Д.Лхагва: Би уран бүтээлч хүний хувьд “амьд” баймаар байна

15936842025efdb0ea4c8ec

Үзэгч олонд  “Guys”-ийн Лхавгаа гэдгээрээ  танигдсан жүжигчин, найруулагч Д.Лхагватай шинэхэн уран бүтээл болон уран бүтээлч хүний амьдрал, сонголтын талаар ярилцлаа.

 Тэрбээр 20 гаруйхан насандаа урлагт хөл тавьж, нэр алдрын үнэ цэнийг амталсан уран бүтээлчдийн нэг билээ. “Guys”-ийн Лхагва гэхээр “Манан”, “Хайрын бүжиг”, “Сургууль минь баяртай” гэх мэт дуунууд аманд аялагдана. Харин кино найруулагч Лхавгаагийн тухай дурсвал “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Мухар гудамж” гээд үзэгчдийн сэтгэлд хоногшсон кинонууд санаанд бууна. Тэрбээр өнөөдрийг хүртэл  уран бүтээлч хүний оргилсон их хүсэл,  эрсдэл  алдагдлаас үл эмээх зориг тэвчээрээс бүтсэн уран бүтээлүүдээ үзэгч олонд хүргэсээр байна.

 Түүнтэй ярилцан суухдаа уран бүтээлчдэд тулгардаг олон асуудлыг  чин сэтгэлээсээ ойлгов. Учир нь бид бүх нийтээрээ бусдын хөдөлмөрийг үнэлэхээ больж, бүхнийг өнгөцхөн дүгнэдэг болцгоожээ. Бүгд л улстөрчдийн хэрүүл, маргаан бусдыг гүтгэн доромжилсон эсвэл  мууг үзсэн зураг, бичлэгийг үзэж, сэтгэл ханамж, таашаал авдаг болсон. Харин эдгээрийн цаана мэдлэг, туршлагатай, уран бүтээлчид нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэхийн тулд зүтгэсээр байна. Тэдний нэг бол найруулагч, жүжигчин Д.Лхагва билээ. Ингээд түүний сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу. Саяхан шинэхэн уран бүтээл “Social man” киноныхоо нээлтийг хийлээ. Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар хуваалцан ярилцлагаа эхэлцгээе?

-Сайн байцгаана уу. 2019 онд “1990” УСК  бүтээсэн. Энэ кино маань нэгдүгээр сард нээлтээ хийгээд удаагүй байхад нь коронавирус гарсны улмаас  олон нийтийн бүх арга хэмжээг цуцалж, үйлчилгээний байгууллагууд  хаагдсан. “1990” УСК кино маань  театруудаар гурван хоног л гарсан. Одоогоор  үзвэр үйлчилгээний газрууд хэзээ нээгдэхийг хүлээгээд л байж байна даа. Нэгдүгээр сард ийм явдал болсон ч гэсэн хоёрдугаар сард “Social man”  киногоо хийж эхэлсэн. Хоёрдугаар сараас бэлтгэл ажлаа хангаж, зохиолоо бичиж дуусгаад, кино зургийн багаа цуглуулж, дөрөвдүгээр сард зураг авалтыг хийж дуусаад,  шинэ уран бүтээлийн нээлтээ  саяхан  хийлээ. Уран бүтээлийн хувьд ийм л олз омогтой байна даа.

-“Social man”  УСК  маш хурдан  хугацаанд бүтсэн  мэт сонсогдож байна?

-Кино бүтсэн хугацааны хувьд богинохон. Хүмүүс хурдан хугацаанд хийсэн уран бүтээлийг халтуурны кино хийчихлээ гэж боддог байх. Гэвч тийм биш шүү дээ. Энд  маш олон хүний хөдөлмөр шингэсэн.  Бэлтгэл ажлаас эхлээд зураг авалтын турш маш  чамбай хөдөлмөрлөсөн бүтээл боллоо.

-Ихэнх хүмүүс таныг “Guys”  хамтлагийн дуучин гэдгээр нь сайн мэддэг. Харин сүүлийн үед олон кино найруулах болсон. Та кино найруулагч мэргэжилтэй юу. Эсвэл уран бүтээлч хүний дур сонирхлоор кино зохиол бичих, найруулагчийн ажлыг хийдэг  үү?

