийг нь, хаа сайгүй хийлгэсэн нүсэр шивээсүүдийг нь, бас ханаж цадахыг мэдэлгүй сонсоод л баймаар дуу хоолойнуудыг нь мэдрэх болно. Долоовор, чигчий хурууны дохилтоор хөгжмийг аварч, хүүхнүүдийг шуугиулдаг байсан рокеруудтай чамайг танилцуулъя.

1. Aксл Роз (Guns n Roses)
“Заримдаа надад дуу бичих таалагддаг. Гэхдээ заримдаа би үүнийг үзэн яддаг: Учир нь хуучин цаг руугаа эргэн очиж, өөртөө мэдрэгдэж байгаа бүхнийг олны өмнө ил дэлгэх ёстой болдог юм.”
Акслийн атгадаг Диваажингийн хотод олон сайхан бүсгүйчүүд түүний үсийг илбэж суудаг байх гэж би харддаг. Хэдийгээр GNR-ийн гитарчин Слэш рокеруудын дунд түүнээс ч илүү алдартай ч, хэн ч бай Акслаас илүү халуухан, хайлж урсмаар байж чадна гэж үү? Санаа, хоолой хоёр нь хальж задрах шахдаг байсан болохоор л тэр өөрийн мандан бадарч явсан цаг үедээ толгойдоо алчууртайгаар үлдсэн биз. Түүний болзож байсан эмэгтэйчүүд дунд “Don’t Cry”, “November Rain” хоёр дууных нь клипэнд тоглосон, тухайн үеийн Америкийн өндөр зэрэглэлийн моделуудын нэг Стефани Сеймор багтдаг. Мөн түүний фенүүдийн нэг, дуучин Лана Дел Рей хамтлагийнх нь логотой футболкыг өдөр шөнөгүй өмсөж, “Axl Rose Husband” дуугаа дуулан түүнд “хайр”-аа илэрхийлдэг. Хэчнээн халуухан болохыг нь харуулах өөр нотолгоо хэрэгтэй юу?
Хамгийн дур булаам талаа харуулдаг видео нь: Paradise City, November Rain, Sweet Child O’ Mine

2. Фредди Меркури (Queen) 
“Би рок од болохгүй. Би домог болно.”
Гей гэдгээ нээлттэйгээр зарласан ч түүний гарын хөдөлгөөнөөр үзэгчдийн суудал дах хэдэн мянган бүсгүйчүүд нэгэн зүгт найгадаг хэвээр л байсан. Учир нь тэр бол аравхан жилийн дараа сонины эхний нүүрнээс арчигдсан жирийн нэг рок од биш, харин хөгжмийн түүхэнд имижээ мөнхөлсөн домог билээ. Үүнд эргэлзэх ямар ч “боломж”-гүй. Google дээр Freddie Mercury гэж бичихэд л түүний Элтон Жонтой хийсэн сэтгэл хөдөлгөм яриа, “Love of my life” дуугаа бүтээсэн түүх зэрэг амьдралд нь тохиосон хэдэн арван үлгэр мэт үйл явдлууд гарч ирэх болно. Тайзан дээр гарч ирмэгцээ унтсан хүмүүсийг амилуулах шиг болдог Фреддигийн өмнө түүний “нэрийн” позоор мэхийн ёслоё.
Хамгийн дур булаам талаа харуулдаг видео нь: Crazy little thing called love, Love of my life (ArKay74-Youtube), Bohemian Rhapsody (KORNTHAILAND-Youtube)

3. Жимми Пейж (Led Zeppelin) 
“Би зүгээр л далавч нь гэмтсэн сахиусан тэнгэрийг хайж байна”
Hard Rock хөгжимд хамгийн чухал нь эмзэглэл нуугддаг гэдгийг хэнээс ч илүү ил тод зарласан нэгэн бол Жимми. Хэдийгээр тэр дуулаач биш ч, түүний гитарын чадвар гайхамшгийг бий болгодог. Хэтэрхий гүнзгий агуулгатай үгийг гитарын аянд буулгах хүн маш зөөлөн нэгэн байлгүй л бол болоогүй байх. Лед Зеппелин хамтлагийг 70-аад оны рокыг эзэгнэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Жимми хөгжмийг хэрхэн секси аязтай, завьжинд шүлс хуралдам хүчиллэг болгохоо мэддэг байсан. Энэ л түүнийг “Зепийн хамгийн тачаангуй гишүүн” гэж нэрлэгдэхэд хүргэсэн юм.
Хамгийн дур булаам талаа харуулдаг видео нь: Зеппелинд клип бараг л байхгүй. Шаардлага ч байдаггүй байсан биз. Харин Жиммигийн авьяас хамгийн тод сонсогддог дуунууд бол Stairway to heaven, Kashmir, Whole lotta love, Since I’ve been loving you.

