Дундаж зууны бүсгүйчүүдийн хэрэглэдэг байсан 6 ”алуурчин” гоо сайхны бүтээгдэхүүн

Эмэгтэй хүний туйлын хүслэн бол цаг үргэлж гоо сайхан харагдах гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй биз ээ. Гоо сайхны салбар хувьсан өөрчлөгдөж, орчин үед бүхий л зүйлээ ”засуулж”, үзэсгэлэнтэй болж болдог болсон. Тэгвэл гоо сайхны мэс заслын тухай сураг дуулдаа ч үгүй байсан эрт үед бүсгүйчүүд үзэсгэлэнтэй харагдахын тулд хэр их эрсдэл гаргадаг байсан бол?

Техник технологи хөгжөөгүй, шинжлэх ухаан бүрхэг харанхуй байсан эрт дээр үед цасан цагаан өөгүй арьс, тунгалаг нүд, батгагүй царайны төлөө өөрийн мэдэлгүй ”амиа зольсон” бүсгүйчүүдийн эмгэнэлт түүхээс хуваалцъя.

Белладонна

Италиар ”Үзэсгэлэнтэй бүсгүй” гэгдэх уг ургамал навчны үзүүрээсээ үндэс хүртлээ хортой. Эртний оточ нар белладонна ургамлын мэдээ алдуулах, мансууруулах чадварыг мэддэг байсан ч гоо сайханд яагаад хэрэглэхийг зөвлөдөг байсан нь тодорхойгүй юм. Ямар нэгэн тодорхой үйлчлэл байхгүй ч бүсгүйчүүд нүдээ ”гал цогтой”, гялалзсан харагдуулахын тулд белладонна ургамлын шүүсийг нүдэндээ дусааж хэрэглэдэг байжээ. Эхэндээ гялалзсан, гал цогтой харагдах ч нүд нь яваандаа бага багаар сохорч, хараагүй болдог байсан ажээ.

Арсеник

Мэрэгч амьтан устгах зорилгоор ашигладаг хүнцлийн хүчлийг 19-р зууны эм зүйч нар жаахан жин нэмэх хүсэлтэй бүсгүйчүүдэд бага тунгаар худалдаалдаг байжээ. Арьсны овгор товгорыг арилгаж, тураал эмчилнэ хэмээн хүнцлийн хүчлээ зардаг байжээ. Тухайн үед мах шөл нь таарсан бүсгүйчүүд үзэсгэлэнтэйд тооцогддог байсан тул төрөлхийн туранхай биеэ голсон эмэгтэйчүүд хүнцлийн хүчил ихээр хэрэглэдэг байв.

Уг хүчлийг уусан эмэгтэй жин нэмдэг ч энэ нь хүнцлийн хүчил бамбай булчирхайг өвчлүүлснээс үүдсэн хэвийн бус таргалалт ажээ.

Меркури

Маш олон эмэгтэйчүүдийн амийг авч одсон химийн элемент болох Меркуриг урьд цагт сэвх, батганы эсрэг тосон түрхлэг хийхэд ашигладаг байжээ. Гэсэн ч меркури нь мэдрэлийн системийг ноцтой гэмтээж, олон хүний амийг авч одсон тул 1970-аад оноос хойш арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд меркуриг ашиглахыг хориглосон байдаг.

Меркурид хордсон хүн эхлээд сэтгэл гутралд автана. Цаашлаад амьсгал давчдах, элэг, бөөр, ходоод гэдэсний өвчтэй болдог байжээ. Меркури хүний биед хуримтлагдаж, эзнээ аажим аажмаар үхэлд хүргэдэг байсан байна.

Хар тугалга

Дундаж зууны үеийн бүсгүйчүүд нүүрээ цасан цагаан харагдуулахын тулд хар тугалгын агууламжтай энгэсэг түрхдэг байжээ. 19-р зууныг хүртэл гоо сайхны ертөнцийг ноёлсон хар тугалгын агууламжтай энгэсэг түрхсэнээр цасан цагаан, шаазан шиг царайтай харагдах ч удаан хугацааны туршид хэрэглэвэл турж эцэн, орон зайн баримжаагүй болох, хоолны дуршил алдах зэрэг ноцтой зовуурууд илэрнэ. Энэ металлаас болж олон ч язгууртан эмэгтэйчүүд амиа алджээ.

Радиум бромид

1930 онд Францын гоо сайханчид нүүрний цусны эргэлтийг сайжруулж, нүх агшааж, батга арилгах, гуужуулах үйлчилгээтэй радиум агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэжээ. Үйлчлүүлэгчид нь эхнээсээ эрэмдэг болж, гоо сайхнаараа хохирохоос өмнө радиум хамгийн эрэлттэй гоо сайхны бүтээгдэхүүн байлаа.

Рентген туяа

Рентген туяаг эрүүл мэндийн зорилгоор орчин үед хэрэглэдэг. Харин эрт дээр үед эмэгтэйчүүд биеийнхээ илүүдэл үсийг рентген туяагаар шарж, арилгадаг байжээ. Эхэндээ илүүдэл үснүүд нь алга болж, огт ургахаа больсон ч аажмаар арьс нь үрчийж, наснаасаа эрт хөгшрөл явагдаж эхэлжээ. Үүнээс гадна рентген туяаг илүүдэл үсээ арилгах зорилгоор ашигласан бүсгүйчүүд хэдэн жилийн дараа арьсны хорт хавдраар өвчлөх болсон байна

ЗӨВ.МН


Дундаж зууны бүсгүйчүүдийн хэрэглэдэг байсан 6 ”алуурчин” гоо сайхны бүтээгдэхүүн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.