2019 онд алдарт Барби хүүхэлдэй 60 нас хүрсэн. 1959 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан олон улсын тоглоомын үзэсгэлэнд Барби хүүхэлдэйг анх танилцуулсан нь түүний “төрсөн өдөр”-т тооцогддог. Энэ хүүхэлдэйг Mattel фирмийн үүсгэн байгуулагч Эллиот Хэндлерийн эхнэр Рут Хэндлер бодож олсон юм. Холливудийн нэгэн компанид бичээч хийдэг байсан тэрбээр хүүхэлдэй шиг хөөрхөн жүжигчин бүсгүйтэй найзалдаг байсан аж. Нэг өдөр найзтайгаа адилхан хүүхэлдэй бүтээх санаа төрж, түүнийгээ нөхөртөө хэлээд туршиж үзэхээр шийджээ.
Түүний нөхөр Эллиот найзынх нь дүрээр хөөрхөн хүүхэлдэйн загвар бүтээж, хуванцраар цутгаад гоёмсог даашинзыг нь Рут өөрөө оёсон байна. Хэд хэдэн барби хийж, эмэгтэй жүжигчдийн дунд ивээн тэтгэгч хайлаа. Анхны бүтээл жүжигчдэд ихээхэн таалагдан тул өндөр үнээр худалдан авч, зээл олгохоор болжээ. Ингээд ганц жилийн дотор худалдан авагчид нь 8 сая ам.долларын барбиг охиддоо бэлэглэж амжив. Хосууд Mattel хэмээх компани байгуулж, бүх амьдралаа барбид зориулахаар эргэлт буцалтгүй шийдлээ. Зохиогчийн эрхээ найдвартай баталгаажуулж чадсанаар тэд өрсөлдөгчдөдөө боломж олгосонгүй. Тэд баяжихын хэрээр барбигаа боловсруулахад их мөнгө зарцуулж байлаа.
Зөвхөн барби хийгээд зогссонгүй түүнд зориулсан бүхий л төрлийн зүйлийг бий болгожээ. 1961 онд барби хүүхэлдэй найз залуутайгаа танилцаж, олон сайхан найзтай болов. Түүнийг гэр бүлтэй болгож, хүүхдээ хүртэл арчлах болсон аж. Энэ мэтчилэн барби хүүхэлдэйд зориулсан бүхэл бүтэн ертөнц бий болсон түүхтэй. Жаран жилийн турш Барби 200 гаруй удаа мэргэжлээ сольжээ. Энэ хугацаанд онгоцны үйлчлэгч, балетчин, тэнгисийн явган цэрэг, сурвалжлагч, мэс заслын эмч, аэробикийн дасгалжуулагч, сансрын нисгэгч, тэр бүү хэл улстөрч Барби мэндэлсэн байна.
Mattel компани Барби хүүхэлдэйн 60 жилийн ойд зориулан 60 ам.долларын үнэтэй хүүхэлдэй гаргасан бөгөөд уламжлалт үдшийн гоёл өмсгөжээ. Ийнхүү 60 жилийн турш хувьсан өөрчлөгдсөн ч дэлхийн хамгийн алдартай тоглоом хэвээрээ байгааг батлах нэгэн жишээ нь дэлхий дээр секунд тутамд гурван Барби зарагддаг бол долоо хоног бүр сая орчмыг зардаг гэсэн статистик байна.
http://eagle.mn/r/76806