Яах уу: Чиний авахыг хүссэн хувцсыг найз чинь шүүмжлээд байвал…

e81e9f8718f3c535a71313e20ed15f56

Чи найзтайгаа хамт дэлгүүр хэсэх дуртай. Тэр хэзээ ч бусдын найз шиг ижилхэн хувцас таалагдвал өөрөө авах гэж улайран дайрч хуншгүй зан гаргадаггүй бөгөөд үргэлж шудрага зөвлөгөө өгдөгт нь чи баярладаг. Гэтэл энэ удаа чамд үнэхээр таалагдсан тэр хувцсыг л найз чинь “Битгий ав аа. Нээрээ шүү!” гээд байгаа нь дэндүү сонин санагдана. Өөрийг чинь сайн мэддэг хүн хэлж байгаа болохоор үгэнд нь орохыг хүсэвч ингээд л орхиод явахаар харамсал төрөөд болохгүй нь. Яах уу?

Сөрөг шийдэл: Энэ тохиолдолд найзынхаа үгэнд шууд орох нь ч, эсэргүүцэх нь ч аль аль нь сөрөг шийдэл болно. Яагаад гэвэл хувцаслалт бол тэр чигтээ мэдрэмжийн асуудал шүү дээ. Чамд үнэхээр зохиж байсан ч найзад нь таалагддаггүй төрлийн хувцас байвал тэр “Үгүй” гэж хэлэх нь ойлгомжтой. Эсвэл нээрээ л “Түүний зөв” бөгөөд авсан хойноо чамайг харамсахыг, өмсөхгүйг мэдэж байгаа учраас ч тэр дургүйцэж байж болох юм. Тиймээс зөрүүдлэхээ, бас дагахаа азнаад, хэсэг бодсоныхоо дараа өөрөө шийдвэрээ гаргахыг л урьтал болгоорой.

Эерэг шийдэл: Яг одоо бол тухайн хувцас чамд маш их таалагдсан байгаа учир сэтгэл хөөрлөөрөө “хоосон” худалдан авалт хийх магадлалтайгаа ухамсарлах хэрэгтэй. Тиймээс худалдагчид “Нэг хоног бодоод маргааш хүрээд ирье, та бүү зараарай” гэж эвтэйхэн захиад явна. Хэрэв гэртээ харьсан хойно ч толгойноос нь салахгүй бодогдоод байвал бүрэн шийдээд маргааш нь очиж аваарай. Энэ тохиолдолд найз чинь хэчнээн хориглож байсан ч сэтгэл хангалуунаар “Би үүнийг өмсөнө өө. Санаа зоволтгүй, би мэдэж байна” гэж хэлэх бүрэн эрх чамд байгаа.Харин хариад бодсоны дараа “Дэмий юм авахаа шахсан байна” гэж бодогдвол найз руугаа утасдаад баярлалаа гэж хэлээрэй.

Яагаад ингэх ёстой гэж?
1. Эмэгтэйчүүд бид бүхнийг сэтгэл хөдлөлөөрөө шийдэх дуртай. Ялангуяа худалдан авалтыг. Неон улбар шар өнгөтэй ретузыг өнгөрсөн жил гоё гэж аваад нэг удаа ч өмсөөгүй гашуун туршлага надад бий. Тиймээс л шохоорхол чинь бүрмөсөн дарагдаад, логиктойгоор, илүү амьдралтайгаар бодож эхэлснийхээ дараа авахыг зөвлөж буй нь энэ юм. Хэрэггүй зүйлд мөнгө зарцуулах шиг дэмий зүйл хаана байна?

2. Нөгөө талаас зөвхөн найзынхаа үгээр, авахаа бүрмөсөн больчихвол дараа нь ижил загвартай хувцас харагдах болгонд “Уг нь тэрийгээ авчихсан бол одоо тэр гутлан дээрээ өмсөх байсан юм” гэж бодогдоод салахгүй ч байж мэднэ. Ганцхан чамд захиалсан юм шиг гайхалтай зохих хувцас дэлгүүрийн лангуунаас тэр бүр олдохгүй шүү дээ. Тиймээс нэг хоног бодож өөрийгөө чагнах нь л маргааныг сэтгэл хангалуунаар шийдвэрлэх баттай арга.


Яах уу: Чиний авахыг хүссэн хувцсыг найз чинь шүүмжлээд байвал…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.