4. Мик Жеггэр (The Rolling Stones)
“Мөрөөдлөө алдвал чи ухаанаа алдах болно”
Би хэлчихье. Хэнд ч Жеггерийнх шиг хөдөлгөөн байхгүй шүү. Адам Левийнд хүртэл. Тэр 70 оноос хойш урагш хойш тонгочсон, гараа савчсан, эвсэлгүй, ганцхан өөртөө л байдаг хөдөлгөөнөөрөө 4000 гаруй эмэгтэйчүүдийг “эзэлж” байсан. Тэдний тоонд Анжелина Жоли, Францын тэргүүн хатагтай асан Карла Бруни Саркози нар хүртэл багтдаг гээд бод доо. Гэхдээ түүний 3 авааль эхнэрээс алдар цууг нь гоо үзэсгэлэнтэй мөнхөд холбож тусалсан хүн бол Никарагуаны хар нүдэн бүсгүй Бианка юм. Өдгөө Микийн 4 охид дундаас хамгийн алдартай нь Chanel, Versace-гийн нүүр царай болж байсан загвар өмсөгч Жеоржиа Мэй Жеггер билээ. Хамгийн дур булаам талаа харуулдаг видео нь: Start me up, Angie, Miss you

5. Кюрт Кобэйн (Nirvana) 
“Би өнөөдөр их баяртай байна. Учир нь би сая л үнэн найзуудаа оллоо. Тэд миний толгой дотор бий.”
Яг л Сергей Есенин, Жеймс Дийн нар шиг, шүүлт өгөхөд дэндүү цөөн бүтээлийг бидэнд үлдээсэн суутан бол Кюрт юм. Гэхдээ түүний тухай ярихад рок сонирхдог бүсгүй болгон шахуу гар утсан дээрээсээ зургийг нь гаргаж үзүүлдэг. Маргашгүй царайлгийн дээр түүнд хослол маш сайхан зохидог нь бүсгүйчүүдийн дунд алдаршихад нь нэмэх оноо болж байсан. Түүний ачаар Америкийн гранж рок хамтлаг Нирванагийн асаад унтарсан түүхийн утаа нь одоо ч арилаагүй байгаа нь үнэн юм.
Хамгийн дур булаам талаа харуулдаг видео нь: Smells like teen spirit, Where did you sleep last night-Unplugged in New York

6. Жон Леннон (Beatles) 
“Чамайг төлөвлөгөө зохиогоод завгүй байх хооронд жинхэнэ амьдрал өмнүүр чинь урсдаг юм.“
Бийтлзийнхнийг харахын тулд гудамжинд шөнийн нойроо хагаслан хонодог байсан тайрмал үст охид саяар тоологдох ч, 4 гишүүн дундаас хэн нь хамгийн олон хайрын захианы хариуг хөсөрдүүлснийг мэдэх үү? Тэр бол Леннон. Хамтлагийнхаа хамгийн царайлаг нь байсан Леннон 70-аас өмнөх арваад жилийн супер одоор тодрох ч гэсэн дур булаам, бас ухаалаг рокеруудын тоонд оруулахгүй өнгөрч боломгүй юм. Энх тайван, дотоод амар амгалангийн дууч, эхнэртээ ухаангүй хайртай Жон дөнгөж 40 насалсан юм.
Хамгийн дур булаам талаа харуулдаг видео нь: Love-John Lennon, She loves you, I want to hold your hand

7. Жон Бон Жови (Bon Jovi) 
“Одоо “хэн” байгаадаа хэтэрхий их дасан зохицох хэрэггүй. Учир нь тэгвэл чи “хэн” болохыг хүсдгээ мартаж мэднэ.”
Зүрх савлуулсан бас нэгэн Жон энэ байна. Гэхдээ түүнийг би хувьдаа нэрнээс нь илүүтэй “шархадсан Ромео” гэж нэрлэмээр санагддаг. 80-аад оны сүүлд, өөрөөр хэлвэл булчинг таашаадаг бүсгүйчүүдийн эрин үед алдар нэрд хүрсэн болохоор ч тэр юм уу, Жон Бон Жови жагсаалтанд орсон уран бүтээлчид дундаас хамгийн сайхан биетэй нь. Бас хөгширсөн ч гэсэн залуугийнхаа жавхаанаас 70 хувийг нь хадгалж үлдсэн цор ганц рокер. Үсээ сэгсэрч, гараа зангидахыг чинь харахаар зүгээр л буугаад өгмөөр санагдах юм Жон…Хамгийн дур булаам талаа харуулдаг видео нь: Always, Crazy, Bed of Roses,

70, 80-аад оны дур булаам рокерууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: ปั๊มไลค์ Огноо: 4 June 2020 Reply

Like!! Great article post.Really thank you! Really Cool.

Нэр: SEO Огноо: 6 June 2020 Reply

I very like this blog. Everything is cleared.

https://www.blogexpander.com/

Нэр: RebeccaCreri Огноо: 12 June 2020 Reply

You are my heart: http://clickfrm.com/yG5A

Нэр: SMS Огноо: 15 June 2020 Reply

Thanks so much for the blog post.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.