Бие даан бизнес эрхлэхийн өмнө…

652ebff1aa841f7e0bcb768c11af4c17

Хэрвээ чи хувийн бизнестэй болох хүн мөн л бол энэ нийтлэлийг заавал уншаарай.

Бизнес эрхлэгч болсон цагаасаа эхлэн чи нэг л зүйлийг сайтар ойлгох болно. Энэ бол өглөө очиж хийгээд тогтсон цагт тарж болдог ажил бус чиний амьдралыг тодорхойлох гол хүчин зүйл юм гэдгийг. Өөрөөр хэлбэл чи бие даан эрхэлж буй ажлаараа хоногийн 24 цаг амьсгалж, бодож, амьдарч эхлэнэ гэсэн үг. За тэгэхээр эхлэх үү? Чиний бодож байгаа ойлголтуудын аль нь худал, аль нь үнэн гэдгийг тогтоох ажлаа?

Төсөөлөл 1: Бие даан бизнес эрхэлснээр өдөр болгон оффис руу явдаг, ажлын тогтсон цагтай хуваариас чөлөөлөгдөж дуртай үедээ хүссэн бүхнээ хийдэг болно.

Бодит байдал: Тогтсон цагтай оффисын ажлын нэг давуу тал нь тэнд хэдэн цаг ажиллах, юу хийх нь тов тодорхой байдаг. Харин бие даан бизнес эрхлэх бол чамд ажлын 8 цаг хаанаа ч хүрэлцэхгүй. Хөлөө ачин сонин уншиж суухын оронд бизнес уулзалт руу явж, өдрийн хоолоо идэхийн оронд нэг ч гэсэн илүү үйлчлүүлэгч рүү залгахаар утас шүүрэн авна. Бүр сүүлдээ хүссэн үедээ гадаа сууж зайрмаг идэн нарлах тухай бодол ч орж ирэхээ байж мэднэ. Яагаад гэвэл шинэ санаа гаргах, удирдах, гүйцэтгэх гээд бүх зүйл чиний толгой дээр шүү дээ!

Төсөөлөл 2: Бие даан бизнес эрхэлснээр гэр бүлийнхэндээ илүү цаг зарцуулж чадна.

Бодит байдал: Бие даан бизнес эрхэлснээр гэр бүлийнхэнтэйгээ хамт байх хугацаа нь ихсэнэ. Гэвч энэ нь сул чөлөөтэй цаг олширсноос бус бизнестээ тэднийг оролцуулснаас үүдэлтэй.

Төсөөлөл 3: Бие даан бизнес эрхэлснээр ганцаараа байж сэтгэл санаа илүү амар амгалан болно. Оффисын ажил дэндүү стресстэй юм аа!

Бодит байдал: Харин ч бие даан бизнес эрхэлснээр чи үйлчлүүлэгчидтэйгээ, харилцагчидтайгаа гээд бүгдэнтэй нь өөрөө тулж ажиллах хэрэгтэй болно. Урьд нь эднээс нэг л талтай нь харилцдаг байсан бол одоо бүх талынхантай зөвшилцөж, бизнесээ амжилттай авч явах хариуцлага оноогдоно гэсэн үг.

Төсөөлөл 4: Би өөрөө өөрийнхөө босс!

Бодит байдал: Зөв л дөө. Гэхдээ нөгөө талаар бизнесээ амжилттай явуулахын тулд нэгэн зэрэг хэвлэн нийтлэгч, IT инженер, хэвлэл мэдээлэл болон маркетинг хариуцсан мэргэжилтэн, нярав, нягтлан, санхүүч, шинжээч, бүр барилгачин хүртэл болно гэдгийг мартаж болохгүй.

Төсөөлөл 5: Бие даан бизнес эрхлэхэд санхүүгийн эрсдэл мэдээж тулгарна. Гэхдээ зорилгоо мэдэж байгаа цагт бүх зүйл амжилттай болно.

Бодит байдал: Санхүүгийн эрсдлийн тухай хангалттай мэдэж байгаа гэж бодож байгаа чинь ч худал. Бие даан бизнесээ эхлүүлэх үед бодит байдал дээр төсөөлж байснаас ч илүү зардалтай тулгардаг. Яагаад гэвэл чи бүхнийг төгс хийхийг хүсч байгаа, гэтэл төгст дөхсөн зүйл тийм ч амар хялбар, хямд олддоггүй шүү дээ. Ялангуяа эхлүүлсэн хойно урсгал зардал, тооцоолоогүй гэнэтийн зарлага чамаас найдвартай ар талтай байхыг заавал шаардана. Үйлчлүүлэгчийг чи сонгож болох ч тэдний хариу үйлдлийг тооцоолох аргагүй учир бизнесээ эхлүүлээд олон сар болсон ч амжилт олохгүй байсаар оффисын ажил руугаа буцдаг олон тохиолдол бий учраас л ингэж хэлж байгаа юм. Үнэн гэвэл зорилгоо мэдэж байгаа цагт чи илүү хүчтэй байна. Гэхдээ амжилттай болгохын тулд сайн менежмент, маркетингийн хэрэгцээгээс гадна чиний урам зоригийг хангалттай дэмжихээр хөрөнгө байх гарцаагүй шаардлагатай.

Гэхдээ юу гээч? Биеэ даан бизнес эрхэлвэл:
1. Дурладаг зүйлээ хийгээд түүгээрээ мөнгө олно.
2. Өөрийнхөө сайн сайхны төлөө ажиллана.
3. Мөрөөдлөө биелэхийг үзнэ.
4. Туршлага судалж, хуримтлуулахын тулд хаашаа ч аялсан ч болно.
5. Өөрийгөө хөгжүүлнэ.
6. Хөгшин болсон хойноо юунд ч харамсахгүй.
7. Ажлын хуваариа өөрт тохиромжтойгоор зохион байгуулж болно.
8. Ажиллах нөхцлөө ч гэсэн.
9. Бүх хяналт чиний гарт байна.
10. Удирдах, манлайлах чадвараа дээшлүүлнэ.
11. Энэ дэлхийн хаана ч амьдарч болно.
12. Чи үргэлж бусдыг гайхшруулдаг болно.
13. Хорвоод өөрийнхөө чаддаг зүйлээр тусалж чадна.
14. Чиний ирээдүй үргэлж таамаглашгүй байна.
15. Орлого чинь ч гэсэн.
16. Чиний амьдрал байнгын идэвхтэй болно.
17. Маш олон гайхалтай хүмүүстэй уулзаж, танилцана.
18. Танилын хүрээнээсээ гадна найзын хүрээгээ ч бас тэлнэ.
19. Өдөр бүрийг өөртөө бэлэглэж амьдрана.
20. Чиний сонирхол одоогийн даргынхаасаа ч өргөн цар хүрээтэй болно.
21. Бүр олон мөрөөдөлтэй болно.
22. Бас бүр олон бие даасан бизнестэй болно.
23. Үүгээрээ дэлхийд цоо шинэ бренд бүтээнэ.
24. Хүсвэл чи үүнийгээ хэзээ ч больж болно. Гэхдээ чи хэзээ ч болихгүй л дээ!

Бусдын мөрөөдлийг босголцохын тулд бус өөрийнхөө мөрөөдлийг бүтээхийн тулд зориглосонд нь баяр хүргэе! Бие даан бизнес эрхлэхийг чинь бид үргэлж дэмжинэ ээ.


Бие даан бизнес эрхлэхийн өмнө…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.