Гэр бүл бол компани биш

3c2766b836cc4f70dbe7d5b3aacaca57

Залуу бүсгүйчүүд найз залуугаа танилцуулахдаа тэнд ажилладаг, тийм машинтай, зайсанд байртай гэж эхлэхийг сүүлийн үед олонтаа сонсох болсон. Нөхрийнхөө хувь хүний мөн чанар, сайхан чанаруудад нь татагдах бус хөрөнгө мөнгөнд нь татагдсан юм шиг сонсогдохгүй байна гэж үү?

Зарим хүмүүс гэрлэлтийг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг компанийн тэргүүн хатагтай болж байгаа мэтээр харах хандлага сүүлийн үед ажиглагдах болсон нь харамсалтай. Тийм учраас л энэ удаа нөхрийнхөө олж байгаа мөнгөнд сэтгэл дундуур байдаг эмэгтэйчүүдтэйгээ зөвлөлдөхөөр шийдлээ.

Миний бодлоор гэр бүл болно гэдэг нь зөвхөн хайр сэтгэлээрээ нэгдэж, энэ насны амьдралаа хамтдаа туулахаар шийдсэн НЭГ БАГ болох үйл явц юм. Тэгэхээр бидний байнга ажил дээрээ сонсдог “багийн ажиллагаа” шууд л хэрэг болохоор байгаа биз дээ?

Харин мөнгө бол орох үедээ орж, гарах үедээ гарч л байдаг зүйл юм. Тиймээс мөнгийг тийм ч том зүйл /аз жаргалын түлхүүр/ мэтээр огт бодох хэрэггүй. Аливаа зүйлд хэт ач холбогдол өгөх тусам эргээд чамайг илүү ихээр сэтгэлээр унагаж, зовооно. Хэрвээ чамд гэр бүлийн санхүү чинь нэг л хүрэлцэхгүй байгаад байвал зөвхөн нөхрөө буруутгах биш өөртөө дүгнэлт хийж, өөрийн зүгээс хэрхэн хувь нэмэр оруулж болохоо бодоод үз. Учир нь чи ч бас багийн нэг гишүүн шүү дээ. Чиний хувь нэмэр багт чинь хэрэгтэй байна.

Хэрвээ чи дээрхтэй санал нийлж байвал үргэлжлүүлэн уншаарай.

Эхлээд санхүүгийн хариуцлагын хувьд сэтгэлд чинь хүрэхгүй байгаа нөхрөө
- залхуу учраас хангалттай хичээхгүй, орлого нь бага байна уу;
- мэдлэг чадвар нь дутагдсаны улмаас өдөр шөнөгүй махран зүтгэсэн ч цалин нь амьдралд хүрэлцэхгүй байна уу гэдгийг бодолцоорой. Энэ хоёрын аль нь ч бай доорх аргуудыг хэрэглээд үзээрэй:

1. Тухайн нөхцөл байдлын тухай юу бодож байгаагаа уурлаж бухимдан түүнийг БУРУУТГАЛГҮЙГЭЭР илэрхийлэх;
2. Энэ нөхцөл байдлыг хэрхэн даван туулж, санхүүгээ дээшлүүлэх тухай хамтдаа зөвлөлдөх. “Амьдрах төсөл” кинон дээр эхнэр нөхөр хоёр хамтдаа ярилцаж, сарын орлого зарлагаа тооцдогийг санаж байгаа биз дээ?
3. Багахан хичээл зүтгэлийг нь ч гэсэн урмын үгээр урамшуулан магтах;
4. Мэргэжил дээшлүүлэх эсвэл нарийн мэргэжлийн ур чадвар эзэмших сургалт дамжаанд явуулах эсвэл хамтдаа явах;
5. Хамгийн гол нь өөртөө итгэх итгэлийг нь дэмжин дээшлүүлэх хэрэгтэй. Нөхөр чинь чинийхээр залхуу хойрог, сүйхээгүй, сэргэлэн биш, чадваргүй байж болно оо. Гэхдээ л та хоёр аль хэдийнэ нэг баг болчихсон шүү дээ. Харин багийн гишүүд хэзээ нэг нэгнээ орхиж байлаа? Аль болох бие биенээ тусалж дэмжин хамтдаа урагшилдаг биш гэж үү?

Харин доорх зүйлсийг хийхээс зайлсхийгээрэй:
- Өөрт нь хэлэхгүй дотроо дургүйлхэж дуугаа хурааж, салах тухай бодож эхлэх;
- Бусдын нөхөртэй харьцуулж, уурлах, үглэх;
- Угаасаа чадахгүй хэмээн үл тоож өөрөө ганцаараа бүхнийг шийдэх гэх мэт.

Яагаад гээч!
Багийн нэг гишүүн л зорилгынхоо төлөө байхаа больж, амин хувиа хичээгээд ирэхээр баг тэр чигтээ ганхаж эхэлдэг. Хоёрхон гишүүнтэй бол бүр ч тогтож чадахгүй болно. Тийм болохоор “нураах” талаар яаран бодох хэрэггүй. Бусад “багийн ахлагчид” – тай харьцуулж түүнийгээ гомдоох ч бас муухай.

Гэрлэх бол амархан, харин гэрлэлтийг авч үлдэх л хамгийн хэцүү, бүсгүй минь. Иймээс эхнээсээ амьдралын ханиа чиний хүндлэлийг бүх талаар хүлээсэн, хэзээд амьдралаа аваад явах чадвартай эр хүн сонгохыг хичээгээрэй. Магадгүй чи өөрийгөө тэгэж чадаагүй гэж бодож байсан ч нөхрийнхөө сайн чанарыг нь зүлгэж, эвлэг зөөлөн аргаар сэнхрүүлэн түших хэрэгтэй. Эр хүн гэдэг гундаж, сэргэхдээ амархан улс. Гэр бүлийн хариуцлагыг нөхөр ганцаараа үүрэх ёстой биш болохоор чамайг өөрөөсөө шалтгаалах хэд хэдэн алхмыг ямар ч байсан хийгээсэй гэж хүсч байна. Та хоёрын амьдрал уруудах эсвэл өгсөх түлхүүр нь чиний гарт байгаа гэдгийг сана.

Эцэст нь гэр бүлийн харилцаанд эр хүн зөвхөн ашгийн талбар бус, та хоёрын босгож буй, тусгаар тогтносон улсын ерөнхийлөгч, харин та бол ерөнхийлөгчийн зөвлөх, тэргүүн хатагтай бас итгэлт хамтрагч нь. Өөрийнхөө вант улсад чиний оруулах хувь нэмэр зөвхөн мөнгөөр хэмжигдэх бус сэтгэл санааны тууштай дэмжлэг байх юм шүү.

Харин одоо чамд гэрлэлт бол ашгийн төлөөх компани биш бөгөөд хамтдаа зүтгэх багийн бүрдүүлэлт юм байна гэж бодогдож байна уу?


Гэр бүл бол компани биш
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.