-Би СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Жүжигчид,  найруулагчидтайгаа маш  ойрхон ажилладаг. Би найруулагч Г.Жигжидсүрэн гуайн шавь. Багш маань шинэ кино уран бүтээлд  биднийг туслахаар байнга   дагуулж явдаг байсан.  Тэр үед туслах хийдэг байхдаа маш олон зүйлд суралцсан. Ер нь уран бүтээлч хүн байнга суралцаж, өсөн дэвжихийг боддог. Тиймээс кино, дэлгэцийн уран бүтээлд маш их сонирхолтой байсан. Өөрөө жүжигчний мэргэжлээр төгссөн суурь нь байгаа болохоор  кино зохиол хэрхэн бичих талаар маш их судалгаа хийж, суралцсан. Өмнө нь тоглосон кино,  багшдаа тусалж байсан минь ч тодорхой практик туршлага болсон юм.

“LVA” энтертайнмент бол миний мөрөөдөл байсан 

-Та  “LVA” энтертайнментийг 2010 онд үүсгэн байгуулсан юм билээ. Энтертайнмэнтаа үүсгэн байгуулсныхаа  өөрийн найруулсан кино дэлгэцийн  уран бүтээлүүдийг хийж эхэлсэн үү. 2010 оноос хойш ямар уран бүтээлүүд хийсэн бэ?

-2010 онд “LVA” энтертайнмэнтийг үүсгэн байгуулаад,  кино хийх мөрөөдлөө биелүүлсэн. Барууны кинонуудыг үзэхэд, “Columbia” “New line cinema” гэж  эхэлдэг дээ. Тэднийг үзэх болгондоо  үүн шиг кино энтертайнмэнт компани байгуулах юмсан гэж мөрөөддөг байсан. 2010 онд мөрөөдлөө биелүүлсэн. LVA  гэдэг нь  миний нэрний товчлол юм. Ингээд  мөрөөдлөөрөө хөтлөгдөн  кино, дэлгэцийн уран бүтээл  хийхийг зориглож өөрөө продюсерлаж ,  зохиолоо бичиж эхэлсэн.

“1990”, “Social man”  кинонууд LVA энтертайнмэнтийн 10 жилийн ойн дээр гарч байна. Манай энтертайнмэнтийн хийсэн анхны кино  2010 онд бүтээсэн “Амьдрал төсөл” . Энэ киноны зохиолыг нь өөрөө бичиж, гол дүрд нь тоглосон. Тэр үедээ өөрөө гол дүрд тоглож байгаа учраас мэргэжлийн найруулагчтай хамтран ажилласан.  Түүнээс хойш “Фэйсбүүк од”  “Мухар гудамж” кинонуудыг өөрөө бие даан  найруулсан.

-Найруулагч хүний хамгийн чухал ажил нь кинонд тоглох жүжигчдээ сонгох байдаг байх. Та кинондоо тоглуулах жүжигчдээ хэрхэн сонгодог вэ?

-Бусад найруулагчидтай адилхан л кино зохиолоо биччихээд, дүр болгонд ямар жүжигчин тогловол тохиромжтойг төсөөлөн хайдаг. Мэргэжлийн жүжигчдийг урин, зохиолоо уншуулж видео проб хийнэ. Тэндээс шигшигдсээр,  тохирох жүжигчин нь үлддэг. Миний гол зарчим  зохиолын дүрд тохирсон гадна төрхийг хайдаг. Жүжигчин хүний хамгийн чухал зүйл нь нүдний харц. Нүдний харц үнэн бол тухайн жүжигчний жүжиглэлт үзэгчдэд үнэн хүрдэг.  Нүдний харц нь дотоод сэтгэлээсээ  гүн, илэрхийлэмжтэй хүнийг сонгодог. Миний кинонуудын эмэгтэй жүжигчдийн хувьд ихэвчлэн шинэ, анхны уран бүтээл дээрээ ажиллаж  байгаа залуучууд байдаг.

