Хавар намрын сэрүүн үед даарч хөрсний улмаас ханиадны гаралт элбэг болдог бөгөөд үүнтэй холбоотойгоор зарим хүмүүс витамин С хэрэглэх нь түгээмэл ажиглагддаг. Харин жирэмсэн хүн витамин С хэрэглэж болох уу? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирдэг.
Жирэмсэн үед витамин С ууж болох боловч их хэмжээгээр хэрэглэхээс татгалзаарай. Зарим судлаачдын дүгнэснээр жирэмсэн үед витамин С хэт ихээр хэрэглэх нь зулбах болон дутуу төрөх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байдаг. Мөн С витаминийг хэтрүүлэн хэрэглэвэл ходоодны үйл ажиллагааг хямраах болно.
Таны хамгийн зөв сонголт бол өдөр тутмынхаа хоол хүнсэнд витамин С агуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэдгээрийн шүүсийг хэрэглэх явдал юм. Хэрэв та жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан витамин хэрэглэж байгаа бол үүнд витамин С хангалттай хэмжээгээр агуулагддаг тул өөр нэмэлт витамин хэрэглэх шаардлагагүй.
Жирэмсэн эмэгтэй хүний витамин С -ийн хоногийн хэрэгцээ 85 мг байдаг бөгөөд хэрэглэж болох хамгийн дээд тун нь 2000 мг байдаг.