-Шинэ кинонуудын трейлэр цацагдсан байгааг ажиглахад ихэнх хүмүүс олны танил жүжигчид тоглосон кинонуудыг их сонирхдог. Ер нь үзэгчид сайн уран бүтээлийг шинжихдээ тухайн кинонд тоглосон жүжигчдээр нь дүгнэх үү, эсвэл сайн найруулга, зохиомж, хийцийн хардаг уу?

-Ихэнх үзэгчид тухайн кинонд хэн тоглосон бэ гэдгийг заавал хардаг юм билээ. Өөрийнх нь шүтэн биширдэг жүжигчин тоглосон бол дурлаж  үздэг. Би ч энэ зарчмыг барьж ажилладаг. Аль болох олны танил сайн жүжигчнийг сонгохыг хичээдэг. Сүүлийн үед ажиглахад бүх л реклам, телевизийн шоунд ордог жүжигчдийн нэгэн хэвийн дүр төрх жүжиглэлтүүд их байх болсон. Тиймээс шинэ залуу жүжигчдийг кинондоо тоглуулбал их сонирхолтой байх болов уу гэдэг аргыг барьж ажиллаж байна. “Social man” киноны гол дүрд тоглосон охиныг хүмүүс хараад танихгүй, хөөрхөн охин байна гээд л өнгөрөх байх. Гол дүрийн охин маань надаас 22 насаар дүү, балетийн бүжигчин мэргэжилтэй.  Хүмүүс дараа нь энэ охин хэр жүжиглэдэг вэ гээд сонирхоод үзэхэд, кино нь өөрөө  маш сайн зохиол, тавилттай  байх ёстой. Энэ зарчмыг л  барьж ажилладаг.  Манай кинонуудыг үзвэл залуу жүжигчид 50 хувийг, олны танил жүжигчид 50 хувийг нь эзэлдэг. Энэ нийлэмж маш сайн зохицдог гэж боддог.

-Таныг зарим үзэгчид өөрийнхөө бичсэн кино зохиолыг өөрөө найруулаад, гол дүрд нь  тоглодог гэж шүүмжилдэг юм билээ. Та энэ шүүмжийг сонсож байв уу. Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Тийм үү. Хүмүүс ингэж шүүмжилдэг гэж үү. Би одоогоор өөрөө ийм шүүмж сонсоогүй байна. Тэгэхдээ хүмүүсийн ингэж шүүмжлэх нь зөв.

-Энэ бүгдийг нэгэн зэрэг амжуулахын тулд маш их ачаалалтай ажилладаг  байх даа?

-Тэгэлгүй яах вэ.  Ачаалал дэндүү их ирдэг. Зохиолоо бичиж, мөнгөө босгохоос эхэлнэ дээ. Киноны зураг авалт эхлхэд  өөрөө найруулна, тоглоно гээд л киногоо бүтээхийн тулд суух ч завгүй байдаг. Тэгэхдээ өнөөдрийн цаг үе, нийгэм сонин маш ойлгомжгүй болчхоод байна. Үүнийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, намайг “LVA” энтертайнмэнтаас бүтсэн киноноос өөр уран бүтээлд тоглож байсныг чи сайн мэдэхгүй байх. Би өөр найруулагчтай хамтран ажиллаж байсан тохиолдол тун цөөхөн. Учир нь киноны хамгийн чухал зүйл нь зохиол байдаг. Нуулгүй хэлэхэд, кинонд тоглоё гэж бодсон ч  надад таалагдаж, чин сэтгэлээсээ  энэ дүрийг амьлуулчих юмсан гэж бодогдох зохиолтой кинонууд ховор байдаг. Мөн өнөөдрийн нийгэмд багаар маш их ажилладаг болсон байна. Энд уран бүтээлчдийг хэлж байгаа юм шүү. Сүүлийн үед  шинэ продакшнууд  их байгуулагдаж байна. Эдгээр продакшнууд тухайн багт байгаа жүжигчиддээ зориулсан зохиол бичээж, тоглуулдаг болсон. Кино уран бүтээлчид гэлтгүй хошин урлагийн продакшнууд бүгд л адилхан. 10 жүжигчинд тааруулж бичсэн зохиолд тэр продакшныхан л ээлжлээд л тоглочихдог.

Амьд  уран бүтээл гаргахын тулд  бид өөрсдөө хичээх хэрэгтэй

Тэгэхээр энэ цаг үед уран бүтээлч хүн амьд байя гэвэл өөрөө л бүх зүйлийн хийх шаардлагатай тулгараад байна. Хэн надад зориулж  зохиол бичээд, хэзээ  ямар гоё дүрд тоглуулах бол гэж хүлээж суувал миний урлагийн  замнал дуусах байх. Зарим нэг ирсэн зохиолууд нь таалагддаггүй юм.  Сэтгэлд нийцсэн сайхан зохиол, дүр хэзээ ирэхийг хүлээвэл би нэгэн хэвийн байдалтай явсаар урлагийн  карьергүй, ямар ч уран бүтээлгүй хоцорно  гэсэн үг. Тиймээс  амьд  уран бүтээл гаргахын тулд  бид өөрсдөө хичээх хэрэгтэй. Уран бүтээл гаргах бол миний ажил. Би зах дээр гараад наймаа хийж чадахгүй шүү дээ. Тиймээс л би өөрөө зохиолоо бичиж, киногоо найруулж,  жүжиглэж бас ажлын хэсгийг удирдан зохион байгуулж байна. Ганцаараа бүх хариуцлагыг үүрэх нь заримдаа алдаа дутагдалтай байдаг байх. Өөр өнцгөөс харж чадаагүйгээс болж зарим зүйлсийг орхигдуулдаг байж магадгүй. Тэгэхдээ аль болох кино багийнхантайгаа хамтран ажиллаж, шүүмжүүдийг зөвөөр хүлээн авч алдаа, дутагдлаа цаг алдалгүй засдаг.  Зарим хүмүүс үүнийг мэдэхгүй учраас буруугаар ойлгодог байж болох юм.

-Та  2010 оноос хойш зургаан кино бүтээсэн байна. Эдгээр кинонуудын зохиолын бүгдийг нь өөрөө бичсэн үү?

-Үгүй ээ. Бүгдийн өөрөө бичээгүй шүү. Би “Амьдрал төсөл”, “Фэйсбүүк од”, “1990”, “Social man” кинонуудын зохиолыг бичсэн.

-Тэгвэл кино зохиол бичих санаа сэдлийг хаанаас хэрхэн олж авдаг вэ. Таны амьдралын хэв маяг чинь нөлөөлдөг үү. Эсвэл таны төсөөлөн бодож төлөвлөдөг үү?

-Янз бүр байдаг. Эхлээд кино хийхээр төлөвлөдөг. Дараа нь сэдвээ бодож олно. Жишээлбэл, “1990” УСК бол 1990 оноос хойших монголчуудын амьдралыг харуулсан. Тэр үед нийгэм өөрчлөгдөж, хүмүүсийн амьдрал хэцүү байдалд шилжсэн. Хүмүүс картаар талх, талоноор мах авдаг байлаа.  Хоёр ширхэг талхыг 7 хоног хүргэдэг байсан. Би өөрөө тэр үеийг биеэрээ туулсан. Мөн барууны соёл нэвтэрч, тэр үеийн залуучууд барууны соёлтой танилцаж эхэлсэн үе. Энэ үеийн талаар кино хийхээр болсон нь би өөрөө  туулсан учраас өөрт болон бусдад тохиолдсон бодит зүйлст тулгуурлан зохиолоо бичсэн. Сэдэв хамгийн чухал. Харин “Social man” киноны хувьд Монголд одоо хамгийн чухал хэрэглээ нь сошиал болоод удаж байна. Хүн бүр ажил амьдралаа энэ хүрээнд  зохицуулж байгаа.  Сошиалд олон дагагчтай хүн хамгийн эрэлт хэрэгцээтэй байна.   Компаниуд тэднийг ашиглан  зар сурталчилгаагаа хийлгэдэг болсон. Ийм цаг үед амьдарч байгаа хүний хувьд энэ байдлыг харуулсан кино хийх санаа олоод, зохиолоо бичиж эхэлсэн. Хүмүүсийн амьдралд ойрхон кинонууд бүтээхийг боддог. Өдийг хүртэл амьдралаас их юм үзлээ. Кино зохиол бичих нь амьдрал үзсэн хүний хийдэг ажил гэж ярьдаг. Би үүнтэй санал нийлдэг.

-Тэгвэл “Social man” уран сайхны киногоор дамжуулж нийгэмд ямар санааг хүргэхийг зорьсон бэ?

-Энэ киноны жанр нь инээдмийн романтик төрлийнх. Хөнгөхөн, гэгээлэг кино байгаа. Хүмүүсийг хөгжөөнө. Харин цаад санааг нь  ухаж ойлгох, гүн бодолд автах шаардлагагүй. Гол санаа нь хүмүүст цахим орчны зөв хэрэглээг уриалсан. Сошиалыг хувийн ертөнц гэдэг ч зохистой хэрэглээ зайлшгүй байх хэрэгтэй. Олон дагагчтай хүмүүс бусдад зөв үлгэр дуурайлал өгдөг байгаасай гэсэн утгатай кино юм.

Үзэгчид уран бүтээлч сэтгэлгээгээр бүтсэн киног олж үзэх хэрэгтэй

-Таны хувьд уран сайхан гэж юуг хэлэх вэ?

-Уран сайхан гэдэг бол маш өргөн ойлголт. Уран сайхны аргаар үзүүлнэ гэж ярьдаг даа. Бид ямар нэгэн зүйлийг бодитой байгаасаа гэж ярьдаг. Энэ нь ядруухан хүний дүр байлаа гэж бодоход, түүнийг уран бүтээлдээ бодитоор тусгана гээд бусдын жигшил, дургүйцлийг хүргэхээр дүрсэлж болохгүй. Уран бүтээл учраас бид засах ёстой. Энэ ажлыг зураачид, гэрэл, өнгө будаг, гэрэл бий болгодог. Бүх дүрийг уран сайхны аргаар урладаг. Нүүр будалт, хувцаслалт, өнгө будаг гээд л. Энэ л уран бүтээлч хүмүүсийн гол ажиллагаа шүү дээ.

-Сүүлийн үеийн монгол кинонуудад таны хэлээд байгаа уран сайхан гэдэг зүйл дутагдаад байх шиг санагддаг. Та сая зарим зүйлсийг үнэн бодитоор нь дүрслэх хэцүү гэж хэллээ. Тэгвэл энд найруулагч хүний чадвар харагдах байх. Та найруулагч жүжигчин хүний хувьд монгол киноны түвшин хаана явж байна гэж хардаг вэ. Сүүлийн үед хүн бүхэн кино хийдэг болсон гэх шүүмжлэлүүд их байх болсон?

-Хэн нэгэн кино урлагийг ийм байх ёстой гэж хэлж, дүгнэх нь өрөөсгөл ойлголт юм. Хүн бүр өөрсдийн өнцгөөс, өөрсдийн тавилтаар кино хийж байгаа. Гэхдээ дэлгэцийн уран бүтээл хийж  байгаа зарим хүмүүсийн сэтгэл, ажиллагаа дутсан мэт санагддаг.  Түүнээс биш энэ хүмүүс кино хийж байгаа нь буруу зүйл биш. Би уран бүтээлч хүний хувьд  бусдынхаа зовлонг маш сайн ойлгодог учраас тэднийг шүүмжилмээргүй байна. Зарим уран бүтээлчид туршлага, мэдрэмж дутуугаас болж үзэгчдийн яриад байдаг муу кино бүтдэг байх. Бас сэтгэлийн хөөрлөөр хийсэн кинонуудад  хүний сэтгэлийг хөдөлгөх, татах  чанар байдаггүй байх.  Зарим нь хурдан хугацаанд их мөнгө олох зорилготой кино хийдэг. Иймэрхүү уран бүтээлүүд ойр ойрхон их гарч байгаа нь  үзэгчдээс маш их шүүмжлэл хүлээж, орчин үеийн монгол кинонууд онцгүй гэж яригдахад хүрдэг байх. Шударгаар хэлэхэд, киног хэрхэн бүтээхийг ойлгоод, шинэ уран бүтээлүүд  гаргасан ч хүмүүс  үзэхгүй байна. Бүх зүйлд уран бүтээлч сэтгэлгээгээр ханддаг хүмүүсийн кинонуудыг олоод үзвэл сайн уран бүтээлүүд маш их гарч байгаа. Миний хийсэн бүх кино амжилттай байгаагүй бусдын л адил шатах үедээ шатаж,  яг л хөгжих зарчмаараа урагшилж байна. Хүн хийж бүтээх тусам урагшилж, туршлага суудаг шүү дээ.

-Та зургаан уран бүтээл гаргажээ. Хамгийн анхны уран бүтээлээ гаргах үед хүлээн авч байсан үзэгчдийн хандлага, шинэ уран бүтээлийг хэрхэн хүлээн авдаг байсан бэ. Харин одоо хэрхэн өөрчлөгдөж байх шиг байна?

-Үзэгчдийг ёстой таашгүй юм билээ. Үнэхээр таашгүй. Би уран бүтээлээ байнга сайжруулахыг хичээдэг. Хүмүүсийг юу үзэж сонирхож байна. Ямар зүйлд дурлаж байгааг сонирхвол тэд  хамгийн сайн киног үзээгүй л  байдаг. Би үзээд ямар гоё юм бэ гэж дуу алдаж байхад бусад хүмүүс тэр киног үзээгүй байх жишээтэй. Миний олон найзуудад энэ явдал тохиолдож байсан. Маш сайн уран бүтээл гаргасан боловч хүмүүс үздэггүй. Харин  жинхэнэ уран бүтээл биш энгийн найруулга,  зохиомжтой кинонууд  үзэлтээрээ рекорд эвдчихсэн байдаг. Үүний шалтгааныг тааварлахад маш хэцүү. Уран бүтээлч хүн судалгаа байнга  хийдэг.  Үүнд ард түмний боловсрол, чадварыг л шүүмжилмээр байна.

Үзэгчдийн ихэнх нь хөнгөн, маазарсан, утгагүй, уран бүтээл гэж хэлэхэд хэцүү зүйлүүдийг маш их үздэг. Манайхан хөгжихгүй байна. Дандаа л хошин шогийн үзүүлбэрүүдээр тархийг нь  их угааж байна. Соёлжих, боловсрох хөгжил маш удаан яваад байх шиг.  Монголчууд ном уншихаа больсон. Ихэнх цагаа  сошиал орчинд өнгөрүүлж байна. Тэр тусмаа хүмүүсийн хэрэгтэй, хэрэггүй доромжлол, хэн нэгнийг гутаасан төлбөртэй бичлэгийг үзэж,  сэтгэл ханадаг болсон.  Иргэд өөрсдөө хөгжих бодолгүй байна. Төр засаг  нь ч хөгжүүлэхийг бодохгүй юм даа. Чанартай сайн уран бүтээлүүд маш их гарч байхад тэндээс сонголтоо хийгээд  үзчихдэг  байх хэрэгтэй.  Би урлагын хүмүүсийг нийгмийн түрүүнд алхах ёстой гэж боддог. Хийж байгаа бүх үйлдлээрээ нийгмийг соён гэгээрүүлэх ёстой. Миний  эцэг, эх багш нар  ингэж сургасан. Би бусадтай адилхан хялбар аргаар хурдан мөнгө олохийн тулд бусад шиг сонин санаанууд бодож олж чадахгүй. Зарим хүмүүс  “Манай киног 10 найзтайгаа үзвэл КFC-д хоол идэх хөнгөлөлтийн бичиг өгнө” гэж хүртэл сурталчилдаг юм билээ.


Д.Лхагва: Би уран бүтээлч хүний хувьд “амьд” баймаар байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: ปั้มไลค์ Огноо: 3 July 2020 Reply

Like!! I blog quite often and I genuinely thank you for your information. The article has truly peaked my interest.

A big thank you for your article.

These are actually great ideas in concerning blogging.

Нэр: เบอร์มงคล Огноо: 3 July 2020 Reply

I am regular visitor, how are you everybody? This article posted at this web site is in fact pleasant.

Нэр: SMS Огноо: 3 July 2020 Reply

Your site is very helpful. Many thanks for sharing!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.